ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Суурьгүй бөх

А.ОДСҮРЭН
2019-09-09

Нэр нь бол баттай суурь буюу Батсуурь гэж нэг аварга бөх Монголд бий. Ааг омог нь дийлдэшгүй нэг тийм аварга. Нисэх буудлын ажилтнуудтай зүй бусаар харилцаж, доромжилсон “хэргээр” дуулиан дэгдээв.  Монголчууд Монгол гэсэн юм бүхэндээ эрдүү, дээрэлхүү, доромж маягаар харилцдаг нь хатуу боловч үнэн үг.

Хүний нутгийн онгоцны буудал дээр үйлчлэгч, цэвэрлэгчээс нь хүртэл айж бэмбэгнэдэг мөртлөө Монголдоо буунгуут, эсвэл нисэхээр очоод нисэх буудлын хэн дуртай руу нь чичилж, түмэн зүйлээр доромжилж, дээрэлхэх гэж үзнэ.  Суурь аваргын “ажилгүй болгоно” гэдэг бол энгийн л доромжлол.

Вип өрөөгөөр үйлчлүүллээ гээд бөхийн цол чимэг нэмэхгүйгээс хойш энгийн хаалгаар ороод гарахад түүнийг хэн ч муу хэлэхгүй. Нөгөөтэйгүүр тэр өөрийгөө буруугүй гэж лайв хийж байсан. Өмөөрөх хүн байсан ч өөлөх хүн тэднээс хувь илүү байсныг хэлмээр байна. Суурь аварга угийн буурь суурьгүй, аархуу, омгорхуу гэдгийг нь мэдэх хүмүүс мэднэ. Түүний дуулиан тасралтгүй үргэлжлэх нь гайхалтай.

Наадам болгоноор дуулиан тарина. Намрын их ажил дуустал, дараа жилийн наадам болтол ярих юмтай болгоно. Өвөрхангайн залуу бөхийг ар нуруугаар нь тасхийтэл шидчихээд “унасан бөхөөс уучлалт гуйхгүй” гэсэн. Үндэсний бөхийн хамгийн хориотой мэх хийж, хүн гэмтээчихээд тоогоогүй. Тэр жил Ч.Санжаадамба аваргатай учраа таарч барилдахдаа эгээтэй л завжийг нь цуулчихаагүй.  Аавтайгаа нийлж цагдаа зодсон гэж яригддаг. Энд тэнд явахдаа ч тэр, улсын наадамд барилдахдаа ч тэр монгол бөхийн жудаг, монгол эрийн ноён нуруу намба төрхөө гээж орхисон Суурь аваргыг хүндлэх сэтгэл нэг л төрдөггүй нь хачин. Гэхдээ ойлгомжтой. Энэ мэт авир нь монголчуудад таалагддаггүй юм.

Улсын наадамд барилдаж байсан нутгийнх нь бөх учраа бөхөө унагахад “хохь нь” гээд зогсч байсан бөх. Гэхдээ тэр аварга болоогүй байсан л даа. Одоо харин тэр аварга. Тэнхээтэй байж болно, тэнэг байж болохгүй гэж хэн нэгний хэлсэн үг юутай үнэн. Аварга, тэр тусмаа монгол бөхийн аварга хүн үг үйлдэл бүрээ цэнэж, ноён нуруутай, уужим дөлгөөн байхдаа л жинхэнэ аварга шиг харагддаг юм шүү, Суурь аварга аа.