ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ФАТФ Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д нэмлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-18

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ байгууллага Францын нийслэл Парис хотноо хуралдаж, өнөөдөр буюу энэ сарын 18-нд нэгдсэн шийдвэрээ танилцууллаа. Энэ удаагийн ФАТФ-ын хурлаар манай улсын асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд саарал жагсаалт Монголыг тойрох, дайрах эсэх нь шийдэгдсэн юм.

Тодруулбал, ФАТФ-ын хурлын шийдвэрээр Монгол Улс болон Исланд, Зимбабве улс “Саарал жагсаалт”-д нэмэгдэж, Этиоп, Тунис, Шри Ланка зэрэг улс уг жагсаалтаас хасагдлаа. ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхий нийтийн санхүүгийн системийг хамгаалах бодлого боловсруулж, мөрдүүлэх үүрэг бүхий, Засгийн газар хоорондын, хараат бус бүлэг юм. Тус байгууллага Монголыг саарал жагсаалтад оруулсан нь дөрвөн шалтгаантай. ФАТФ Монголд хугацаатай үүрэг өгсөн бөгөөд “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах”, “ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх”, “ Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг атлаа шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх”, “ Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг даалгавар өгсөн байдаг. Гэвч, хангалтгүй дүн авснаар энэ удаа дахин Монголыг саарлаар үнэллээ.  Саарал жагсаалта­д орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.

Монгол Улс өмнө нь буюу 2013 онд “Саарал жагсаалт”-д орж, үүнээс жилийн дараа буюу 2014 онд зарим хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулснаар мултарч байсан удаатай. Харин энэ удаа дахин тус жагсаалтад багтлаа.