ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-27

Монголчууд бидний бахархал, Эзэн Богд Чингис хаан бээр билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн  билээ. Их хүмүүний мэлмий гийсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр өнөөдөр /2019.11.27/ тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ын саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр найм дахь жилдээ золгож байна.

Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн,  чансаа өндөртэй хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт  14:00 цагаас болно.

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан, өнөөдөр 10.40 цагийн орчимд төрийн есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Есөн шарга морьт цэрэг Их тугийг цэнгүүлэн Төрийн ордныг нар зөв гороолов. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүллээ. Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын билгэдэл болж ирсэн.

Их эзэн Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийн манлайн дэл сүүлээр хийсэн юм.