ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Баярсайхан: Хугацаа алдсан бол мөнх цэвдэг хайлж, өрөм, шар тос муудах байлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-16

700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворуудыг өнөөдөр Үндэсний музейд танилцууллаа. Судалгааны багийнхан алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байгаа аж.

Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэг, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд байгаа юм .

Энэ үер Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан хэлэхдээ, "Хэдийгээр ховор олдвор олдсон ч эдгээр олдворыг тонуулчдад тоногдсон булшнаас олсон гэдгийг хэлж байгаадаа харамсаж байна. Бид 40 хоног ямар ч амралтгүй ажилласан. Бүх булшийг шигших, авран хамгаалах ажиллагааг явуулсны дүнд энэхүү олдворыг олж чадлаа

Анх 2016 онд  архелогийн судалгааны хажуугаар орон нутгийн иргэдтэй ярилцлага хийдэг. Энэ үеэр бид Баттөмөр гэдэг эгчтэй уулзахад хүмүүс тоносон булшны талаар мэдээлэл өгсөн. Ингэхэд нийт 100 гаруй булшийг бүгдийг нь тоносон байсан. Архелогийн малтлагыг хийх зөвшөөрөл авсны дараа буюу жилийн дараа малтлага хийсэн. Судалгааны багийнхан тонуулчид метал хайгчаар илрүүлж чадаагүй 10 гаруй ваарыг олсон. Цэвдэгт дотор хадгалагдаж үлдсэн дөрвөн ваарны гурав нь өрөм, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Бид хугацаа алдсан  бол мөнх цэвдэг хайлж, өрөм, шар тос муудах байлаа" гэсэн юм. 

Малтлага хийж авсан олдворуудыг цаашид судалгааны ажил хийх шаардлагатай бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран хийхээр ярилцаж байгаа аж.  Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн археологчид мөн эдгээр үнэт олдворуудыг танилцуулаад зогсохгүй, цаашид монголын өв соёлыг хайрлан хамгаалах ёстойг хэлж байлаа. Мөн олдлворуудыг цаашид  хамгаалахад асуудал бий гэдгийг тэд онцоллоо.