ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-05

Өчигдөр болсон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийт 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын эхэнд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм. Журмын танилцуулгыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын захирал Б.Сүхбаатар хийлээ.

Эл журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй тусгажээ. Ингэхдээ Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан байгуулж түүгээр иргэн, хуулийн этгээдийн зүгээс орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтээ илгээн захиалах бүрэн боломжтой байхаар тусгасан байна.

Нөгөөтэйгүүр орон сууцаа худалдах, түрээслэх төсөл хэрэгжүүлэгч, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд мэдээллээ байршуулах боломжтой юм. Ийнхүү хоёр талын мэдээллийг Орон сууцны мэдээллийн сангаар дамжуулан бүртгэлжүүлж, цахим хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн есөн дүүрэгт төвлөрөөд байгаа түрээсийн орон сууцанд хамрагдахтай холбоотой өргөдлүүдийг нэгдсэн системд бүртгэх боломж бүрдэх юм.

Нөгөөтээгүүр иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх, иргэдийг түргэн шуурхай, бодит мэдээллээр хангах давуу талтай болохыг танилцуулгын үеэр дурдсан. Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн зүгээс www.nosk.gov.mn цахим хуудас болон гар утасны NOSK аппликейшнээр хандан, мэдээлэл түгээх, хүлээн авах боломж бүрдэж буй юм.