ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Рагчаасүрэн: Түүхий эдийн үнэ сэргэлээ гээд ОУВС-гийн хөтөлбөрийн ач холбогдлыг мартаж болохгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-18

Эдийн засагч Г.Рагчаасүрэнтэй ярилцлаа. 

-Гурван жилийн өмнөх­тэй харьцуулахад, эдийн зас­гийн нөхцөл байдал ямар болсон байна вэ гэ­дэг асуултаас ярилцлагаа эхэлье?

-Эдийн засгийн нөхцөл байдал 2013 оны сүүлээс эхлэн муудсаар 2016 он гэхэд хүндрэлийг зогсоох бүхий л нөөц бололцоо шавхагдаж дууссан гэж болно. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнийн уналт удаан үргэлжилсэн. Тэр үед 2010-2012 онд тохиосон эдийн засгийн өндөр өсөлтийн ачаар маш бага хүүтэй азаар босгосон Чингис бондын мөнгө л эдийн засгийг унал­таас сэргийлсэн гэж боддог. Улстөрчдийн шахал­таас үүдэлтэй төсвийн шинжтэй хийгдсэн мөнгөний ний­лүү­лэл­тийн өсөлт эцэстээ гадаад валютын нөөцийг богино хугацаанд асар их хэм­жээ­гээр хорогдуулах шалтгаан болсон. Валютын нөөц буурснаар санхүүгийн салбарт валютын ханш аажимдаа өснө гэсэн хүлээлтийг хүчтэй болгосон. Учир нь тэр үед нүүрсний зах зээл сэргэх хүлээлт байгаагүй. Энэ нь долларжих сонирхлыг нэмэгдүүлж, санхүүгийн зах зээлээр дамжин эдийн засгийг ямар хэмжээний хямралд хүргэх байсныг төсөөлж чадахгүй байна.  Эдийн засаг муу байсны нэг жишээ гэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын зах зээлээс 10.8 хувийн хүүтэй бонд босгож байсан. Өөрөөр хэлбэл, зээлжих зэрэглэл маш муу болсон байсан. Үндсэндээ гадаад валютын хямрал болох дөхөөд байсан хүнд үед ОУВС-гийн хөтөлбөр орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд олон сайн зүйл хийгдэж байна. Төв банк төсвийн шинжтэй зардал сан­хүүжүүлэхээ больсон, төс­вийн сахилга бат хэсэг хугацаанд ч гэсэн сайжирсан. Хамгийн азтай нь нүүрсний зах зээл сэргэж, нүүрс, зэсийн үнэ өссөн нь улмаар нүүрсний экспорт өссөн нь 2016 оноос хойш эдийн засгийг өсөлтөд хүргэх үндсэн хүчин зүйл болоод байна.      

-Тэр үеийн эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан нь юу байсан юм бэ?

-Түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралтын нөлөөг бууруулах арга нь гаднаас бонд босгож, зээл авах байсан. Учир нь Засгийн газарт хуримтлал байгаагүй. “Чингис” бонд болон бусад бондуудыг босгосон нь хүндрэлийг багасгахад тус болсон. Гэхдээ богино зайн тоглолт хийдэг улстөрчдийн нөлөөгөөр бий болсон төсвийн шинжтэй мөнгөний ний­лүүлэлтийн өсөлт нь валютын ханшийн хямралд хүргэх үндсэн шалтгаан болсон гэж үздэг. Мэдээж аливаа бодлогын хүрээнд зарим тал хожино, зарим тал алдана. Харин төсвийн шинжтэй тэр бодлогын нөлөөнд валютын нөөц шавхагдаж, улс бүхэлдээ хямралд орох бүрэн нөхцөл үүсчихсэн байсан.       

-Ер нь манай бодлого баригчид богино хугацааны үр дүнг урьтал болгодгийн сөрөг үр дагаварын тод жишээ мөн үү?

-Богино хугацааны, сон­гуулиас сонгуулийн хооронд авч хэрэгжүүлдэг бодлогын жишээ мөн. Ямар ч аргаар хамаагүй төрийн өндөр албан тушаал хашиж, гишүүн, сайд болж,  хувийн болон аливаа бүлэгт давуу тал үүсгэх хандлага гүнзгий суусан нь сүүлийн үеийн үйл явдлуудаас тод харагдаж байна. 

