ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хагибис” хар салхины уршгаар Японд 23 хүн амиа алдлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-14

- Монголын иргэн гамшигт өртсөн гэх мэдээлэл ирээгүй -

Далайн хүчтэй Хагибис хар салхи Японы арлуудыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд дайрснаар Токио хот сүүлийн 60 жил үзээгүй байгалийн гамшигт үзэгдэлтэй тулгарлаа. Хагибис нь 1958 оноос хойш Токиог дайрч байгаа хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байгаа юм. 1958 онд Ида хар салхи Токиог дайрч, үүний улмаас 1000 гаруй хүн амиа алдаж байжээ. Хагибис хар салхи Токиог чиглэх үед Засгийн газраас сэрэмжлүүлэг мэдээллийг гаргаж байсан бөгөөд орон нутгийн сонин хэвлэлд уг хар салхины улмаас 8000 хүн амь үрэгдэж болзошгүй талаар сэрэмжлүүлэн бичиж байв. Иймээс Японы Засгийн газар ч тэр, ард иргэд ч тэр бэлэн байдлыг хангаж, эрсдэлтэй бүс нутагт оршин сууж буй 7.4 сая орчим хүнийг хоргодох байрууд руу нүүлгэн шилжүүлсэн юм. Нийслэл хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаалгаа барихаа мэдэгдэж, ард иргэд нь хүнс, ахуйн хэрэглээний бараагаа нөөцөлж, дэлгүүрүүдийн лангуу хоосорч байв. Метро, төмөр замын чиглэл, агаарын нислэгүүд зогсож, 

Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула нэг авто уралдаан ч засварлажээ. Ийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон ард иргэд нь бэлтгэлээ сайтар базаасны хүчинд Японы ард түмэн гамшгийг харьцангуй хохирол багатай туулсан гэхэд хэтийдэхгүй билээ. Гэсэн ч, хамгийн сүүлд авсан мэдээллээр гамшигт үзэгдлийн улмаас 23 хүн нас баржээ. Гамшигт өртсөн бүсүүд рүү Засгийн газраас 27000  цэргийн алба хаагч, онцгой байдлын ажилтнуудыг илгээгээд байна. Мөн 10 гаруй хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бөгөөд цаашид нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа юм. 

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр өглөө шуурхай хурал зарлаж, амь үрэгдсэн иргэдийнхээ ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, байгалийн гамшигт өртсөн бүхий л иргэддээ хандаж харуусч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр “Гамшигт өртсөн бүхий л ард иргэдэд тусламж үзүүлэх, тэдгээрийг эрж хайх, аврах үйл ажиллагаанд Цагдаа, Онцгой байдал, Тэнгисийн эргүүл хамгаалалтын алба төдийгүй өөрийгөө хамгаалах хүчний нийт 27 мянган албан хаагч зүтгэж байгаа бөгөөд Засгийн газраас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” гэв. Харин ЗГХЭГ-ын дарга Суга Ёшида Засгийн газраас “Байгалийн гамшгийн үеэр тусламж үзүүлэх шуурхай штаб” байгуулагдсаныг зарласан байна. Энэ удаагийн байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан 13 мужид онцгой байдлын хамгийн өндөр зэрэглэлийн “Онцгой байдлын тусгай сэрэмжлүүлэг” зарлаж, нэн яаралтай ард иргэдээ аврах тусламжийн үйл ажиллагааг явуулж байгаа аж. 

Токиод 146 мянган өрх цахилгаангүй байна

Хар салхины нөлөөгөөр нийслэлийн бүс нутгийг оруулаад 140 мянган өрхийн цахилгаан тасарсан байдалтай байна. Мөн байшин нь үерт автсан тохиолдолд цахилгаан хэрэглэхгүй байх, цахилгаан хэрэгсэл ажиллуулахгүй байхыг албаныхан анхааруулж байна. Өчигдөр орон нутгийн цагаар 14:00 цагийн үед Токио болон Шизүока зэрэг мужуудад нийтдээ 146700 өрх цахилгаангүй болсон байгааг “Эн эйч кэй” суваг мэдээлсэн юм.

