ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Япончууд Чингис хааны нэрээр хоол нэрлэхээ боль

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-08-26

Японы “newsweek” сэтгүүлийн өнгөрөгч долдугаар сарын дугаарт нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Уг нийтлэлийн гарчиг нь “Ким Кардашианы кимонод уурссан япончууд Чингис хааны нэртэй хоолныхоо нэрийг өөрчил” юм. Тус нийтлэлийг Шизүока их сургуулийн Өвөрмонгол профессор Ян Хайин бичжээ. Реалити шоуны од Ким Кардашиан Уэст өөрийн нэрийн галбиржуулагч дотуур хувцасны шинэ брэндээ “кимоно” хэмээн нэрлэж, олон нийтэд танилцуулсан удаатай. Гэвч, энэ нь Японы ард иргэдийн дургүйцлийг хүргэж, цахим эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас Ким Японы уламжлалт зан заншил, соёлыг нь хүндэтгэн үзэж, шинэ брэндийнхээ нэрийг өөрчлөхөөс аргагүйд хүрсэн юм. Гэвч, Ким Кардашианыг соёлыг нь хүндэтгэсэнгүй, хулгайллаа хэмээн буруутгаж байсан япончууд өөрсдөө ч бусдын бахархал уламжлал, соёлыг үл хүндэтгэж буйг профессор Янг уг нийтлэлээрээ хөнджээ. Тус нийтлэлийг япон хэлнээс орчуулан хүргэж байна. 

“Галбиржуулах даруулгаа кимоно гэх нэрээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна” хэмээн Америкийн реалити шоуны од Ким Кардашиан зургадугаар сарын 25-нд 140 сая дагагчтай инстаграмм хуудастаа нийтэлсэн. Гэвч тэр даруйдаа л япончуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эхлээд Киото хотын захирагч “Кимоно нь Японы уламжлалт хувцас төдийгүй бидний амьдралд маш чухалд тооцогдон үеэс үед өвлөгдөж, улам боловсронгуй болж хөгжиж буй соёл юм” хэмээн тайлбарлаж, нэрийг дахин бодож үзэхийг уриалж байв. Улстөрчид нь ч дуугүй суусангүй. Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд нь сайтар нягталж үзэхийг АНУ-ын Патент барааны тэмдгийн газраас шаардсан бол цахим орчинд брэндийг бүртгэхийг эсэргүүцсэн хүний тоо тасралтгүй өсч 130 саяд хүрсэн билээ. Эцэст нь Ким Кардашиан “Сайтар бодож үзээд брэнддээ өөр шинэ нэр өгөхөөр болсон” хэмээн уг нэрийг өөрчилж буйгаа мэдэгдсэн юм. 

Би энэ удаа “кимоно” хөдөлгөөнд дуу хоолойгоо нэгтгэсэн  жирийн япончууд, сэхээтнүүд гайхалтай зүйлийн ард гарч чадсаныг магтан сайшаамаар байна. Үүний зэрэгцээ ирэх жил болох Токиогийн олимп, паралимпыг угтан бусдын соёлыг хүндэтгэх шаардлагатай тулгарч буй Японд зайлшгүй сануулахыг хүссэн хоолны нэр байна. Энэ нь зөвхөн Японд л байх “Чингис хаан” гэх хоол. Энэ хоолыг хийх их амархан. Хонины махыг хайруулын тавганд шараад л болчихдог. Гол асуудал нь нэрэндээ байна. Чингис хаан бол Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан баатар эр. Японы сүмо бөхийн дэвжээнд амжилттай яваа их аваргуудын төрсөн нутаг Монгол Улсын “Чингис хааны улс” гэх нэрээр аль хэдийнэ танигдсан. 

Хятадын монгол овгийнхон ч өөрсдийгөө “Чингис хааны үр сад” гэх бөгөөд Хятадын Засгийн газар ч үүнийг нь хүлээн зөв­шөөрдөг. Зөвхөн Монгол ч биш. 

Төв евразийн турк угсаатан болох Казах, Узбек хүмүүс ч Чингис хааны залгамжлагчид гэгддэг бөгөөд “Чингис хаан” гэх үгийг Турк хэлнээс гаралтай гэх онол бий. Тэд Чингис хаан гэх үгийг сонсоод л сэтгэл нь хөдөлж, омогшиж байдаг. 1917 оны Оросын хувьсгал, 1949 онд БНХАУ байгуулагдах хүртэл Евразийн өнцөг булан бүр дэх нүүдэлчдийг Чингис хааны үр удмынхан удирддаг байв. Товчхондоо монголчуудын хувьд Чингис хаан бол япончуудынхаар эзэн хааны гэр бүлтэй ижил байр суурьтай тул  хоол ундны нэр байж яавч таарахгүй. 

2005 оны дөрөвдүгээр сард би Японы нэгэн сонинд “Чингис хаан гэх хоолныхоо нэрийг өөрчлөөч” гэх нийтлэл бич­сэн. Тухайн үед нийтлэлдээ “Хэрвээ монголчууд Улаан­баатарт “Тэнно шарсан мах” гэх хоол гаргавал япон хүнд ямар санагдах вэ” гэж бичсэн. Гэтэл редактор нь над руу ярьж, зөвхөн “Тэнно” гэсэн хааны нэрийг хасья гэсэн санал тавьж, эцэст нь тэр өгүүлбэрээ “Япончуудын хүндэлдэг түүхэн хүний нэрээр нэрлэсэн хоолоор үйлчилбэл ямар санагдах вэ” болгон өөрчилж байв. 

Япончууд ингэж л өөрсдийн соёл, түүхээ дээдлэн хайрладаг. Тэгсэн атлаа Евразийн хүмүүсийн ч гэсэн дээдлэн хүндэлдэг хүний нэрээр шарж иддэг хоолоо нэрлэчихсэн. Энэ бол жирийн нэг давхцал биш. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард худалдаанд гарсан “коро коро комик” сэтгүүлд Чингис хааны хөрөг зураг дээр хачин дүрс  шоглож зурсан тохиолдол гарсан. Тухайн үед Асашёорюү Д.Дагвадорж бухимдаж, Японд байдаг монголчууд хэвлэлийн компанийн өмнө эсэргүүцлийн жагсаал хийж, Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлж байв. 

Хэрэв галбиржуулагч даруул­гыг кимоно гэж нэрлэх нь “соёлын хулгай” гэж үзэж байгаа бол япончууд өөрсдөө Монголоос Чингис хааныг хулгайлахгүй байвал сайн сан.