ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Даваасүрэн: Сайжруулсан түлш шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-08

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшээс 35 хүн хордож дөрвөн нь амиа алдаад буй. Улмаар Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан түлш борлуулж буй 13 цэгээс дээж авч, шинжилгээ хийж, дүгнэлтээ танилцуулав. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Н.Даваасүрэнгээс тодрууллаа. 

-МХЕГ-аас хордлогод өртсөн айлуу­дын хэрэглэж байсан түл­шинд шинжилгээ хийсэн гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 

-Шинжилгээний дүнг үндэслэж, улсын байцаагч нар дүнгээ гаргахаар ажиллаж байна. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт нас барсан болон угаартсан таван иргэн, Баянзүрх дүүргийн нэг, Хан-Уул дүүргээс нэг, Сонгинохайрхан дүүргээс хоёр дээж авч, шинжлүүлсэн. Одоо мөрдөж байгаа стандарттай харьцууллаа. Есөн айлаас авсан дээжийн чийглэг нь стандартын хэмжээ хангасан байсан. Тухайлбал, 10 буюу түүнээс доош байх ёстой бөгөөд шинжилгээний хариугаар 3.2-9 байсан. Үнслэг нь есөн дээжээс 29 буюу түүнээс бага байх ёстой. Дүгнэлтээр 23-24 гэсэн үзүүлэлт байсан бол дэгдэмхий чанар нь стандарт нь 22 буюу түүнээс бага байх ёстой бөгөөд 18.9-20.3 үзүүлэлттэй байсан. Мөн хүхэр нь нэг буюу түүнээс бага байх ёстой бөгөөд 0.95-1.04 үзүүлэлтэй гэж гарлаа. Илчлэг нь 6000 буюу түүнээс дээш гарсан.

-Өмнө нь сайжруулсан түлшинд шинжилгээ хийж байсан уу? 

-Тавантолгой түлшний угаасан нүүрс болон бэлдцэд шинжилгээ хийсэн. Энэ нь стандартын шаардлага хангасан гэсэн шинжилгээний хариу гарсан. Угаартаж амиа алдсан болон угаартсан айл өрхүүдийн хэрэглэж байсан түлшинд шинжилгээ хийхэд өмнө нь хийж байсан шинжилгээтэй хариутай таарч байгаа юм. Түүнээс гадна Гаалийн төв лабораторид хийсэн шинжилгээгээр цардуул болон шаварлаг элс агуулагдаж байна гэсэн дүнг ирүүлсэн. Химийн бодис бус органик цардуул, шаварлаг элс. Энэ гурван хариуг үндэслэж улсын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд Нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ.

-Угаартсан гэсэн дуудлага нэмж ирсэн үү? 

-Ням гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр угаартсан гэсэн дуудлага нэмэгдэж ирсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт нэг өрхийн хоёр хүүхэд угаартсан гэсэн дуудлага ирсний дагуу, хүүхдүүдэд хордлого тайлах эмчилгээ хийгээд гаргасан. Нэг хашаанд нэг цэгээс, нэг ижил түлш авсан хоёр айлын нэг айлынх нь хоёр хүүхэд хордсон байхад нөгөө айлынх нь зүгээр байсан. Харин хүүхэд угаартсан айлаас тодруулахад орой унтахдаа түлшээ хийгээд, байшингийн яндангаа хаагаад унтсан гэдэг тайлбар өглөө. Тэгэхээр түлшнээс бус хэрэглээгээ анхаарахгүй бол ийм байдал цаашид үргэлжилж магадгүй байгаа.

-Нас барсан иргэд юунаас болж амиа алдсан талаарх мэдээлэл байгаа юу?

-Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл өгөх байх.  Мөн Шүүхийн шинжилгээний газраас албан ёсны дүгнэлт гарна. 

-Сайжруулсан түлшийг хэрэглэж буй иргэд цаашид юуг анхаарах ёстой вэ. Хэрэглээний горим алдагдаж байгаа тохиолдолд яаж ашиглах вэ?

-Нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс инженерийн байгууламж, иргэд рүү хандсан ажиллагаа явуулж буй. Нийслэлийн нийт хүн амын 60 орчим хувь нь галлагаа буюу халаалтын системээр гэр, байшингаа халааж байгаа. Үүнээс гадна стандартын бус маш олон төрлийн зуух хэрэглэж байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны бүх төрийн албан хаагчид гэр хорооллын бүх айлуудаар халаалтын ханан пийшин, зуухтай холбоотой мэдээллийг өгч ажиллаж эхэлсэн. Дахиж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байх талаар анхаарч ажиллаж байна.

-Иргэдийн хэрэглэж байгаа зуух, пийшинд ямар нэг асуудал байна уу. Сайжруулсан түлш зуухтай нийцэхгүй байх боломж бий юу. Анх сайжруулсан түлшийг танилцуулахдаа ямар ч зууханд ашиглах боломжтой гэж байсан?

-Ахуйн хэрэглээний бүх зууханд сайжруулсан түлшийг ашиглана. Гол нь аюулгүй байдал, хэрэглээний асуудал хөндөгдөж байна. Жишээлбэл, битүүмж алдагдах, яндан нь агаар сорох, яндангийн холболт гэх мэт бүх зүйлийг шалгах хэрэгтэй. Мөн яагаад гэр дотор угаарын хий алдах болов гэдэгт дүгнэлт гаргахын тулд шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

-Зарим эрдэмтдийн зүгээс угаартаж байгаагаа мэдэх, утаа гарч байгааг мэдэгдэх төхөөрөмж тавих боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байна?

-Айл өрх бүр стандартын бус сууцтай  учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж бодож байгаа. Угаарын хий мэдрэх төхөөрөмж тавих ёстой ч эрсдэлүүд гарч байгаа юм. Угаарын хий мэдрэгч аппарат орчин, өрх бүрт хэрэглэх боломжтой төхөөрөмж байдаг гэдэг саналуудыг эрдэмтэд хэлж байна. Иргэд өөрсдийн эрүүл мэндийг анхаарах нь зүйтэй.

-Илчлэг 6.000 ба түүнээс дээш гэж байна. Энэ нь стандартаас илүү гарч байгаа юм биш үү?

-Шинээр батлагдсан стандартад түлш нь 4.200-гаас буухгүй гэж заасан.

-Сайжруулсан түлш нь зуухтайгаа хэрхэн уялдаж байгаа вэ?

-Хоёр төрлийн сайжруулсан зуух бий. Ахуйн хэрэглээний бүх түвшинд нийцдэг. Харин ямар үндэслэлээр айлд хордлого гарав гэдгийг судалж байна. 

-Угаартсан иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Таван хүн хордлогын төвд байгаа бол нэг хүүхэд Эх нялхасын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна.