ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МАН-ын амлалтыг биелүүлэх гэж 240 сурагч үйлээ үзэж байна, Ё.Баатарбилэг сайд аа

O.Admin
2019-09-11

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн 240 гаруй сурагч МАН-ын хэрэгжээгүй амлалтын золиос болж байна, Ё.Баатарбилэг сайд аа. “Энэ хичээлийн жилээс эхлэн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэнэ” гэсэн танай намын амлалтыг 3, 4 дүгээр ангийн бяцхан жаалууд биелүүлэхийн тулд хэдэн жил жуулчны автобусаар зөөлгөх ёстой юм бол. Та хариулт өгч чадах уу. Сургуулийн босго алхаад 2-3 жил ч болоогүй, аав ээжийнхээ өврөөс ч бүрэн гарч чадаагүй жаалууд өглөө 07.20 цагт 118 дугаар сургуулийн гадна цуглацгаах аж. Харин тэндээс жуулчинд явж байсан гурван том автобусанд хуваагдан сууцгааж, Морингийн даваанд байрлах сургууль руу боловсрол эзэмшихээр явж байх юм. Энэ ариун явдал уу. Цүнхээ дааж ядан үүрсэн бяцхан үрс сургуулийн гаднаас өдөр бүхэн ачигдаж, ирж, очихдоо 10 гаруй км зам туулан боловсрол эзэмших нь таны, танай яамны дарга нарын, танай намын хурган дарга нарын хувьд асуудал биш юм шиг санагдаж мэднэ. 

Гэвч даргын хүүхэд хувийн автомашинаараа, эсвэл сургуулийн тохилог автобусаар өдөр бүхэн гэрийнхээ гаднаас сургууль хүртлээ зөөлгөж, байхад ардын хүүхэд харин Ардын намын амлалтыг биелүүлэх гэж 10 гаруй км замд автобусаар сэгсчлүүлж байх юм. Урин дулааны цагт энэ нь асуудал биш байж болно. Өглөө эртлэн яваад, өдөр ирчихдэг учраас түүртэхгүй гэж булзааруулах байх. Гэвч дүн өвлийн хүйтнээр хэрхэх вэ, сайд аа. Өглөө 07.20 цагт амжиж автобусандаа суухын тулд хамгийн эрт гардаг нь 06.00 цагт гэрээсээ гарах болно. Харанхуй шөнөөр гэсэн үг. Тохилог машинтай хүргүүлж ирэх хүүхэд байхад, автобус хүлээж зогсдог хүүхдүүд ч бас олон бий. Тэдэнд унаа олдох уу. Олдлоо гэхэд амжаад ирэх үү. Энэ мэтээр олон асуудал үүсч таарна. Нийслэлийн 118 дугаар сургуулийн багш, удирдлагууд эртнээс л сургуулийн өргөтгөл бариулах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн гэнэ лээ.

“Буянт-Ухаа-1,2”, “Шинэ Яармаг” зэрэг томоохон хороолол олноор баригдсан учраас сургуулийн ачаалал ч тэр хэрээр нэмэгдээд байгаа. Тиймдээ ч гурван ээлжээр хичээллэж, элдвийн сонгон, дугуйлангуудыг цуцлах байдлаар ачааллаа нимгэлж, өнөөдрийг хүрсэн байдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн удирдлагууд энэ асуудлыг шийдэж өгөхийн оронд 3, 4 дүгээр ангийн бүх хүүхдийг Морингийн даваа руу “цөлжээ”. Энэ нь хоёр ээлжээр хичээллүүлэх намын амлалтыг биелүүлж байгаа нэг хэлбэр бололтой. Гэтэл тийм хол цөлөхийн оронд хажууханд нь байгаа сургуулиудтай гэрээ хийх байдлаар асуудлыг зохицуулж болох байсныг эцэг, эхчүүд хэлж байна. 60 дугаар сургууль гэх мэтээр ачаалал бага байгаа сургуультай зохицоод, өргөтгөл ашиглалтад орох хүртэл асуудлаа шийдэх боломж байсан ч үүнийг сургуулийн удирдлагууд нь ч олж хараагүй хэрэг үү.

Эцэг, эхчүүдийн хэлж буйгаар хүүхэд зөөх эдгээр автобусны компанитай 70 гаруй сая төгрөгийн гэрээ хийжээ. Гэтэл тус компани нь ашиггүй байна гэсэн шалтгаанаар гэрээгээ цуцлах тухай асуудал ч яригдаж байгаа гэх. Дахиад л нэг компани олно. Дахиад гэрээ хийнэ. Ашиггүй гэвэл дахиад л гэрээ цуцална. Энэ байдлаар хэдэн ч удаа компани нь солигдохыг хэлэх аргагүй юм. Хамгийн сонирхолтой нь Дорноговь аймгийн серитэй жуулчны автобус түмний олон зуун хүүхдийг сургуульд нь тээвэрлэж байна. Улсын сургуулийн хүүхдийн автобусны стандарт энэ юм уу, сайд аа. Хэрэгжээгүй амлалтаа хэрэгжүүлсэн болж харагдуулахын тулд хэчнээн хүүхдийн хувь заяагаар наадах  юм бэ, танай нам. 

Б.Эрхэс