ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баяртай, Хакүхо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-28

Монголыг дэлхийд сурталчилж, Японы мэргэжлийн сүмогийн амьд домог болсон Их аварга Хакүхо М.Даваажаргал иргэншлээ солих шаардлагатай болсон билээ. Хүсэлтээ ч өгчихөөд байсан юм. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээж авсан талаар мэдээлэл гарав. Удахгүй зарлиг гаргах бололтой.

Ерөөс түүний хүсэлтийг хүлээж авах, зарлиг гаргах нь цаг хугацааны л асуудал болсон. Өнөөдөр үү, маргааш уу гэдэг нь чухал биш. Түүнд Японы иргэншилтэй болж, өөрийн дэвжээгээ байгуулж, сүмогийн ертөнцөд өөрийгөө бүрэн дархлах шаардлага бий. М.Даваажаргал эх орноо голоогүй, арлын орныг шилээгүй.

Цаашид явах зам нь яах аргагүй ийм сонголт хийхэд хүргэж байгаа юм. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 42 удаа түрүүлсэн түүний агуу амжилт монгол хүнийх л болж үлдэнэ. Тэр Монголоороо л үлдэж, эх орныхоо иргэн нь байсаар байна. Монголчууд ч түүнийг цаашид дэмжсээр байх нь ойлгомжтой билээ.

Баяртай, Хакүхо. Мэргэжлийн сүмод гаргасан дардан замаар чинь олон монгол аавын хүү явж, өдийг хүртэл тогтоосон амжилтыг чинь нэг нь эвдэх болтугай.  Дээр нь авирч гарсан сүмбэр уулынхаа бэлд буй залуусыг оргилд хүрэх хөтөч нь байгаарай.  Япон иргэншилтэй Хакүхо, монгол сэтгэлтэй М.Даваажаргал байна гэдэгт чинь итгэж байна аа, бид.