ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Одонцэцэг: Халуун өндөртэй, үрэвсэл ихтэй үед рашаанд орох хэрэггүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-28

Рашаан сувилалд орж биеэ эрүүлжүүлдэг уламжлалт арга ухаан Монголчуудын дунд түгээмэл байдаг. Тэгвэл рашаанд орохдоо юуг анхаарах, ямар ач холбогдолтой талаар “Мамба дацан” эмнэлгийн зөвлөх эмч, Уламжлалт анагаах ухааны их эмч, доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

-Урин дулааны цагт иргэд рашаан сувилалд их явдаг. Энэ нь уламжлалт анагаах ухаан талаасаа хүний биед  ямар ач тустай байдаг вэ?

-Рашаан сувилал нь эмчилгээний нэг төрөл гэж үздэг. Эмийн чанартай байхаас гадна зуны улиралд  чанар нь улам ихэсдэг. Рашааныг халуун болон хүйтэн  гэж ангилдаг юм.  Хэрэглэх байдлаар нь яривал,  халуун рашаанд  дэвтээлэг эмчилгээ маягаар ихэвчлэн ордог бол, хүйтэн рашааныг ууж хэрэглэдэг уламжлалтай.  Рашаан бүрийн бүтэц, эмийн онцлогоос шалтгаалаад тухайн эд эрхтэнд давамгай үйлчилдэг юм. 

Тэгэхээр халуун болон хүйтэн рашаан  хүний эрүүл мэндэд  маш сайнаар нөлөөлөх чадвартай. Рашаанд агуулагдах эрдсийн бүтцээс хамаараад янз бүрийн амттай байх нь бий.  Уух  боломжтой хугацааны хувьд ханш нээгдэхээс эхлээд, намрын дунд сар хүртэл уувал сайн. Түүнээс хойш  хэрэггүй гэж үздэг.  

-Тухайлбал, бөөрний рашаанд эмчлүүлэх хүн эмчид үзүүлэлгүй явчихдаг. Сүүлд нь гаж нөлөө үзүүлдэг тохиолдол бий.  Үүнд иргэд хайхрамжгүй хандаад  байх шиг санагддаг? 

-Эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед томоохон рашаан сувилалд эмч нар ажилладаг болсон. Тухайн рашаан сувилалд эмч байгаа эсэхийг тодруулаад, хэрвээ байхгүй гэвэл үзүүлчихээд  явах нь зүйтэй. Эмчилгээний нэг хэлбэр учраас мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэж зөвлөе.  

-Рашаанд орсон хүмүүс ямар гам барих ёстой байдаг вэ?

-Тухайн рашаанаасаа шалтгаална л даа. Гэхдээ халуун рашаанд орсон бол илүү гам барих ёстой болдог. Учир нь, халуун рашаан хүний шар усны сүвийг нээдэг учир салхинд цохиулах,  даарах, хоолоо буруу тохируулж гам алдсанаас тухайн өвчин сэдрэх аюултай. Тэр байтугай өөр өвчин авах эрсдэлтэй байдаг. Тийм ч учраас эмчийн зөвлөгөөгөөр тухайн рашаанд хэрхэн орох вэ гэдгийг мэдэж авах нь зүйтэй.  Эмчилгээ учраас бие махбодийг хямраалгүй, хоолны хэмжээгээ тохируулах хэрэгтэй.  Хүнд эмчилгээ гэж тооцдог учир, ходоодны эмчилгээ хийлгэж буй тохиолдолд газтай ундаа уухгүй, хоносон хоол идэхгүй байх нь чухал. 

-Рашаанд орохдоо иргэд юуг анхаарах ёстой вэ? 

-Рашаан гэдэг  нь байгалийн эм шүү дээ. Тэгэхээр рашаанд орж байгаа хүмүүс  ёс зүйтэй байх шаардлагатай. Уламжлалт анагаах ухааны ёсоор рашаанд лус савдгийн эзэмшилд байдаг гэж үздэг. Тиймээс рашаанд орохдоо бохир зүйл хаях, ялангуяа эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед хэзээ ч орж болохгүй. Дээгүүр нь алхах,  хөлөө дүрэх, хажуугаар нь явахыг ч цээрлэдэг. Мөн рашааны дэргэд чанга хашхирах, нүцгэн байх,  архидах, зугаацах, хог хаях зэрэг ёсзүйгүй үйлдэл гаргавал эргээд лус савдгийн хорлол болдог. Улмаар өөрт нь өвчин зовлон болж ирдэг гэж үздэг.  Рашаан  бузартуулснаас, лус савдгийн хорлол  болсон  хүмүүс маш их  байна.  Хэлэхэд эвгүй ч гэсэн халуун рашаанд дэвтээлэг эмчилгээнд  орохдоо  шээчихдэг шүү дээ. Тоохгүй өнгөрч болохгүй зүйл л дээ. Дээрээс нь мэддэг тарниа уншаад үлээх, нүүр гар, амаа угааж байж рашаанаа хүртэх гэх мэтээр тодорхой жаягтайг иргэд мэддэггүй. 

-Рашаан тухайн өвчнөө анагаах чадвар нь хэр байдаг вэ. Нарийн судалгаа байдаг уу?

-Байгалийн эм гэж хэлсэн шүү дээ. Үнэхээр сайн. Ялангуяа манай оронд олон төрлийн рашаан байдаг. “Шаргалжуут”, “Мухар хужирт” рашаануудыг дурдаж болно.  Үнэхээр үр дүнгээ өгдөг болохоор иргэд их явдаг шүү дээ.  Рашаан гэдэг нийтийн буяны үйлд гарч, байгалийн бэлгийг хүртэж байгаа учраас минийх, чинийх гэж өмчлөх нь зохисгүй. Рашааны дэргэд амралт сувилал ажиллуулж, хоол, амрах байр ажиллуулах нь зөв. Гэхдээ хэн нэгний өмч биш.

-Нөгөө талаас өвчин сэдрээдэг гэж ярьдаг?

-Заримдаа сэдрээдэг. Яагаад гэвэл, өвчний шинж тэмдэг мөн чанар гэдэг зүйл байдаг л даа. Зарим архагшсан өвчнүүд үндсэн өвчнөөсөө гадна өөр шинж тэмдгээр бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр мөн чанарыг эмчлэхийн тулд  шинж тэмдэг нь илүү сэдэрч байгаа юм шиг болно. Тухайн өвчний шинж чанар, мөн чанар зөрүүтэй байгаа тохиолдолд эхний үед өвчин хөдөлж байгаа мэт боловч, эмчийн зөвлөгөө зааврын дагуу явбал эдгээдэг. Ихэвчлэн гурваас дээш  жил өвдсөн өвчнүүд хий хямрах тохиолдол бий. Хий хямарснаас болж  сэдэрч,  зовиурууд илэрдэг. 

-Тэгэхээр рашаанд  орох оо зогсоох уу эсвэл,  үргэлжлүүлж орох ёстой юу?

-Тухайн өвчний зовиураа дараад,  үргэлжлүүлэн орж болно. 

-Ямар нэгэн өвчний зовиургүй байхдаа рашаанд орвол ямар нөлөө үзүүлэх вэ. Тухайлбал бөөрний өвчингүй хүн бөөрний  рашаанд  орж болно,  болохгүй гэж их ярьдаг шүү дээ?

-Болно. Хэрэв ийм төрлийн  өвчингүй байгаад бөөрний рашаанд орвол бөөрний үйл ажиллагааг сайжруулна. Гэхдээ хэтрүүлээд хэрэггүй. Рашаан өөрөө хүний дархлаа, тухайн эд эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг учир 3-7  хоног ороход гэмгүй.

-Хэтрүүлээд гэснээс, ер нь хэр их хугацаагаар рашаанд орж, уувал  зохистой эмчилгээ болдог вэ?

-Архаг хууч өвчтэй хүн 21 хоног орж болно. Түүнээс дээш хэрэггүй. Уух үед ч мөн  л  21 хоног байхад  хангалттай.  Архаг  биш  бол 3-7 хоног, эсвэл зам дагуу явахдаа хүртээд явж болно шүү дээ. 

-Тэгвэл бөөрний өвчтэй хүн нойр булчирхай,  элэг гэх мэт бусад төрлийн рашаанд орж болох уу? 

-Өвчин хурц үед халуун рашаанд хориглох заалт байгаа. Яг өвчин эмгэг нь тухайн рашааны мөн чанартай таарахгүй байх тохиолдол  байна. Эмчид  үзүүлж байж рашаанд ороорой гэдэг нь энэ шүү дээ. 

-Рашаан орсны дараа зүү тавиулах, физик эмчилгээ хийлгэж болдог уу? 

-Болно л доо. Гэхдээ тухайн өвчин болон, хүний биеийн байдлаас шалтгаалаад зүү тавих,  физик эмчилгээ хийлгэх эсэхийг эмчээсээ асуух хэрэгтэй. Тэрнээс дур мэдэн ийм төрлийн эмчилгээнүүд хийлгэж болохгүй. 

