ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ройтерс: Монгол Улс салаа замын уулзварт зогсож байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-28

Монголын нийслэл Улаанбаатар хотоос машинаар цаг гаруй давхиад үндэсний баатар Чингис хааны дурсгалын цогцолборт хүрнэ. Энэ цогцолборыг арав гаруй жилийн өмнө самбо бөхийн дэлхийн аварга, бизнесмэн, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга байгуулсан байдаг. Асар том ган цогцолбор дахь музейн хонгилуудад  13 дугаар зууны дайчдын залгамжлагчдын хөрөг зураг өлгөөстэй. Тэд бараг бүгд л харгис хэрцгий дайн тулааны үеэр амиа алдсаныг харж болно.  Монгол Улс эдүгээ уул уурхай, дэд бүтцийн төсөлтэй холбоотой олон нийтийн маргааныг шийдвэрлэх улс төрийн салаа замын уулзварт зогсч байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдлийн төлөөх тэмцэлд бэлтгэж буй. 

1990 оны хувьсгалын дараа ЗХУ-ын дагуул байсан тус улсыг  ОХУ, БНХАУ-ын дундах “Ардчилалын баян бүрд” хэмээн нэрлэдэг. 
Гэвч, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, парламентаас дэвшсэн Засгийн газар хоорондын эрх мэдлийн хуваарилалт тус улс орныг бараг л сүйрүүлж байна. Тэд том төслүүддээ ахиц гаргаж чадсангүй, бас агаарын бохирдол гэх мэт тулгамдсан асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй байгаа юм.  Х.Баттулга өнгөрсөн жил Монголын тулгамдсан асуудлаа шийдвэрлэх чадамжгүй байгаа нь системийн хямралтай холбоотой хэмээн тодорхойлсон.  Одоо тэрбээр Үндсэн хуулийг өөрчлөхийг оролдож байгаа бөгөөд улс төр дэх нэг хүний эрин үеийг бий болгож болзошгүй гэх болгоомжлолыг үүсгээд байна. 

Х.Баттулга Монголын 29 настай ардчилалыг үгүй хийх өчүүхэн төдий ч бодол байхгүй гэж хэлдэг. Тэрбээр манай сэтгүүлчид “25 гаруй жил өнгөрчихлөө. Гэсэн ч, 1990 онд бидний хүлээж байсан бүх зүйл огт өөрчлөгдсөнгүй. Өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгааг бид бүгд мэдэж байгаа. Харин өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг нь бидний яг одоо шийдэх асуудал юм” хэмээн ярьжээ. 

Улс төрийн шинжээч, “Сант марал” судалгааны байгууллагын тэргүүн Л.Сумати “Монголчууд Оросын Ерөнхийлөгч В.Путин, Казахстаны төрийн тэргүүн Назарбаев нарыг хүчирхэг удирдагчид хэмээн уухайлан дэмжиж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга тэр дүрд тоглохыг хичээж байгаа ч, чадахгүй. Миний бодлоор Монголд тэр үүргийг гүйцэтгэх хэн нэгэн байхгүй” хэмээн ярив. Монголын ашигт малтмалын ордууд улс төрийн ярианд илүүтэй давамгайлна. Гэвч тэр байгалийн баялгаас цөөн тооны хүн л ашиг хүртэж буйд иргэд бухимддаг. Монголын уул уурхай удаан хугацаанд улс төрийн зэвсэг байсаар ирсэн бөгөөд стратегийн ордыг  ард түмний мэдэлд авахыг олон нийт хүчтэй дэмжиж буйг судалгаа харуулдаг. Х.Баттулга ч сонгуульд ялалт байгуулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг сэрдэж, буруутгасан олон улстөрчдийн нэг. 

Тавдугаар сард зарим хууль тогтоогчид оюутолгойн уурхайгаас юу ч авч чадаагүй хэмээн гомдоллосон. Гэвч, Монгол 2039 оноос л ногдол ашгаа авах юм. “Рио Тинто” ч үүнд ямар нэг хариу ирүүлээгүй.  

Улаанбаатар хотын зах хэсэгт шороо тоос боссон Яармаг гэх суурин байрлана. Хэдэн арван жижиг байшинтай холбосон шороон зам хотын өвлийн утаанаас дайжсан монголчуудын тансаг зэрэглэлийн хорооллын хурдны замтай холбогдоно. Ойролцоо порше компанийн төлөөлөгчийн газар ч ажиллана. Яармагийн энэ л сууринд Ерөнхийлөгчийн бага нас өнгөрсөн бөгөөд тэндэхийн оршин суугчид улстөрчид амлалтаа биелүүлэхгүй байгаад бухимдана. Тухайлбал 56 настай Б.Эрдэнэбулган махны үнэ өсч, агаарын бохирдол нэмэгдсэн, орон сууцны хангамж муу, зээлийн хүү өндөр байгаа зэрэгт Засгийн газрыг буруутгаж байв. Тэрбээр “Юу ч өөрчлөгдсөнгүй” хэмээгээд, өөрийнх нь нөхөр Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг ангид сурч байсан гэлээ. Улмаар үргэлжлүүлэн “Бид маш том хүлээлттэйгээр Баттулгыг сонгосон. Гэвч, энэ хоёр жилд юу ч өөрчлөгдсөнгүй. Гэхдээ энэ бол тэр сайн эсвэл муу, тэр чадна, чадах ёстойн асуудал биш. Зүгээр л тэр маш их ганцаардаж байна” хэмээн ярих нь тэр. Л.Суматигийн  “Сант марал”-ын саяхан явуулсан судалгаа  монголчуудын бараг 70-аас илүү хувь нь УИХ, сонгуулиас илүү хүчтэй удирдагчийг дэмжиж буйг  харуулсан байна. Түүнчлэн, судалгаанд оролцогчдын дөрөвний гурав нь ардчилалыг дэмжиж байгаа ч, өнөөгийн тогтолцоог талаас илүү хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.  Тавдугаар сарын сүүлчээр Сүхбаатарын талбайд болсон Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон иргэн 34 настай Б.Амарзаяа “Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол арай дээр байх байсан гэж би бодож байна. Хүчтэй Ерөнхийлөгчтэй бусад улс орнууд илүү сайн сайхан амьдарч байна” гэж ярив. 

Х.Баттулга Ерөнхийлөгч “Бидний сонгосон загвараас жирийн иргэд л хамгийн их хохирсон” хэмээсэн юм. Гэхдээ аливаа өөрчлөлт  Ерөнхийлөгчид ашигтай байх албагүй. Одоо хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төсөлд тусгагдсан нэг заалт нь Ерөнхийлөгчийг бэлгэдлийн чанартай болгож, орон нь Ерөнхий сайдын албан тушаалыг бэхжүүлэх заалт юм.  “Учир нь УИХ улс орны нөхцөл байдлыг хянах үүрэгтэй ч, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж буй  нь бидэнд ажиглагддаг. Гэхдээ ихэнх тохиолдолд Ерөнхийлөгч ялагдаж байна” гэж улстөрийн шинжээч Л.Сумати ярилаа. Харин Ерөнхийлөгчийн компанийн байгуулсан Чингисийн цогцолборын тухай Сумати “Ерөнхийлөгч Монголын эртний хаадууд  хэр хугацаанд төр барьсныг  санах хэрэгтэй. Тэдний хаанчлал хоёр, гурван жил үргэлжилж, удалгүй алагдах, эсвэл хорлогдсон байдаг. 20 жил тасралтгүй төр барьсан ганц л хаан байсан. Гэхдээ энэ бол гайхамшиг байсан” хэмээв.