ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Ганзориг: Газрын тосны үйлдвэр барих газрыг өргөтгөсөн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-03

Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн аж. Хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзоригоос тодрууллаа. 

-Дорноговь аймагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг хэлэлцсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар чухал шийдвэр гарсан бэ? 
-Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 250 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргалаа. Өмнө нь 150 га газрыг газрын тосны үйлдвэрийн тусгай  хэрэгцээнд аваад байсан юм. Харин нэмэлтээр 250 га газрыг мөн тусгай хэрэгцээнд авснаар нийтдээ 400 га газрыг газрын тос боловсруулах үйлдвэрийн тусгай хэрэгцээнд авч байна. 

-Бусад бүтээн байгуулалтын ажлууд ямар шатанд явж байгаа вэ. Үйлдвэрээ яг хэзээнээс барьж эхлэх вэ?
-Есдүгээр сарын 08-ны өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсад айлчилна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн явцтай танилцах юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд маш богино хугацаанд хийгдэж дууссан. Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугам зэрэг ажлууд хийгдэж дууссантай холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүдийг зөөвөрлөх ажил ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ. Үйлдвэрийн ТЭЗҮ ирэх арваннэгдүгээр сар гэхэд эцэслэгдэн гарна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчлах үеэр уг үйлдвэрийн санхүүжилтийг бүрэн шийдсэн шүү дээ.  Тус улсаас нийтдээ хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа вэ? 
-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсноо Энэтхэгийн тал илэрхийлсэн. Ингэснээр нэг тэрбум 260 сая ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2023 он гэхэд хийгдэж дуусна. Тус газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 600-700 орчим ажлын байр бий болж, ам.долларын гадагшаа урсгал жилдээ 20-30 хувиар буурах юм. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум ам.доллар дотооддоо үлдэж төгрөгийн ханш ам.долларын эсрэг мөн 20-30 хувиар чангарах боломжтой. Ингэснээр иргэдийн бодит орлого өсч,  улсын болон орон нутгийн татварын орлого нэмэгдэх, дотоодоосоо шатахуунаа худалдаж авах, гаднын зах зээлийн үнийн савлагаанд өртөхгүй байх зэрэг олон эерэг талтай

-Засгийн газрын хуралдаар хүүх­дийн мөнгийг арилжааны банкаар дамжуулж олгохгүй байх шийдвэр гаргасан. Яаж олгоно гэсэн үг вэ? 
-Засгийн газрын хуралдаанаар хүүх­дийн мөнгө олгохтой хол­боо­той өөрчлөлтийг хийлээ. Хүүх­дийн мөнгөний санхүүжилтийг Монгол­банкнаас арилжааны банкаар дамжуулах шат дараалалтай байсан. Үүнд өөрчлөлт оруулж, сар бүрийн 20-ны өдөр Төрийн сангаас тухайн хүүхдийн дансанд мөнгө нь байршиж байхаар өөрчлөлт оруулж, зохицууллаа. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу хүүхдийн мөнгийг олгоод байна. 

-Ургац хураалтын талаар мэдээлэл өгөөч? 
-Урьдчилсан балансаар 442 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 177 орчим мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, малын тэжээлийн ургамал 80 мянган тонныг хураан авах боломжтой гэсэн тооцоо гарсан. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт ургац хураалт хэвийн буюу 41-59 хувьтай. Харин Сэлэнгэ, Төв аймагт таримлын болц оройтсон зэргээс дөнгөж эхэлж байна.