-Уламжлалт анагаах ухаанаар рашаанд орох хүний насыг заасан байдаг уу. Томчууд ямар ч рашаанд орсон  хүүхдээ аваад орчихдог. Тэдэнд ямар нөлөө үзүүлдэг бол?

-Хүүхдүүд рашаанд орж,  ууж ч болно. Арьсны эмгэг,  харшилтай хүүхдүүд рашаан орж, шавар тавиулаад сайжирдаг. 

-Ямар тохиолдолд рашаанд орохыг хориглодог вэ?

-Их өвдөлттэй, халуун өндөртэй, үрэвсэл ихтэй үед рашаанд орох  хэрэггүй. Тухайлбал, зарим үед ходоодны бадган дэлгэрсэн үед ходоодны рашаан ууж болно. Гэхдээ өвчний хурц үед хориглодог. Мөн элэгний болон халуун төрлийн өвчтэй хүн халуун рашаанд удаан орж болохгүй.  Элэгний өвчин архагшаад  өөр хийтэй хавсарсан тохиолдолд гурван өдөр ороод үндсэн элэгний эмчилгээг хийх маягаар зохицуулж болно. Нарийн мэдрэмжтэй учраас тохируулах хэрэгтэй юм. 

-Рашаан гэсэн болгон рашаан байж чаддаг болов уу?

-Миний хувьд байж чаддаг гэж боддог. Олон мундаг маарамба, эмч нар шинж чанарыг нь шинжлээд тогтоодог. Тухайлбал, амт, чадал, шингэлтийн дараа хэрхэн нөлөөлдөг, доторх бүтэц болгоныг шинжилсэн учраас олон рашааныг нээж илрүүлсэн байх. Сүүлийн үед зарим рашаанууд ширгэж байна,  ундарч байна.  Тухайн рашааныг  хүмүүс хүндэлж дээдлэх,  байгаль дэлхийтэй зөв зохистой харьцах эсэхээс хамаардаг байх. “Дондогдулам”-ын рашаан гэхэд л одоо бараг ширгэж байна шүү дээ. Бид л өөрсдөө хайрлах хэрэгтэй.

-Бариа засал уламжлалт анагаах ухааны чухал  хэсэг байх. Гэхдээ борооны дараах мөөг шиг маш олон бариа заслын эмнэлэг, төвүүд үйл ажиллагаа явуулж байна . Тэнд ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн  бариач байж чаддаг уу.  Толгой нь өвдөөд  бариачид хандсан хүн  байнгын толгойны өвчтэй,  нуруу хатгадаг болсон тохиолдол байдаг?

-Бариа засал гэдэг нь бас л эмчлгээний нэг хэлбэр учраас мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Сүүлийн үед  уламжлалт анагаах  ухааны чиглэлээр  маш  олон эмч төгсдөг болсон. Тэд нар илүү мэргэшсэн байдаг учир,  зовиуртай өвчтэй газар дарна. Бариагаа янз бүрийн  эмчилгээний аргатай хавсарч хийнэ. Тэгэхээр мэргэжлийн эмч мөн эсэхийг нь асууж лавлах эрх иргэдэд байгаа. Хүний биед оньстой хэсэг гэж бий. Буруу хэсэгт нь дараад ясыг  нь  хугалах, шөрмөсийг нь таслах, махыг нь  гэмтээсэн зэрэг асуудлууд гардаг. Харин мэргэжлийн эмч нар хүний биеийн бүтцийг сайн  мэддэг,  хаана нь дарж болох, ямар тос хэрэглэх ёстой вэ гэдгийг  зургаан жил  судалсан байдаг. Манайхан хүний амаар гартай “юмтай” гэж их ярьдаг.  Тэглээ гээд анагаахын боловсролгүй бол дэмий гэж зөвлөмөөр байна.  Оньстой цэгт  мэдэлгүй дарахад л  аюултай.  Бэрх оньс буюу амин хийн гүйдлүүд нь цэгүүдэд байдаг. Эмч нар мэдээд л байгаа хэрнээ эрсдлээс айдаг шүү дээ. Харин анагаахын бус бариач нар эрсдлийг тооцохгүй, бараа зарж байгаа юм шиг ханддаг л даа. Иргэд түүнийг л сайн ялгах хэрэгтэй. 

-Цэгэн бариа бас их чухал юм билээ? 

-Хүний биед хий  цусны бэлчирүүд  байдаг учир цэгэн бариа, төөнүүр  маш чухал. Халуун чулуу, бумбыг ч бас мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр хийлгэвэл үр дүнтэй байдаг.