ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Пүрэвсүрэн: ЖДҮХС-гаас зээл авахаар хөөцөлдсөн ч бүтээгүй

Ц.ЭНХТҮВШИН
2019-06-09

Энэ удаагийн “Хөлсний амт” буландаа “Алтан уран” оёдлын салоны оёдолчин Балдандоржийн Пүрэвсүрэнг урьж,  ярилцлаа.

-Сүүлийн үед манай монгол оёдолчдын хийж буй дээлний өртөг арай л  өсөөд байна уу даа гэсэн этгээд ч юм шиг хатуухан асуултаар яриагаа эхэлье?

-Биднээс хамаарах болоод үл хамаарах зүйл олон бий шүү дээ. Жишээ нь, материалын үнэ багагүй өсч байгаа.  Баяр ёслол тааруулаад бас үнэ өснө. Түүнээс гадна,  монгол дээлийн хэрэглээний улирал гэж ч байна.  Тэр үеүдэд буюу улирал нь болохоор үнэ нь тодорхой хэмжээнд өсдөг. 

-Заавал тэр үеэр гэхгүйгээр наана нь материалаа аваад нөөцөлчихөөд,  хэрэглэгчиддээ арай хямд үнээр дээл гаргаад өгч болохгүй юу?

-Матеиалын нөөц их хэцүү. Үйлч­лүү­лэг­чид тэр өнгө таа­лаг­дах­гүй ч байж болно шүү дээ. Хэн яг ямар өн­гөөр ямархан бүтээл захиалахыг таах аргагүй. Тренд гэж нэг юм байна.

-Сүүлийн үед манайхан үндэсний дээлээ хийлгэж, хийж өмсөх нь ихэссэн санагдаад байгаа. Таны ажигласнаар?

-Монголчууд дээл их хийлгэж өмсдөг болсон. Оёдолчид ч нэмэгдсэн. Өдөр тутмын хэрэглээ болоод байна. Зөвхөн баяр ёслолоор өмсдөг байснаа больсон доо.

-Яг одоогоор монгол дээлийг  ямар өртгөөр хийж байгаа вэ?

-Материалын асуудал жичдээ. Зөвхөн оёдлын хөлс гэхэд л янз бүр байна.  Хийж буй газар, салоны болоод оёдолчны нэр хүнд, дээлний хийц, ажиллагаа ихтэй  гэх мэт. Салонууд голдуу захиалгаар, чанартай, хийц сайтай дээл урладаг учраас харьцангуй үнэтэй.  Амьдралын ялгаанаас болж бүтээгдэхүүний борлуулалт хүртэл их өөр өөр байна шүү дээ. Хачин сайхан торго, даавуугаар маш сайн оёсон монгол цамцыг 100 мянган төгрөгөөр л зарахаас аргагүй үе байхад энгийн иргэдэд үнэтэй санагдана. Авахгүй,  ёстой “уучлаарай” шүү дээ. Гэтэл боломжтой хүмүүс 350 мянга байсан чиг л таалагдсан бол аваад л явах жишээний. Манай салоны хувьд энгийн дээлийг оёх зөвхөн оёдлын хөлс нь л гэхэд 150 мянган төгрөг байдаг. Тэгээд загварын гээд нарийн ширийн олон давхар оёдол, хошмог гэх мэттэй болоод ирэхээрээ 250 мянга болон түүнээс дээш үнэтэй. 

-Загварын чиг хандлага гэж бий байх. Сүүлийн үеийн бүсгүйчүүд ямар дээлийг их хийлгэж байна вэ?

-Бүсгүйчүүд нэгнээ их дуурайдаг байсан. Сүүлийн үед бас бусдаас арай өөрөөр өөрийнхөө бие галбирт тохирсон байдлаар хийлгэх гэж их захиалдаг болоод байгаа. Зарим нэгнээс нь энийг авна тэрийг нь авна гэх мэтээр зураг харуулаад хэлж ирдэг юм.

-Оёдолчин бүсгүйн цалин хөлс амьдрал ахуйд нь хүрч байна уу. Зээл тавихгүйгээр жижиг бизнес эрхлэх боломж хэр байдаг юм бол?

