ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Аюурсайхан: Манай улсын дипломатуудыг үл итгэсэн байдлаар байнга шалгаж байгаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-04

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Польш улсад эрэн сурвал­жилж байгаа гэх 69 хүний нэрийг зарлаж, багагүй шуугиан тарилаа. Гэтэл эдгээр хүмүүсийн дийлэнх нь ажлаа хүлээлгэж өгсөн, нас барсан хүмүүс байгаа юм билээ. Зарим хүмүүс үүнийг сонгуультай холбон тайлбарлаж байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Би энэ материалыг Гадаад харилцааны яамнаас шаардаж байж авсан. Энд ирүүлсэн нэрсийг би ямар нэг байдлаар өөрчлөх эрхгүй. Зарим нэг нь нас барсан хүмүүс байгаа юм билээ. Гадаад харилцааны яаманд 2009 оноос хар тамхи болон бусад хэрэг зөрчлүүд байсан. Үүнийг нь үе үеийн сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар мэдэж байсан боловч, хэрэг зөрчилд холбогдон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг удаа дараа, дахин дахин Элчин сайд хүртэлх албан тушаалд томилж ирсэн. Үүнийг л таслан зогсооё гэсэн үүднээс энэ асуудлыг ил гаргаж, нийтэд нэрсийг нь зарласан юм. Энэ ч үүднээсээ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд явж байгаа. Үүнд ямар нэг сонгуулийн асуудал байхгүй. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд миний хийх ёстой, таслан зогсоох ёстой асуудал мөн биз дээ. 

-Үе үеийн сайд, дарга нар энэ асуудлыг мэдэж байсан гэж та хэллээ. Тэгэхээр мэдсээр байж томилгоо хийж байсан гэсэн үг үү?

-Мэдэхийн дээдээр мэдэж байсан. Асуудлын гол нь үүнд л байгаа юм. Д.Цогтбаатар сайд ч энэ талаар мэдэж байсан.  Би байнгын хорооны даргын хувьд үүрэг өгч байгаад цагдаагийн байгууллагад хүргүүллээ. Яагаад энэ хүмүүс өнөөдрийг хүртэл зүгээр байгаад байгаа юм бэ. Албан тушаалаас нь чөлөөл, хариуцлага тооц гэдгийг хэлсэн. Д.Цогтбаатар сайдаас би яагаад зарим хүмүүсийг нь дахин, дахин томилсон юм бэ гэдгийг ч асуусан. Зүгээр нэг янжуурын ганц, хоёр удаагийн тээвэрлэлт гээд орхиж болохгүй. Үүний цаана дипломат алба, Монгол Улсын нэр хүнд явж байгаа. Монголын дипломат албаны нэр хүнд шалдаа унаж, түүнийг дагаад улсын нэр хүнд унаж байна. Дипломат эрх ямба эдэлж байгаа хүмүүс Монгол Улсын дипломат шууданг тээвэрлэхдээ венийн конвенцийн дагуу халдашгүй дархан эрхтэй явах ёстой байдаг.

Гэтэл манай улсын дипломатуудыг үл итгэсэн байдлаар байнга шалгаж байгаа. Энэ бол Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Тамхи гэдгээр нь тоохгүй өнгөрөөгөөд, өөгшүүлээд байвал эцэстээ хар тамхины сүлжээ болж байгаа нь худал биш. Тамхи зөөгөөд ял завшаад яваад байж болдог учраас хар тамхи ч болно гэсэн ойлголт сууснаас асуудал гарч байгаа юм. Ийм байдалд хүрчихсэн байхад таслан зогсоох нь миний хийх ажил мөн биз дээ. Ямар юмных нь сонгуулийн шоу, улс төр байх юм бэ. Байнгын хорооны даргын ажлыг өнгөрөгч тавдугаар сард аваад хамгийн түрүүнд орсон ажил маань энэ.

Намайг ажил авч байх үед ХБНГУ-д манай улсын  дипломатч их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан байсан. Энэ бол ганц удаагийн үйлдэл биш. Ганц хоёрхон хүний хийсэн ажил ч биш. Газар авчихсан асуудал учраас нийтээрээ хамтарч тэмцэх ёстой. Дан ганц байнгын хороо шийдчих асуудал ч биш. Эрэн сурвалжилж байгаа 69 хүний нэрсийг ил болгосноос хойш хэвлэл мэдээллийн байгууллагынхан нэлээд анхаарал хандуулж, эрэл сурал болж байгаад талархалтай байгаа. Би мянга шаардаад, хариуцлага тооцуулж чадаагүй хүмүүсийг сэтгүүлчид ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаа өгөхөд хүргэж чадаж байгаад баярлаж байна.

-Эрэн сурвалжилж байгаа гэх 69 хүн ямар ямар хэрэгт холбогдсон юм бэ. Ихэнх нь тамхины хэрэгтэй холбоотой юм уу. Та сая сүлжээ бий болчихсон гэж хэллээ?

-Энэ хүмүүсийг ямар хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагын сайт дээр байгаа. Гэхдээ польш хэлээр бий. Үүнийг хэрхэн англи хэлд хөрвүүлж үзэх вэ гэдэг заавар нь бий. Ер нь дийлэнх нь бичиг баримт хуурамчаар үйлдсэн, ашигласан, татварын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдсон юм билээ. Мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон гэдэг үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа хүн ч багагүй бий юм билээ. 

-Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон гэх хэрэгт ямар хүмүүс холбогдсон талаар мэдээлэл өгч болох уу. Энэ хүмүүсээс одоо төрийн алба хашиж байгаа хүн бий юу?

