ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Казахстанд 30 жилийн дараа дахин “Назарбаев” сонгогдлоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-10

Казахстаны Ерөнхийлөгчийн сонгууль 2020 онд болох ёстой байсан ч, тус улсыг 30 жил удирдсан Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа бууж, Касым Жамарт Токаевыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Ерөнхийлөгчийн албанаас бууж буй шалтгаанаа тэрбээр улс орны тогтвортой байдлыг хангахын тулд хэмээн тайлбарласан байдаг. 

Тэрбээр 1991 онд ЗХУ-ыг задарснаас хойш л Казахстаныг удирдсан бөгөөд шинэ хүнд халаагаа өгөх шийдвэр гаргасан нь энэ. Харин Касым Жамарт Токаев үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараахан Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаа мэдэгдсэн. Назарбаевын хувьд улсын Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч Нур-Отан намын дарга хэвээр байгаа юм. Улмаар үүрэг гүйцэтгэгч Токаев намын дарга Назарбаевтай зөвлөлдсөний эцэст сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэр гаргаж, эрх баригч намаас өөрөө нэр дэвшсэн. Казахстаны сонгуулийн дүн тэр үед л тодорхой байсан гэдгийг олон улсын агентлагууд мэдээлж байгаа юм. Учир нь Касым Жамарт Токаев бол Назарбаевын ойрын хүн. 

Ямар сайндаа л тэр­бээр Ерөн­хийлөгчийн үүрэг гүй­цэт­гэгчээр томилогд­соны­хоо дараахан  Назарбаевт  “Улсын баатар” цол олгосны зэрэгцээ нийслэл Астана хотыг “Нурсултан” гэж нэрлэх шийдвэр гаргаж байсан гэдэг. Тэр бол бүх талаар өмнөх Ерөнхийлөгчийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ аль эрт тунхагласан нэгэн тул хэдий сонгууль нэртэй боловч, энэ удаагийн сонгуульд дахин “Назарбаев” сонгогдлоо. 

Тодруулбал, Казахстанд ням гарагт болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Касым Жамарт Токаев 70 гаруй хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулав. Нийт 11.95 сая орчим сонгогч сонгуулийн 9970 хэсэгт санал өгөх эрхтэй байснаас 77 хувь нь сонгуулиа өгчээ. Энэ бол өмнөх жилүүдтэй харьцуулахад маш буурсан үзүүлэлт юм. Хамгийн сүүлд буюу 2015 онд болсон сонгуулиар сонгогчдын 95 хувь нь саналаа өгч, тэдний 98 хувь нь Назарбаевыг сонгож байжээ. Гэвч, иргэд санал хураалтын үр дүнг эсэргүүцсэн жаг­саал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Тэд сонгуулийг луйвардсан, үр дүнг урьдчилан бэлтгэсэн хэмээн үзэж, жагсаал хийсэн байна. Жагсагчдын хууль сахиулах албаныхан хүчээр тараасан байх бөгөөд энэ үеэр 500 орчим хүнийг зөвшөөрөлгүй жагсаал хийсэн гэх шалтгаанаар баривчилжээ.  Энэ баривчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид өртсөн аж. Vlast.kz цахим сонины мэдээлснээр, тус цахим сонины оператор Екатерина Суворова, “Азаттык” сонины сэтгүүлч Петр Троценко, улс төр судлаач Димаш Альжанов нар мөн баригджээ. 

Британийн иргэн, “Франс Пресс” агентлагийн сурвалж­лагч Крис Реклтон мөн жагсаалыг сурвалжилж яваад баривчилгаанд өртсөн байна. Тэрбээр твиттер хуудсандаа өөрөө энэ талаар мэдээлжээ.   Казахстаны сонгууль сон­голттой юм шиг боловч сонголтгүй явагдана гэдгийг өмнө нь “Би Би Си” болон бусад агентлагууд ч зөгнөн бичиж байсан нь ийн биеллээ олов. Токаевтай нийт зургаан нэр дэвшигч өрсөлдсөн нь үнэндээ бэлгэ тэмдэг төдий үйлдэл байв.