ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өндөр Цэцийн “элсний ширхэг”

А.ОДСҮРЭН
2019-11-04

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өнгөрөгч баасан гарагт цахим ертөнц  тэр чигээрээ өөлж, доромжилж өнжив. Индонезид олон улсын хуралд оролцохоор Инчоноор өртөөлж явсан тэрбээр тун чиг эвгүй хэл аманд өртчихөв. Д.Одбаярын буруу байсан эсэхийг Солонгосын хууль, цагдаагийнхан тогтоочих биз. Америкийн кино найруулагч Жон Фордын “Алдагдсан харуул” адал явдалт киноны үйл явдлаас эхтэй монгол “Элсний 13”-ынхны нэг баасан гарагийн “од” Д.Одбаяр нам дотроо “бослого” дэгдээн, намын даргаа суудлаас нь буулгаж байсан улстөрчдийн нэг.

2007 онд МАН дотор 13 улстөрч нэгдэж М.Энхболдыг МАХН-ын XXV их хурлаар намын даргаас нь, Ерөнхий сайдын суудлаас нь буулгаж байсан юм. Тэднийг нийтлэлч Баабар “Элсний 13” хэмээн нэрлэсэн түүхтэй. Д.Одбаяр бол бага залуугаасаа эвлэл, пионер, залуучуудын байгууллагад ажиллаж,  аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан МАН-ын нэр хүндтэй кадруудын нэг. Үндсэн хуулийн цэцийн дарга болсноосоо хойш Үндсэн хуулийн өөрчлөлт, Хэнтийн нөхөн сонгууль, 60 тэрбумын хэрэг, Ашигт малтмалын нөөц ашигласны татварын асуудалд жинтэй, дуугарч Монгол Улсын эрх ашгийг бодолцож шийдвэр гарган байр сууриа батжуулж чадсаныг нь үнэлэх цаг ирнэ гэж найдна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх ард түмний санал асуулга зохион байгуулж, Ерөнхийлөгчөөс санал авах зэрэг процесс хийгдээгүй, ард түмнээс асуугаагүй, төрийн тэргүүндээ танилцуулаагүй хуулийн төсөл өргөн барьсан явдал бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж тэр үзэж байлаа.

“УИХ улайраад ирэхээрээ л их сонин болдог” гэж нэгэнтээ хэлж байсан. Яг тэр үед буюу  2010 онд улсын наадмын өмнөх өдөр УИХ-аар Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байхад ингэж хэлж байхдаа тэр УИХ-ын гишүүн байж. Өнөөдөр тэр Үндсэн хуулийн цэцийн дарга болчихсон, дээрээ ганцхан хөх тэнгэртэй, дороо Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа бүх хуулийг манаад сууж байна. Өөрийг нь нэр дэвшүүлэн томилсон нам болон нөхөддөө боргуулсаар явна. Даарин дээр нь давс нэмэгдэж, онгоцны үйлчлэгчийн биед санаатай, санамсаргүй алин болох нь бүү мэд, хүрсэн гэх мэдээллийг БНСУ-ын мэдээллийн “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Үнэн бол Д.Одбаяр биш Монгол Улс шившиг болно. Худал бол “сэвсэн” монголчууд бүгд биш соошлчид тэнэг болох биз ээ.