-Одоохондоо энэ талаар мэдээлэх шаардлагагүй гэж бодож байна. Тогтоогдоогүй, баримт багатай асуудлыг ярих нь хүний эрхэнд халдсан болно. Цаг хугацаа л бүхнийг харуулдаг шүү дээ. 

-Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор хоёр намаас дахин зөвшилцөх ажлын хэсэг гарсан гэх мэдээлэл бий. Хэрэв хоёр тал зөвшилцөлд хүрвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх АН болон Ерөнхийлөгчийн саналыг дахин хэлэлцэнэ гэсэн үг үү? 

-Хуулийн дагуу бол УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна, эсвэл авахгүй гэсэн шийдвэр гаргана. Хоригийг хүлээж авахгүй бол ард нийтийн санал асуулга руугаа орох юм. Ард нийтийн санал асуулга явуулах товыг одоогоор тогтоогоогүй байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулна гэсэн УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авахгүй гэвэл тоо тогтоож, санхүү мөнгөний асуудлыг УИХ-ын дараагийн жилийн сонгуультай нэгтгэх үү, эсвэл тодорхой хугацаа товлож, түүндээ зориулан төсөв гаргах уу гэдгээ шийдээд явна. Харин хоригийг хүлээж авбал ард нийтийн санал асуулгыг явуулахгүй гэсэн үг. Тэгэхээр гуравдугаар хэлэлцүүлгээ УИХ-аар хийх нөхцөл байдал бүрдэнэ. Гуравдугаар хэлэлцүүлгийг хийхдээ хоёрдугаар хэлэлцүүлэгт ороогүй саналууд буюу АН болон Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналуудыг хэлэлцэх хуулийн боломж байхгүй. 

-МАН-ын бүлгийн шийдвэр зөв гэсэн үг үү?

-Зөв байлгүй яахав. Үндсэн хууль бол ард түмний эрх ашиг. Ард түмний зөвшөөрөл, оролцоогүйгээр өөрчлөлт хийх боломжгүй. Ард нийтийн саналаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дэмжигдэхгүй бол зогсоно. Хэрвээ дэмжвэл Цэц ямар ч шийдвэр гаргах эрхгүй, Ерөнхийлөгч ямар ч хориг тавих эрхгүй.

Шууд хэрэгжээд эхэлнэ гэсэн үг. Хэрэв ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр гуравдугаар хэлэлцүүлэг явбал, Цэц хориг тавьж болно. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд нэмэлт өөрчлөлтөд хориг тавьж болно. Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийг харж байхад хоригийг хүлээж аваад, гуравдугаар хэлэлцүүлэг орсон ч гэсэн хоригт дурдсан үндэслэл нь арилахгүй юм билээ. Шулуухан хэлэхэд хоригийн гол шалтгаан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүсэхгүй байна. Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ маш тодорхой дэвшилттэй зүйл олон бий.

Тухайлбал байгалийн баялагтай холбоотой заалт байна. УИХ-ыг хариуцлагажуулж байгаа заалт, төсвийн хараат бус байдал зэрэг маш дэвшилттэй заалтууд олон. Төсвийг гишүүд тойргийнхоо зарчмаар хэдэн хэсэг хуваагаад, үр ашиггүй цацаж, улсын нэгдсэн бодлого алдагдаад байгаа өнөө цагт энэ заалт дэвшил авчирна. Засгийн газрын өр нэмэгддэг байдлыг таслан зогсооно. Дараа нь хотуудын асуудал байна. Хэчнээн сайхан хотууд байлаа. Одоо бүгд байхгүй. Бүгд сум болчихсон гэхэд хэтийдэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хотын эрх зүйн байдлыг зохицуулж өгч байгаа. Суурийн хөгжил, хотжилтыг бий болгох ач холбогдолтой өөрчлөлтийг оруулсан. Мөн шүүхийн шинэчлэл байна. Энд бид зорилгынхоо 60 хувьд хүрсэн өөрчлөлтийг хийсэн гэж бодож байгаа.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байх асуудлыг нэлээд шийдсэн. Хамгийн гол нь шүүгчдэд хариуцлага тооцдог байх механизмыг оруулж ирсэн юм. Одоо бол шүүгчид ямар ч хариуцлага тооцож чадахгүй байгаа. Салхитын мөнгөний ордод нэр холбогдсон шүүгчид, “Миний гаргасан шийдвэртэй холбогдуулж хэн ч халдах эрхгүй” гээд сууж байна.  Тэгэхээр шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж, хууль тогтоомжийн ноцтой зөрчил байгаа бол шалгуулдаг, эргүүлэн татдаг зохицуулалтыг оруулж өгсөн юм.

Ерөнхийлөгчөөс хамааралгүйгээр органик хуулиар зохицуулж болох гарцтайгаар оруулж өгсөн гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар заасан маш тодорхой эрхтэй боловч органик хуулиар Үндсэн хуульд заагаагүй 70 гаруй эрх эдэлдэг. Үүнийг нь болиулах ёстой гэдгийг оруулсан. Өөрөөр хэлбэл, засаглалын хуваарилалт төрийн хямралыг засаж байгаа юм. Хүн бүр л өөр өөрсдийн хариуцсан ажлыг хийсэн шиг хий гэж байгаа юм. Гэтэл энэ төслийг явуулах сонирхолгүй учраас хориг тавьсан гэж харж байгаа. Хоригийн шалтгааныг шүүх засаглалын нэмэлт өөрчлөлттэй холбоотой гэж харж байгаа. Үе үеийн ерөнхийлөгч шүүхийг өөрөөсөө хараат байлгах сонирхолтой байдгийн нэг адил. Түүнээс гадна Үндсэн хуульд заагаагүй 70 гаруй эрх эдлэхийг хүсч байгаа шүү дээ.