ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Токиогийн олимпын медаль ч, бамбар нь ч “хог хаягдал”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-27

Жил гаруй хугацааны дараа Японд 32 дахь удаагийн зуны олимп болох билээ. Японы Токио хот өмнө нь 1964 онд олимпын наадам зохион байгуулж байсан туршлагатай. Харин 2013 онд зуны олимпыг зохион байгуулах эрхийг хоёр дахь удаагаа авснаар Азидаа анхдагч болж чадсан юм. Наадам болоход жил гаруйн хугацаа үлдсэн ч, тус улс бэлтгэл ажлынхаа ихэнх хувийг хангажээ. Токио хотын захиргаанаас наадмыг зохион байгуулахад зориулж, 400 тэрбум иэний сан байгуулсан бол тус улсын Засгийн газар Ханэда, Нарита олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор засвар, үйлчилгээ хийжээ. Мөн хоёр нисэх онгоцны буудлыг спортын наадам болох цэнгэлдэх хүрээлэнтэй  холбох төмөр замын шинэ шугам барихаар төлөвлөсөн байна. Тус замыг барьснаар Токиогийн цэнгэлдэх хүрээлэнгээс Ханэда нисэх онгоцны буудал хүртэл 18 минут, Наритагийн нисэх онгоцны буудал хүртэл 36 минут зарцуулах гэнэ.

Энэ ажилд нийт 400 тэрбум иэн шаардлагатай бөгөөд хувийн бизнес эрхлэгчид, байгууллагуудын хандиваар санхүүжих юм байна. 1964 оны Токиогийн олимпын төв цэнгэлдэх хүрээлэнг тус улсын алдартай архитектор Мицүо Катаяма бүтээсэн нь тухайн үедээ л шуугиан тарьж байсан гэдэг. Улмаар 2012 онд цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг нурааж, дахин шинэчлэн босгосон байдаг. Тухайн үед Японы спортын зөвлөлөөс шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын загвар гаргах уралдаан зарлаж, 46 уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс Заха Хадид хэмээх архитекторын загвар сонгогдож байжээ.  Түүний загварын дагуу 50 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай хуучин цэнгэлдэхийн барилгыг нурааж, суурин дээр нь 80000 хүний багтаамжтай шинэлэг загварын ордонг босгож, 2015 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгчээ. Гэсэн ч, эл ордон япончуудад таалагдсангүй. Зарцуулсан төсөв хөрөнгө, гадна загварын талаар иргэд нь гомдол мэдүүлэх болсны уршгаар Шинзо Абэ 2015 оны долдугаар сард дахин уралдаан зарласан билээ. Ингээд намар гэхэд Кэнго Кума гэх архитекторын загвар шалгарчээ. Түүний загвар Парисын “Стад де Франс”-тай тун төстэй бөгөөд суудлыг нь 60000-80000 хооронд тохируулж болохоор бүтээсэн байна. 

 

Олимпын медалийг хог хаягдлаар хийнэ

Японы 2020 оны олимп өмнөх наадмуудаас медалиараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, бүх медалийг хуучин утас, нөүтбүүк зэрэг электрон  хог хаягдлыг дахин боловсруулж бүтээж байгаа юм. Төсөл 2017 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Нийтдээ 30.3 кг алт, 4100 кг мөнгө, 2700 кг хүрэл цуглуулах зорилготой байсан ч, төлөвлөсөн хугацаанаас ч өмнө амжилттай хэрэгжиж дуусчээ. Бүх дэлгүүр худалдааны төв, олон нийтийн газруудад хуучин электрон хэрэгсэл цуглуулах хайрцаг ажилласан байна.  Өмнө нь энэ төрлийн хог хаягдлын маш бага хувийг л дахин боловсруулдаг байжээ. Харин олимпын наадамд зориулан төсөл хэрэгжүүлснээр 50 мянга орчим тонн электрон хог хаягдлыг дахин боловсруулаад зогсохгүй олимпын наадамд хэрэглэх медальд ашиглах түүхий эдээ гарган авч чадсан байгаа юм. Үүгээрээ ч Япон бусад улсад үлгэрлэж чадсан билээ. 