Түүнчлэн, Гүнма мужийн Цүмогой гэх тосгонд хар салхины улмаас хөрсний гулгалт үүсч, ой мод булгарч унаснаас гадна ойролцоох зам нь хагарчээ. Үүний улмаас 56 хүн, аврах албаны 20 гээд нийтдээ 76 хүн наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Одоогоор иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Тэд цахилгаангүй, ундны усгүй болсон бөгөөд мужийн захиргаанаас гамшгийн бүс рүү 500 мл-ээр савласан 1200 ширхэг усыг нисдэг тэргээр тээвэрлэн хүргэсэн аж. Хар салхины улмаас урьд хожид үзэгдээгүй ширүүн бороо тухайн бүс нутагт орсон. Тэгвэл үүний улмаас Чикүма, Тама зэрэг голууд үерлэж, ойролцоох газруудад гамшиг нүүрлээд байна.

Өчигдрийн байдлаар Чикүма голын зүүн хэсгийн хамгаалалтын 70 орчим метр далан нурж, хоёр метр орчим өндөр үерийн ус ойролцоох барилга руу урсчээ. Улмаар барилгын хоёр давхар хүртэлх хэсэг бүхэлдээ усанд автсан байна. Өндөр настны асрамжийн газар, эмнэлгүүд ч гамшигт өртсөн бөгөөд цахилгаан тасарч, холбоо тасарсан байна. Иймээс аврагчид нисдэг тэрэг болон завь ашиглан оршин суугчдад тусламжийн үйлчилгээг хүргэж ажиллажээ. Японы зам, тээврийн яамнаас мэдээлж буйгаар есөн голын нийтдээ 10 далан эвдэрсэн аж. 

Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам бэлэн байдалд ажиллав

Японы гамшигт өртөөд буй бүс нутагт манай улсаас хэчнээн иргэн оршин суудаг хийгээд гамшигт монгол иргэн өртсөн эсэх талаарх мэдээллийг манай сонин Японд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас тодруулсан юм. Тус яамнаас ирүүлсэн мэдээлэлд дурьдсанаар, өчигдөр буюу ням гарагийн 17:00 цагийн байдлаар Монгол Улсын иргэн гамшигт өртөж гэмтсэн, амь насаа алдсан талаарх мэдээлэл ирээгүй байгаа гэв. 

Түүнчлэн, гамшгийн бүсэд оршин сууж буй монгол иргэдийн тоог тодорхой гаргах боломжгүй байгааг уламжиллаа. “Япон Улсын холбогдох байгууллага “хувь хүний нууц”–тай холбож, мэдээлэл өгдөггүй, нөгөөтэйгүүр манай хууль ёсны дагуу болон хууль бусаар Япон Улсад оршин суугаа иргэд өөрийн ЭСЯ-даа бүртгүүлэхдээ “хойрго” ханддаг талтай учир тоог тодорхой гаргах боломжгүй байна” гэх мэдээллийг өгсөн юм. Байгалийн гамшгийн үеэр Элчин сайдын яамнаас хариуцлагатай жижүүр ажиллуулж, иргэдээс дуудлага хүлээн авах утас болон ЭСЯ-ны нийт ажилтны утасны дугаарыг цахим хуудсаараа дамжуулан зарлаж, 24 цагийн турш нээлттэй, бэлэн байдалд ажилласан байна. 

Тодруулбал, тухай бүрд байгалийн гамшгаас хэрхэн сэргийлэх, Япон улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, онцгой байдлын үед интернэтийн сүлжээг хэрхэн үнэ төлбөргүй ашиглах, хоргодох байрны мэдээлэл зэргийг ЭСЯ-ны вэб сайт, фэйсбүүк хуудастаа мэдээлж байжээ. Одоогоор Осака дахь Ерөнхий Консулын газар болон Хоккайдо, Нагояа, Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консулуудтай тус тус холбогдон ажиллаж байгаа аж.