-Манай Улс тэр хүндрэлээс хойш өнөөдрийн үр дүнд хүрэхийн тулд хэр хүнд, амаргүй давааг туулсан гэж үзэж байна вэ?

-Эдийн засгийн хүндрэл янз бүрээр мэдрэгдсэн байх. Хувийн бизнесийн орлого муудах, ажилгүйдэл нэмэгдэх, түүнээс улбаатай нийгмийн сөрөг нөлөө бий.  Жишээ нь, архидалт, зуурдаар нас баралт, гэр бүл салалт ямар хэмжээнд хүрснийг хэлж мэдэхгүй. Дор хаяж төсвийн ажилчдын цалин нэг жил царцсан. Багш эмч нарын төлөөлөл гудамжинд суулт зохион байгуулж байсныг мартаж болохгүй.  Улсын урт хугацааны хөгжилд боловсрол эрүүл мэндийн салбарын хөгжил асар чухал үүрэгтэй. Гэтэл энэ салбарын ажилчдын цалин улсын дунджаас доогуур бөгөөд харьцангуй бага хувиар өсөж байгаа нь маш муу үзүүлэлт.  

-Ялангуяа, Хятадын Ар­дын банктай байгуулсан төгрөг юаны своп хэлцлээс авч ашигласан 1.6 тэрбум ам.долларыг эргүүлэн өгөх хугацааг сунгасныг та юу гэж дүгнэх вэ?

-Олон бизнес хэлцлийг гадаад валютаар хийж байгаа. Энэ утгаараа валютын ханш харьцангуй тогтвортой байх нь ханшийн зөрүүнээс үүсэх алдагдалыг бууруулах ач холбогдолтой. Манайх түүхий эдийн үнийн, нүүрсний экспортын болоод улирлын хэлбэлзэл өндөр улс. Энэ бүхнийг дагаад валютын ханш саваад байх нь төвөгтэй. Ханшийн савалтыг багасгах нэг арга нь төв банкны оролцоо. Энэ утгаараа болзошгүй савла­гаа­наас сэргийлэх боломжтой байх нь чухал юм. Үүний нэг жишээ нь,  Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг юаны своп хэлцлийг сунгасан явдал гэж харж байна.     

-Санхүүгийн тогтвортой байдлыг мөн төсвийн сахилга батыг хангах гэсэн гол чиг үүргийн дагуу Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлж байгаа.  Хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн чиг үүргийн хүрээнд хийж байгаа арга хэмжээнүүд бол зайлшгүй. Төсвийн сахилга бат сайжирсан болон түүхий эдийн зах зээл сэргэснээс болж төсвийн алдагдал, дагаад улсын өр ДНБ-ий харьцаа буурч, зээлжих зэрэглэл нэмэгдлээ. Төв банкны бодлогын хороо байгуулснаараа бие даасан байдалд бага ч гэсэн ахиц гарсан болов уу гэж харж байна. Би Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг валютын хям­ралаас сэргийлэх утгаараа зайлш­гүй хийх хөтөлбөр гэж бод­дог. Харин зэрэгцээд түүхий эдийн зах зээл сэргэсэн болохоор хүмүүс ач холбогдлыг нь мар­таж эхэлж байж болох юм. Түүхий эдийн зах зээл дан­даа хэлбэлзэж байдгийг мартаж болохгүй. 

-Манай улсад эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх гол шалтгаан нөхцлийг та юу гэж үзэж байна вэ?

-Манай улсын эдийн засгийн тогтворгүй байдлын гол шалтгааныг гадаад,  дотоод гэж ангилж болно. Гадаад шалтгаан нь түүхий эдийн зах зээлийн байнгын уналт,  сэргэлт. Энэ нь манайд шууд нөлөөгөө үзүүлнэ. Үүнтэй зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалтын орох,  гарах урсгал. Дотоод шалтгаан нь улс төр. Хэдийгээр одоо ӨСХ дуусаагүй байгаач, ирэх жил сонгуулийн жил. Намууд ямар амлалт гаргаж, улсын төс­вийн алдагдлыг, өрийг хэр­хэн удирдахыг таашгүй. Үүнийг дагаад мөнгөний бод­ло­го, валютын нөөц, ханш, зээ­лийн хүү, инфляци хэрхэн өөрч­лөг­дөхийг мэдэх арга байхгүй. Одоо­хон­доо эдийн засаг сайн байна гээд, ОУВС-гийн хөтөл­бөрөөс хугацаанаас нь өмнө гарч магадгүй.