ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дипломат “наймаачид”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-17

“Хоёр монгол залуу Германы цагдаа нарыг дутуу үнэлсэн бололтой. Дипломат дугаартай машинд 70 кг хар тамхи тээвэрлэж яваад манай цагдаа нарт баригдлаа” хэмээн Германы шар сонин “Билд” 10 гаруй хоногийн өмнө мэдээлж, дуулиан тарьсан юм. 

Гадны улс, олон улсын байгууллагуудтай өөрийн орон, иргэдийн эрх ашгийг төлөөлөн харилцах ёстой төрийн албан хаагч цар тахлыг дэлгэрүүлэгч, тээвэрлэгч болсон нь олон нийтийг цочирдуулсан юм. Гэвч, энэ мэт хэрэг ганц энэ удаа бус, 20 орчим жилийн өмнөөс дипломат албанд нүүрлэж, улсын нэр хүндийг шороотой хутгаж явна. Монголчууд ч аль эрт мартаж орхижээ. Тиймээс бид эл хэргүүдийг дахин сануулахыг хүслээ. 

2001-2003 он: ХБНГУ, Франц, Бельгид дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсан н.Алтансайхан, н.Баялаг-Эрдэм, н.Баярхүү нарын гурван дипломатч их хэмжээний хар тамхины хэрэгт холбогдож байжээ. 

2002 он: Монголоос Австрид суух Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан С.Эрдэнээ хууль бус тамхины наймааны хэргээр саатуулагдаж байв. Тэрбээр Гадаад хэргийг сайд асан Л.Эрдэнэчулууны дотны анд гэгддэг бөгөөд хэсэг хоригдож байгаад суллагджээ. Тэрбээр, Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан аж. 

2003 он: Унгар дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан н.Цэрэнсодном тамхины наймааны хэргээр баривчлагджээ. 

2004 он: Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбал 120 кг хар тамхи тээвэрлэж яваад Болгарын цагдаа нарт баригдсан тухай орон нутгийн эх сурвалж мэдээлжээ. Тухайн үедээ түүний тээвэрлэж явсан барааны үнэ 23 сая ам.доллартай дүйцэхүйц байсан гэдэг. Улмаар түүнд холбогдох хэргийг 2006 онд эх орон руу шилжүүлэн найман жилийн ял оноосон ч, Ерөнхийлөгч уучлал үзүүлж сулласан. 

2005 он: Энэ онд бүхэл бүтэн 12 дипломатчдаас бүрдэх үндэстэн дамнасан бүлэглэл илэрч байжээ. Тус бүлэглэлийг мөн л нэгэн дипломатчийн эхнэр толгойлж байсан. Уг хэрэгт ХБНГУ, ОХУ-д суух ЭСЯ-ны ажилтнууд, гэр бүлийнхэн холбогдсон байх бөгөөд тэд дипломат дугаартай машин, үнэмлэхээ ашиглан тамхиа Болгар, Украин, Европын холбооны орнууд руу нэвтрүүлдэг байж. Тэд өөрсдийн болон Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг татваргүй нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон ч, тэгсхийгээд намжсан. Тэдний хууль бус наймаанаас 1.2 сая еврогийн хохирол учирсан гэдгийг гаальчид тогтоожээ. Бүлэглэл Германы Лейпцик хотноо төвлөрч, бэлтгэсэн янжуураа багцлан боож, дипломат шуудан маягаар өнгөлөн далдлалт хийж, вьетнамчуудаар дамжуулан Европын холбоо руу гаргадаг байсан гэнэ. Анх тэднийг Чехийн гаалийн албаныхан сэжиглэж байжээ. Хэргийн гол эзэн нь Москва дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж байсан н.Ганболд болон түүний гэргий н.Сэлэнгэ нар. 

2006 он: Франц дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Б.Санжмятав хууль бус тамхины наймаа хийсэн хэргээр Польшт шалгагдаж байжээ. Францад алба хашиж байхдаа нэг жилд Европын улсуудаар нийтдээ 150 удаа зорчсон байдаг бөгөөд үүнийгээ эхнэрийнхээ хамт биеэ эмчлүүлсэн хэмээн тайлбарладаг байна. Гэвч үүнийгээ нотолж чадаагүй. 

2003-2007 он: Беларусын Брестэд суух консул асан Д.Далайжаргал Польш улсад тамхины хууль бус наймаа хийдэг н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гарган авч, оргуулсан хэргээр саатуулагдаж байжээ.  Мөн Люблин мужийн хуулийн байгууллага консул Х.Болдбаатарыг ч дээрх хэрэгт сэжиглэн саатуулж байсан гэнэ. 

-Женевд суух Элчин сайд Х.Бэхбат ч хууль бус тамхины наймаанд холбогдон шалгагдаж байсан бол ХБНГУ-д Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа Б.Даваадорж тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдаж байжээ. Гэвч тухайн үед дипломат дугаартай машинаа алдсан гэж мэдүүлж байсан гэнэ. Хачирхалтай нь алдсан машин гэнэт олдсон байх бөгөөд түүнийг тамхины худалдаачдад машинаа ашиглуулж байсан гэх хэрэгт сэжиглэдэг. Гэсэн ч, тэр ХБНГУ-д суух Элчин сайдаар томилогдож чадсан байдаг. 

-С.Цоггэрэл- Мэргэжлийн тагнуулч, ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч мултарч Чех улсад Элчин сайдаар томилогдсон.

-А.Баатарцогт- Хошууч генерал. ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯ-нд хилийн төлөөлөгчөөр сууж байсан. Тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан. Энэ хэргийн дараа ОХУ-ын Эрхүү хотод консулаар томилогдсон.

-Н.Энхбат- ХБНГУ-д их хэмжээний тамхи авч яваад баригдсан. Дипломат албанд ажилладаггүй хэрнээ дипломат паспорттай явж байсан гэдэг. Эхнэр Нархажид нь тухайн үед Япон дахь ЭСЯ-нд ажиллаж байжээ.

-Г.Дашдаваа- БНБУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Эхнэрийн хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ.

2011 он: ОХУ-д суух Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан их хэмжээний тамхи тээвэрлэсэн хэргээр Польшийн хил дээр саатуулагдаж байв. Түүнийг ГХЯ-ны Төрийн ёслолын албанд ажиллаж байхад нь ОХУ-д суух ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилж байжээ. 

2016 он: Украин, Румыны Дьяково боомтоор Будапешт дахь Монголын Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр дипломат шуудан гэх наалт ашиглан 29145 хайрцаг тамхи нэвтрүүлэхийг завджээ. Тэрбээр 2015 онд тэтгэвэртээ гарсан ч, ажлын үнэмлэхээ хураалгалгүй, хууль бус наймаандаа ашигласан нь тогтоогдсон байдаг. 

2017 он: Украин-Унгарын хилийн Лужанка боомтоор О.Лхагвацэрэн гэгч дипломат паспортоо ашиглан их хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдан саатуулагджээ. Тэрбээр 2014 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын албаны нарийн бичгийн дарга гэх статусаар дипломат паспорт авсан нь тогтоогдож байсан гэдэг. О.Лхагвацэрэн 2017 онд Турк улс руу нэвтэрснээс хойш эх орондоо ирээгүй. 

2019 он: Туркийн Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэгийн хамт Чехээс ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат машинтай саатуулагдсан. Тэрбээр 70 кг хар тамхи тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баривчлагдсан юм. Өмнө нь Б.Баттүшиг тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэдэг.