ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гомдол гаргавал эмчилгээний зардал өгөхгүй хэмээн дарамталжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-10

Сүхбаатар дүүргийн “Хангай” хотхоны хойно “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцыг барьж байгаа билээ. Тэгвэл тус барилга дээр ажиллаж байсан иргэн Г.Хүрэлсэх унаж бэртсэн талаар түүний ар гэрийнхэн, өмгөөлөгчийн хамт олон нийтэд хандлаа. 

Уг осол өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарснаас хойш цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнөөг хүртэл хохирогчоос болон ар гэрийнхнээс нь мэдүүлэг аваагүй аж. Мөн гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Мөн тухайн компани нь Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх ёстой ч үүргээ биелүүлээгүй гэдгийг тэд  хэлж байна. Харин компанийн зүгээс ар гэрийнхнийг нь гомдол  гаргавал эмчилгээний зардал өгөхгүй хэмээн дарамталжээ. Тиймээс  хэргийг дарагдуулж байж болзошгүй гэж тэд үзэж байгаагаа хэллээ. 

Иргэн Г.Хүрэлсүх нурууны нугалам яс бяцарсан, нугасны хальс гурван сантиметр задарсан, бөөр няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн оноштой хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүний биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош мэдрэл саажсан бөгөөд эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг нийгмийн даатгалаас төлжээ. Харин үлдсэн 25 хувь болох багахан зардлыг компанийн зүгээс төлсөн гэнэ. Хохирогч нь эхнэр, хоёр нялх хүүхдийн хамт амьдардаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдарлаа авч явж чадахгүйд хүрсэнд гомдолтой байгааг түүний аав ээж нь хэлсэн юм.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Монгол “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийнхан барилгаас нь ажилчин нь унаж хүнд бэртсэн осол дээр өнөөг болтол хэрэг бүртгэлт хийлгээгүй бөгөөд хохирогчийг элэгний хоргүй хавдартай гэх мэтээр мэдээлж зүй бус хандлага гаргасан”  гэдгийг хэлж байлаа.