ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БАНКНЫ САЛБАРТ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ

O.Admin
2018-06-19

2017 оны эцсийн байдлаар Монгол Улсын санхүүгийн салбарын 95 орчим хувь нь арилжааны банк дээр тогтож байна. Бид жилдээ 27 их наяд төгрөгийн ДНБ үйлдвэрлэдэг бол нийт арилжааны банк өнгөрсөн оны эцсийн байдлаар 13 их наяд төгрөгийн зээл гаргаж, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг хангажээ. Том зургаар нь авч үзвэл тэдний олгосон зээлийн хэмжээ манай улсын ДНБ-ий өсөлттэй шууд хамааралтай байгаа юм. Зээлийн хэмжээ өсөх тусам ДНБ-ий хэмжээ өсч ирснийг тоо баримтаас харж болно. 

2011 онд 17 хувийн өсөлтийг үзүүлж  байсан Монголын эдийн засаг ердөө тавхан жилийн дараа нэг хувьд хүртлээ унаж, Засгийн газар “ОУВС”-д хандахад хүрэв. Манай экспортын 90 орчим хувийг БНХАУ-руу гаргаж буй нүүрс, зэс бүрдүүлж байна. Түүхий эдийн үнэ унасан таагүй нөхцөлд компаниудын зээлийн эргэн төлөлт муудаж чанаргүй зээл 1.2 их наяд төгрөгт хүрчихсэн байгаа. Үүнээс болж банкны системийн өөрийн хөрөнгийн дутагдал 512 тэрбум төгрөг гарсан тухай дэлхийн хамгийн том дөрвөн аудитын компанийн нэг болох PWС компани дүгнэлт гаргаж, түүнийг нь Монголбанк олон нийтэд танилцуулсан билээ. 

Банкуудыг дутуу байгаа өөрийн хөрөнгөө нөхөх хөшүүрэг болгож Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг УИХ хэлэлцэж эхэллээ. 

Банкийг дахин хөрөнгөжүүлэх гэж юу вэ

Зарим хүмүүсийн яриад байгаа шиг татвар төлөгчдийн мөнгөөр банкуудыг хөрөнгөжүүлэх эсэхийг энд хөндөх хэрэгтэй болж байна.  

УИХ-ын гишүүн Ч.Улааны тайлбарлаж буйгаар “Харилцагчид итгэл, үнэмшилтэй байх нь банкны салбар тогтвортой ажиллах хамгийн том суурь нөхцөл. Тийм учраас энэ нь нэг талаас харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хамгаалсан, нөгөө талаас банкуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, түүнийг төрийн хяналтад байлгаж, үр дүнд хүргэх механизмуудыг өөртөө агуулсан хуулийн төсөл” юм. 

Тэрбээр хуулийн үе шатуудыг “Банкуудад үүсч байгаа ачааллыг даван туулах үйл явц хэд хэдэн үе шатаас бүрдэнэ гэж ойлгож байгаа. Юуны өмнө банкууд  өөрсдөө ачааныхаа хүндийг үүрээд, хөрөнгийн дутагдлаа нөхөөд, эдийн засаг, санхүүгийн байдлаа илааршуулах ёстой. Энэ бол бүтцийн өөрчлөлтийн эхний үе шат. Хоёрдугаар үе шат магадгүй 2018 он дуусаад, ирэх оноос эхлэх байх. Энэ үед хэрвээ банкууд өөрсдөө хөрөнгийн дутагдлаа нөхөж чадахгүй бол хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар асуудлыг харилцагчдад ачаалал учруулахгүйгээр шийдэх ёстой. Хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх явцад үнэхээр хүндрэл, ачаалал үүсвэл төр оролцож, зохицуулах юм. Ингэхдээ төр харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ачаалал өгөхгүй байхаар зохицуулна. Энэ утгаараа харилцагч, хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн дарамт очихгүй” гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө дурьджээ.

Олон улсад тэгвэл ямар турлага байдаг юм бэ. Ихэнх төв банкууд банкны салбарыг эрсдэлээс хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн гол зорилго нь үүнд чиглэжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хэвлэлд өгсөн ярилцлагад энэ тухай тодорхой дурьдсан байв. Иш татвал, “1998-1999 оны Азийн хямралын үед ОУВС-тай хамтран ажиллаж байсан Азийн улс орнууд банкны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дахин хөрөнгөжүүлэлтийн процессыг бүгд амжилттай туулсан. Тухайлбал, үүний үр дүнд Өмнөд Солонгосын эдийн засгийн огцом өсөлтийг банкны систем нь дэмжиж явах чадвартай болсон байна. Гагцхүү улс орныхоо эдийн засгийн онцлог нөхцөл байдалд зөв тохируулж хэрэглэх ёстой” гэсэн байна. 

Харин хууль санаачлагчдын хэлснээр банкны салбарт сүүлийн 30 жил хийгдээгүй өөрчлөлт, шинэчлэл явагдаж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ салбарын 10 гаруй хуулийг шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Төв банкны тухай хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт ороод байна. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль нь гал унтраах шинж чанартай, банкуудыг өөрийн хөрөнгөө нөхөж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэмээн Н.Баяртсайхан Ерөнхийлөгч мэдэгдээд байна.  

Хувийн арилжааны банкуудын хөрөнгийн асуудалд төр яагаад санаа зовох ёстой вэ гэсэн асуулт үүнийг араас тавигдах нь зүйн хэрэг. Банкны салбар итгэлцэл дээр тогтдог. Батын мөнгө банкинд найдвартай байна гэдэгт Бат итгэдэг учраас л мөнгөө аваачиж хадгалуулдаг. Энэ итгэлийг улам баталгаажуулах даатгалын тогтолцоо олон улсад байдаг ч Монголд Хадгаламжийн даатгалын корпораци 20 сая төгрөгөөс доош хэмжээний хадгаламжийг л 100 хувь даатгадаг. Тиймээс үндсэндээ итгэл дээр суурилсан банкны салбарт эрсдэл учирвал эцсийн дүндээ хадгаламж эзэмшигч буюу иргэд л хохирох аюултай. Тиймээс төрөөс Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг баталж иргэдээ төдийгүй банкны салбарыг системээр нь хамгаалах алхам хийхээс аргагүйд хүрчээ гэдгийг дээрх тайлбар үндэслэлээс ойлгогдож байна. 

Сэргэн мандалтын үеийн Италийн хот улсууд бусдаас илүү хөгжил дэвшилд хүрсэн нь цэрэг зэвсгийн хүч чадал биш харин “Медичи” зэрэг банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, менежментийн цар хүрээ байсныг түүх гэрчилдэг. Эдийн засаг дахь мөнгөний урсгалыг дамжуулах дэд бүтэц болсон банкны систем хэн бүхний ханцуй шамлаад нураачихдаг хямдхан зүйл биш юм. Харин ч банк санхүүгийн системээ зөв менежментээр хөгжүүлж ирсэн улс орнууд хожсон байдаг сайн түүхийг бид ч бас давтах нь зүйн хэрэг билээ. Бидэнд хөгжлийн хоцрогдол нэг талаараа давуу тал болж туулах замаа алгасах боломж бүрэн бий. Гэвч бүгдийг үндэслэлгүйгээр шүүмжилж өөнтөглөгчдийн үгийг дагаад байвал хөгжлийн хурдасгуураа зогсоож ч мэдэх аюултай. Ухрах зам руу орох олон янзын ойворгон саналуудыг улс төрчид гэнэт дэвшүүлж байгаа нь ард түмнээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх гэсэндээ бус “Би” гэсэн дүрийг бүтээхэд оршиж буй.