ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд насыг нь хайрла

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-20

Ямар даашинз өмсөж, үсээ хэрхэн сүлжих тухай гүн бодолд автан, үе тэнгийн найзуудтайгаа үерхлийн тухай нууцхан шивнэлдэж, бас ичингүйрч явсан хүүхэд нас гэдэг хамгийн сайхан. Хэзээ ч эргэж ирэхгүй тэртээ алсад одсон хүүхэд насны минь олон дурсамж яг одоо сэтгэлд тодхон зурайх аж. Ээж, аав хоёрыгоо ажилдаа явчихсан хойгуур хоёр эгч, дүү нартайгаа өдөржин урлагийн тоглолт бэлтгэдэг байж билээ. Орой аав, ээж хоёрыг ажлаа тараад ирэхэд нь хэдэн сандал, ширээгээ эгнүүлэн өрж, гудасны даавуугаар хөшиг татчихаад ээлжлээд л дуулж, бүжиглэж, шүлэг уншиж тоглодог байсан дурсамж хэчнээн сайхан юм бэ. Харин өсвөр насанд ирэхдээ хөвгүүдийн тоглодог тоглоомд мөн ч их дурласан даа. Манайх гэдэг айл таван охин, хоёр хүүтэй.

Хамгийн бага дүү маань манцуйтай жаал, том ах харин бидэнтэй тоглохгүй учраас дэрсхэн таван охин өдрийн ихэнхийг л дээс, тэвэг өшиглөн, гэрээ буулгах шахам тоглож өнгөрөөдөг байсан юм. Биднийг хүүхэд байхад улс орон ч тайван амгалан, элдвийн муу муухай хэрэг ч цөөхөн дуулддаг байж. Тиймдээ ч айх аюулгүй орчинд айл хотлоор хэсч л хүүхэд нас минь өнгөрчээ. Харин өнөө цагийн хүүхдүүдийн хэдийнх нь ой дурсамжинд ийм гэгээн дуртатгал үлдэх юм бол. Гоёмсог даашинз мөрөөдөж, найзуудтайгаа тоглож явсан 13-хан настай охин буудлын өрөөнд бузар хүсэлтнүүдийн гарт амиа алдчихлаа. Өчигдөрхөн л 14 настай охин мөн л хүчирхийлэлд өртсөн сэтгэл сэртхийлгэм мэдээ гарч байх юм. Түүний дурсамжинд одоо хүүхэд нас нь хамгийн аймшигтай дурсамж болж үлдэх гэж байна. Болдогсон бол мартчих юмсан, толгойноосоо арилгахсан гэсэн хар бараан дурсамж болон үлдэх нь ээ. Бодохоос ч аймшигтай.

Архины хамааралтай ааваасаа айж, орон гэртээ орж чадахгүй зугтаж, идэх хоолны төлөө өдөржин хүнд хөдөлмөр эрхэлж буй олон арван хүүхэд бидний хажууд байна. Тэд хүүхэд насаа ингэж гэгээн сайхнаар бодож чадна гэдэгт итгэж чадахгүй нь. Ах, аав, хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн хэчнээн охидын хүүхэд нас “хар дарсан зүүд” болж хувирч байгаа бол. Томчууд минь хүүхдийнхээ, дүүгийнхээ, хэн нэгний танихгүй үрсийн хүүхэд насыг нь битгий хулгайлаач, гуйя. Хүүхдээ хүүхэд хэвээр нь хайрлахсан. Амьдралд нь ямар ч зүйл тохиолдсон эрхэлж өссөн бага нас, инээдэнд умбасан жаргалтай цаг үеэ санахаараа хүн ямар их тайвшрал авдаг гэж бодож байна. Өөрт нь байсан тэр жаргалаа өөрийнхөө үр хүүхдэд өгөхийн тулд тэд хичээдэг юм шүү дээ. Тиймээс хүүхэд насыг нь хайрла. Гэгээн мөрөөдлийг нь битгий үргээ. Миний, таны, бидний хүүхэд нас ямар гэгээхэн байсныг бодож, хүүхдээ яг л тэгж хайрлаарай.