ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголд дроны үйлдвэр байгуулна

O.Admin
2024-12-08

“Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс Монгол Улсад дронтой холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгох, дроны технологи, ноу-хауг харилцан солилцоход бодлогын түвшинд дэмжиж ажиллана.

Ц.Баатархүү сайд “Монгол Улсад шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах зайлшгүй хэрэгцээ бий. Тэр дундаа, Засгийн газраас дрон хөгжүүлэх чиглэлд анхаарч, дроны тусгай бүс байгуулахаар болсон. Энэ чиглэлээр гурван ажлыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, дроны хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулах, хоёрдугаарт, дрон нисгэх оператор бэлтгэх, сургах, гуравдугаарт, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах, хүргэлтийн чиглэлд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Өнөөдөр байгуулсан санамж бичиг нь технологийн салбарт шинэ түүхийн хуудсыг эхлүүллээ” гэдгийг онцлов.

БНСУ-ЫН ТЕХНОЛОГИОР МОНГОЛД ДРОН ҮЙЛДВЭРЛЭНЭ

Мөн “Блью скай дрон” болон “Сандори дрон” компаниуд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монгол Улсад дрон үйлдвэрлэх, хөгжүүлэхэд БНСУ-ын технологийг нэвтрүүлэх юм.

“Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”-ны УЗ-ийн дарга Б.Мөнхболор “Ирэх хавраас Монголын нөхцөлд тохирсон 5 төрлийн дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, байгаль орчин, хөдөө аж ахуй, алсын зайн, сургалт, онцгой байдлын дрон үйлдвэрлэнэ. БНСУ-ын технологийн ноу-хауг нэвтрүүлж, -25-35 хэмд ажиллах 20-30 кг даацтай дроныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн” гэдгийг дурдав.

БНСУ-ын GCNC-ийн захирал Хонг Юн Гын “Хамгийн түрүүнд дроны эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Энэ чиглэлд өөрсдийн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Мөн дроны оператор бэлдэх, сургалт зохион байгуулахад хамтран ажиллана. Цаашлаад дрон үйлдвэрлэхэд технологийн шийдлүүдээ хуваалцана” гэдгээ дурдлаа.

БНСУ нь 2023 оноос хүргэлтэд дрон нэвтрүүлж, 2.3 км зайд 7 минутад хүргэлт хийж байна. Тус улсаас дроны стратегийн 4 бодлогыг хэрэгжүүлж, дроны хүргэлтийн стратегийг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Түүнчлэн алслагдсан бүсэд усны түвшин нэмэгдсэн тохиолдолд 5 кг ачааг хүргэдэг. Ингэхдээ хот доторх зам, маршрутыг тогтоож, нарийвчилж өгчээ.  Хөдөө аж ахуйн салбарт 2 га газарт 28 минутад хор цацах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ мэтээр орчин үед дроныг тоглоомоос илүүтэй мэргэжлийн түвшинд ашиглаж байна.