ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“School police” яагаад чухлыг хүүхдүүдэд ойлгуулъя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-11

Өчигдөр өглөө 07.20 цагаас эхлэн “School police” хийх үүрэг даалгавар авсны дагуу хүүхдийнхээ сургуульд эртлэн очив. Мэдээж сургуулийн орчин, сурах анги танхимын тухайд яриад байх зүйл алга. Нисэх орчмын сургууль дотроо л дотоод үзэмж, гадна орчноороо үлгэр жишээ сургуулийн нэг. Багшлах боловсон хүчний чадавх ямар вэ гэдгийг дотор нь орж үзээгүй учраас дүгнэж хэлэхэд эрт билээ. Гэхдээ шүүмжлэх асуудал мэдээж байгаа. Юутай ч сургуулиас өгсөн хантааз, улаан мод хоёрыг барьсаар дөрвөн эцэг, эх тус тусын хуваарилсан хэсэгт очлоо. Миний хувьд эхлээд сургууль орчмын хөдөлгөөнийг зохион байгуулах үүрэгт оногдов. Сургуулийн гадна хүүхдүүдээ хүргэж ирж байгаа эцэг эхчүүдийн машиныг зохицуулах, мөн сургуулийн гаднах замаар хөндлөн гарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэсэн үг. Мэдээж ухамсартай, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог олон хүн бий. Харин хэлсэн үгийг сонсохгүй, тавьсан шаардлагыг дуулахгүй, дуулсан ч үл тоох хүмүүс ч олон байх аж.

Сургуулийн гаднах зогсоол жижиг гэдгийг мэдсээр байсан атлаа буцаж эргэх үйлдэл хийх, түгжрэл үүсгэх гэх мэтээр бэрхшээлтэй асуудал ч тулгарна. Ийнхүү 40 орчим минут бужигнасны дараа хичээл эхэлж, сургуулийн гаднах орчин нам гүм болов. Энэ хугацаанд эргүүл хийж байгаа эцэг эхчүүдэд хийх ажил олдсонгүй. Ганц нэгээр явж байгаа хүүхэд ч харагдсангүй. Бүгд л хичээл сургуульдаа орчихсон учраас хичээлийн дундуур гарч явах, эсвэл хоцорсон хүүхэд байгаагүй учраас тун ч нам тайван орчинд нарлаж суусаар, дараагийн ээлжийг хүлээв, бид. Харин ид ажил дахиад л 12.00 цагаас эхэлнэ дээ. Эхний ээлжийн хичээл тарах дөхөж, мөнхүү хоёрдугаар ээлжийн хүүхдүүд хичээлдээ ирж эхэлдэг учраас “School police” нар ч тус тусын үүрэгт ажилдаа гарцгаалаа. Үдээс хойшхи ээлжийн хүүхдүүд ирэх үеэр миний хувьд Нисэхийн автозамын гэрлэн дохиогүй гарц дээр зогсох ажилд оногдлоо.

Тус сургуулийн сурагчид ихэвчлэн Нисэх, Буянт-Ухаа-1, 2 дугаар хорооллоос ирдэг аж. Тиймээс хүүхдүүд Нисэхийн уулзвар тойрч эргээд хамгийн эхний автобусны буудал дээр буугаад явган хүний гарцаар гарцгаана. Харин тэнд гэрлэн дохио байхгүй. Зөвхөн гарц л бий. Тиймээс ч хоёр талаас ирж буй машины сиймхий, зав зайг ашиглан гарна. Энэ байдал олон ч жил үргэлжиллээ. Сургуулийн захиргаа, дүүргийн иргэд удаа дараа хурд хязгаарлагч тавьж өгөх, сургууль орчмын аюулгүй байдлыг хангуулах хүсэлтийг дүүргийнхээ ЗДТГ, тойргийнхоо гишүүдэд тавьсан ч шийднэ гэсэн хариу өгөөд олон оныг өнгөрүүлжээ. Миний хувьд ч ээж хүнийхээ хувьд, яг л тэр эрсдэлтэй замаар хүүгээ сургуульд нь хүргэж өгдөг зовлонг мэддэг учраас сургуулийн захиргаа болон тэр тойргоос сонгогдсон хүмүүст олон удаа өргөдөл гомдол гаргаж байлаа. Гэсэн ч шийдэж чадаагүй юм. Яригдаж байгаа гэдэг ч шийдлээ олоогүй. Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэгч манай тойргоос сонгогдсон ч энэ мэт энгийн асуудлыг ор тас орхигдуулж ирснийг худлаа гэж хэлэхгүй л байх. Гэтэл Нисэхийн автозамыг хурдны зам гэж эндүүрсэн хэсэг бүлэг ухаангүй жолооч нар тэнд зорчигч явж байгааг ч үл хайхран давхилдах нь аймшигтай.

Ялангуяа нэгхэн цагийн хугацаанд сургуулийн хүүхдийг хоёр тал руу зам гаргахаар дохиж зогсоох үед хамгийн увайгүй, бүдүүлэг үйлдлийг эмэгтэй жолооч нар гаргалаа. Нэг, хоёр ч биш нэлээд олон эмэгтэй жолооч нар ийм үйлдэл гаргасан учраас энэ удаа дуугүй өнгөрч чадахгүй нь. Бусдын нялх үр гарцаар гарахаар зогсож байхад, дохио өгч байгааг ч үл анзааран хурдаа нэмэх тэдгээр эмэгтэй жолооч нарт ухамсар байдаг юм уу гэдэгт эргэлзмээр. Мөн тавхан алхмын хажууд явган хүний гарц байхад хүүхдээ чирсээр машин дундуур зүтгэх аав, ээжүүд ч тэдний дунд олон. Ухамсартай жолооч нар хүүхэд гэрлэн дохион дээр ирснийг хараад л бүгд хурдаа сааруулан гаргаж байлаа. “School police” буюу эцэг эхчүүдийн хяналтыг нэмэгдүүлэх талаар НИТХ-ын тогтоол гарсны дараахан энэ ажлыг ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй хүмүүс олон байсан. Харин өнөөдөр яагаад чухлыг, тэнд мод бариад зогсож байгаа аав, ээж ямар үүрэг гүйцэтгэж байгааг мэддэг болчихсон, өөрсдөө ч хийгээд үзчихсэн учраас жолооч нар хүлээцтэй ханддаг болжээ. Гэвч бүдүүлэг, соёлгүй, увайгүй жолооч нар ч нэг биш таарсны дотор олонхи нь эмэгтэйчүүд байсан нь хэчнээн харамсмаар санагдсан гэж бодно. Хүүхдээ чирээд зам хөндлөн гүйж байгаа хүмүүс дунд ч ээжүүд олон байгааг харахаар яаж үлгэрлэж, ямар хүн бэлтгэж байгаагаа ухаарах цаг болжээ гэж эмэгтэйчүүддээ зориуд уриалмаар санагдсаныг нуух юун. Мөн энэ ажлыг хийж зогсох хугацаанд хүүхдүүд ч гэрлэн дохиогүй газраар гүйх юм. Хэдхэн алхаад явган хүний гарц, тэнд нь “School police” зогсож байхад машин дундуур гүйж, өөрсдийгөө болон хамт яваа найзуудаа эрсдэлд оруулж байлаа. Тиймээс сургуулийн захиргаа, ангийн багш нар нь “School police” ямар үүрэгтэй, яагаад тэнд зогсдог талаар тодорхой ойлголт өгөх хэрэгтэйг зориуд сануулъя.