-Амьдралаа болгох л гэж зүтгэж явна даа. Цалин мөнгөө сар сардаа, цаг  тухайдаа аваад байж чаддаг. Одоогоор 500-600 мянган төгрөг авдаг. Цалингийн зээл, банкны зээлтэй. Түүнийг хашаа байшин авахдаа зориулсан.  Зээл тавихгүйгээр жижиг үйлдвэр эрхлэх боломж бол бий юу гэвэл  бий. Ядаж л гэртээ хийгээд байж болдог. Гэхдээ ажлын байртай байх нь өгөө­жийн хувьд хамаагүй дээр шүү дээ.

-Энэ жил ямар өнгө голлож байна вэ?

-2019 онд тод өнгө зонхилж байна. Бас нэгээс нөгөө рүү уусгасан өнгө л голлож байх шиг байна. Загварын хувьд Монголоо алдахгүй, Европын бас хувцасны зарим нэгэн элмент оруулаад хийж байна. Бас нэг жаахан өвөрмөц загварыг  их сонирхож байх шиг байна.

-Танай салон хөл ихтэй юм. Олны танил эрхмүүд хэр үйлчлүүлж байна вэ?

-Үйлчлүүлэгч цөөнгүй шүү. Манай үйлчлүүлэгчид голдуу залуувтар хүмүүс байдаг. Тэд маань найз нөхөддөө зааж өгөөд,  тэр хүмүүс нь  ирнэ.  Өөрсдөө дахин дахин ирж үйлчлүүлэх гэх мэтээр олны хөл тасрахгүй, ажил дундрахгүй л байна. Олны танил хүмүүс манайхаар их ирдэг юм. Харин хувь хүний сонголтыг хүндэтгэх үүднээс тэдний нэрийг нэг их хэлээд тусгүй санагдана.

-Танай салон ЖДҮДС-аас зээл авсан уу. Энэ талаар мэдэж буй зүйл хэр байна вэ?

-ЖДҮДС-аас зээл авах гэж манай захирал нэлээд хөөцөлдсөн боловч бүтээгүй. Хэрэв бүтчихсэн бол бид эхний ээлжинд ажлын байрны түрээсийн дарамтаас ангижирч,  өөрийн гэсэн байртай болъё. Хэд хэдэн ажлын багаж, тоног төхөөрөмж авна гэж ярилцаж байсан юм.  Сайн тоног төхөөрөмж, тав тухтай орчин бол оёдолчин хүний гол зүйл юм даа.

-Нэлээд их ажилтай харагдаж байна. Хэр олон хүний хүчээр нугалж байна даа, энэ их ажлыг?

-Манайх чинь маркетенгийн менежер, дизайнер,  оёдолчин, эсгүүрчин гээд  дөрвөн хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зүгээр суух хүн алга доо. Хамаг л юмаа өөрсдөө хийдэг. Манай маркетенгийн менежер Л.Даваасүрэн эгч гэхэд л эсгүүрээ, борлуулалтаа, цэвэрлэгээгээ хийнэ.  Материалдаа явна, үйлчлүүлэгчээ олно, санхүүгээ барина гээд эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байна даа.

-Салон, хувцас захиалгын газар гээд л өөр өөр статустай байх. Салон ажиллулахад гарах хүндрэл юу байдаг вэ?

-Салон ажиллуулж эхлэхэд хамгийн гол анхаарах зүйл нь оёдолчин, эсгүүрчний ур чадвар юм даа. Материал түүхий эд маш сайн чанартай, үзэмжтэй байх нь гол чухал. Тоног төхөөрөмж бол асуудал биш шүү дээ. Салоны онцлог гэдэг  захиалсан хүндээ л тохирно. Салонд нарийн мэргэжлийн оёдолчид, дизайнер гэх мэт жинхэнэ мэргэшсэн хүмүүс ажиллах ёстой шүү дээ. Жишээ нь,  манай  салоны дизайнер анх  хүннү дээлийн энгэр, ханцуй, бэлхүүс зэргийг ширж хийж, түүгээрээ эрхээ авсан уран гартай Алтангэрэлийн Урантуяа бүсгүй байдаг. “Урлах Эрдэм” дээд сургуулийг төгссөн. Нэг үе монголчууд чинь хүннү дээл гээд л хошуурч байсан. Одоо  эргээд энгийн монгол дээлээ өмсч байна. 

-Хүүхдийн дээл хэр хийж байна?

-Янз бүр дээ. Гэхдээ   5-7 настай хүүхдийн дээл гэхэд л 100-150 мянгад л гардаг даа. Хүүхдийн дээлэнд орж буй материал нь арай бага юм шиг боловч хийж буй хийц, ажиллагаа нь яг л адил шүү дээ.