 

Олимпын бамбарыг хийхдээ хаягдал хөнгөн цагаан ашиглажээ

Бусдад түвэг удахгүй байх нь япончуудын зан харилцааны онцлог, бусдаас ялгарах төлөвшил. Гудамжинд хог хаяхгүй, хог хаягдлаа үргэлж ангилан ялгадаг, тэмцээн үзсэн ч тарьсан хогоо уутлаад гардаг гэх мэтээр япон хүний хандлага, төлөвшлөөс суралцах юм их бий. 2020 оны олимпын наадамд ч тэд өөрсдийн гэсэн онцлогийг аль хэдийнэ бий болгожээ. Тэд медалиа хуучин гар утас, электрон барааны мянга мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулан хийж байгаа бол олимпын наадмын галт бамбараа ч мөн адил хогоор хийсэн байна.  

Тодруулбал, Иватэ мужид 2011 онд болсон газар хөдлөлт, цүнамид өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, гамшигт өртөгсдийг байрлуулах түр орон сууц барихад ашигласан 10 мянган хэсэг хөнгөн цагааны хаягдлыг дахин боловсруулж хийжээ. Бамбарын загварыг дизайнер Токүшин Ёшиока гаргасан байна. Тэрбээр Японы бэлгэ тэмдэг болсон сакура цэцэгний хэлбэрээс санаа авчээ. Хөнгөн цагааны 30 хувийн орцтой, 71 см урт, 1.2 килограмм жинтэй бамбарыг асаахад дэлбээ бүрээс нь гал бадрах юм байна. Дизайнер энэ талаараа “Гамшгийн дараа Иватэ мужийн хүүхдүүд сакура цэцэг зурсан байсан нь надад их сэтгэгдэл төрүүлсэн. Бамбарын загварыг энэ зургаас санаа авч гаргасан” гэж ярьжээ. 

 

Тасалбар өнгөрсөн сард худалдаанд гарав

Олимпын наад­мын тасалбар өн­гөр­сөн сарын 9-ний өдөр албан ёсоор худал­­даанд гарчээ. Үнийн хувьд нээлтийн ёс­­лолын тасалбар 12000-300000 иэний ханш­тай бол тэмцээний шийд­вэр­лэх шатны тоглол­туудын тасалбарыг 130 мянган иэнээр худалдаж эхэлсэн байна. Харин бусад тэмцээний тухайд дунджаар 7700 иэний үнэтэй байх аж. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлснээр, тэмцээний тасалбарыг орон нутагт 40 мянга гаруй дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулж эхэлсэн тул иргэд өөрийн иргэний үнэмлэх, биеийн байцаалтаа үзүүлэн худалдан авах, мөн урьдчилсан байдлаар захиалга өгч, электрон шуудангаар дамжуулан авах боломжтой аж. 

Ерөнхийдөө албаныхны тооцсоноор нийтдээ 7.8 сая тасалбар борлуулна гэсэн төсөөлөлтэй байгаа юм байна. Тасалбар албан ёсоор худалдаанд гарахаас өмнө онлайн хэлбэрээр тасалбарын захиалга эхэлсэн байсан. Гэхдээ одоогоор хэчнээн тасалбар зарагдаж, хэд үлдсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж.   

 

Олимпын билэг тэмдэг  “Мирайтова”

Олимпын наадмын билгэдэл буюу маскот тухайн зохион байгуулагч улсын онцлогийг илтгэдэг. Тэгвэл Токиогийн 2020 оны зуны олимпын билэг тэмдэг нь толгой болон биеийн хэсэгтээ цэнхэр цагаан өнгийн ханан хээтэй, “Мирайтова” хэмээх дүр.  Нэр нь туйлын утга учиртай бөгөөд “Мирай” гэдэг нь япон хэлээр “ирээдүй”, това нь “мөнх” гэсэн утгатай аж. 

Энэ нь Японы алдартай зүйр үгнээс гаралтай гэнэ. Тодруулбал, өнгөрснөөс суралцаж, шинэ шинэлэг мэдлэгийг олж авах гэсэн утгатай юм байна. Улмаар  “Хүн төрөлхтөний зүрх сэтгэл ирээдүйд итгэл найдвараар дүүрэн байна” гэсэн утга агуулгаар эл маскотыг бүтээжээ. Маскотын загварыг гаргахдаа мөн л олон нийтийн дунд уралдаан зарласан бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад Японы Фүкүока хотын иргэн  Рёо Танигүчи “Мирайтова”-гийн загвараараа оролцоод тэргүүн байр эзэлсэн байна. Тэрбээр олон нийтэд төдийлөн танигдаагүй, Калифорнийн Кабрилло коллежийн жирийн л нэгэн оюутан аж. 

Тэрбээр  паралимпын маскотыг  Японы билэг тэмдэг сакура цэцгийн өнгөтэйгөөр дүрсэлсэн байна.