ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Чинзориг: Уул уурхайн орлогыг үйлдвэрлэлд зарцуулах ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-16

Технологи инновацийн залуу судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, доктор дэд профессор Б.Чинзоригтой ярилцлаа. 

-Монгол Улсын хөгжлийн бод­логын талаар ярилцах уч­раас юун түрүүнд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Тогт­вор­той хөгжил-2030”-ийг хэр­­хэн дүгнэдгийг тань сонсмоор байна?

-1992 онд тогтвортой хөгж­лийн талаарх дэлхийн анхдугаар чуулган болсон юм. 21 дүгээр зууны дэлхийн хөгжил тогт­вор­той хөгжил юм байна гэдгийг энэ чуулганаар тогтсон байдаг. Харин үүний тулгуур гурван багана нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэж тодорхойлсон. Бидний яриад байгаа “Мянганы сорилтын сан”-гийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд болон тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сангуудын үйл ажиллагаа үүнд л тулгуурлаж эхэлсэн. 2005-2014 онд тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийг зарлаж, үүнийгээ 2015 онд дүгнээд цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг баталсан. Зарчмуудыг тодорхойлж, нэгтгэн дэлхий нийтийн хэмжүүрийг гаргаж ирэх үүднээс судалгаанууд явж байгаа гэж ойлгож болно. Улс үндэстэн бүхэн өөрийн онцлогт тохирсон шинжлэх ухааны чиглэлийг баримтлах ёстой. Тогтвортой хөгжлийн загварыг тодорхойлно гэдэг хэн сайн байна түүнийг дуурай гэсэн үг биш. Тухайн улс, үндэстний дотоод системийн мөн чанарт тохирсон хөгжлийн загвараа бий болгож, түүнийгээ дагах нь хамгийн чухал. Тиймээс өндөр хөгжилтэй аль нэг улсыг шууд даган дуурайж болохгүй. Мэдээж сайныг нь авахад буруудах зүйл байхгүй. 

-”Тогтвортой хөгжил-2030” энэ шаардлагад хэр нийцэж байгаа вэ?

-Нийцүүлэхийн тулд л судалгаа тооцоолол хийгээд явж байгаа. Бодлого бол тухайн улс орныг хөгжүүлэх ерөнхий чиглэл. Бодлогынхоо хариуг гаргахын тулд бид өөрсдийнхөө суурь баазыг яаж үзэх ёстой вэ гэдэгтээ л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хардаг. Үндэстний хувьд авч үзэхэд хамгийн түрүүнд сэтгэлгээний асуудал байдаг. Бид Европын баримталсан бодлогын баримт бичгийг аваад үзэхэд, Азийн бодлогын сэтгэлгээ өөр. Азийн сэтгэлгээ дотроо Монгол хүний сэтгэлгээ өөр. Тэгэхээр эдгээр суурь үндсийг асуудлынхаа мөн чанарт нийцүүлж л хандах нь туйлын чухал юм. 

-Тогтвортой хөгжлийн тулгуур гурван баганын нэг нь байгаль орчин гэж байна. Та уул уурхайн инженер хүний хувьд баялаг болон хөгжлийн харилцан хамаарлын талаар байр сууриа илэрхийлээч?

-Улс орны хөгжлийн тулгуур эдийн засаг. Манай улсын хувьд байгалийн баялаг гэдэг өөрөө эдийн засгийн гол хөшүүрэг шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын хөгжилд байгалийн баялаг ямар үүрэг, нөлөөтэй вэ гэдэг нь тодорхой. Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил юунд тулгуурлах вэ гэхээр, байгалийн нөөц, түүний унаган хэв шинжид тулгуурлах ёстой. Тиймээс үүнд тулгуурласан уул уурхайн хөгжлийн бодлогыг гаргах талаар түлхүү анхаарах ёстой юм. 

-Байгалийн баялагт тулгуур­ласан улс орон маш зөв бодлого  хэрэгжүүлэхгүй  бол эрдэс баялаг улс орны хөгжилд саад тотгор болох тал байдаг гэдэг юм билээ. Тийм орны тоонд ч Монгол Улсыг оруулж үздэг хүмүүс байдаг. Тэгэхээр бидний уул уурхайн салбарын бодлого тийм ч оновчтой биш байгаа гэвэл та санал нийлэх үү?

-Хүн хүний л харах өнцөг. Миний хувьд баялаг байгаа нь буруу биш. Баялгийг ашигласан нь ч буруу биш. Харин баялгийнхаа үр ашгийг яаж хүртээж, дараагийнхаа хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох вэ гэдэг л гол асуудал. Байгалийн баялгийг нэг удаа хэрэглээд дуусах биш, түүнийг хөрөнгийн байнгын эх үүсвэр болгох ямар арга аргачлал байна вэ гэдгээ олж харах ёстой. Байгалийн баялагтаа түшиглээгүй хөгжсөн улс үндэстэн гэж байхгүй. Богино хугацаанд маш амжилттай хөгжсөн орнуудыг харж байхад уул уурхайгаас орж ирсэн хөрөнгө оруулалтыг юунд чиглүүлж, дараагийнхаа хөгжлийн бодлогоо гаргаж ирэх вэ гэдэгт л онцгой анхаарсан байдаг. Солонгос улс л гэхэд 1960-1970-аад оны үед уул уурхайн нөөцөө барсан. Гэтэл яагаад өнөөдөр хөгжөөд байна вэ гэхээр тэдгээр уул уурхайн бүсээ аялал жуулчлалын бүс болгоод ашиглаж байна. Үүгээрээ эдийн засгийн маш их орлогыг олж байгаа. Байгалийн нөөц гэдэг шавхагдашгүй зүйл биш. Тиймээс  байгалийн нөөц дууслаа, дараагийн улсын төсвийг хэрхэн бүрдүүлэх вэ, хүн амынхаа хөгжлийг хангахын тулд яах вэ гэдгээ оновчтой тодорхойлж чадсан гэсэн. 

-Манай улс байгалийн баялаг ихтэй орон гэдэг. Бид үүнийгээ зөв ашиглаж, зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг үү?

-Яг үнэндээ Монгол Улс тийм ч их баялагтай орон биш шүү дээ. Нэг хүнд ногдох ашигт малтмалын хэмжээгээр л бид дэлхий дахинд боломжийн хэмжээнд үнэлэгдэж байгаа болохоос биш тийм их баялаг нөөцтэй орон биш. Тэгэхээр ашигт малтмалын эрэл хайгуулаа өсгөж, үүндээ хөгжлийн зөв бодлогыг гаргах л хамгийн чухал. Хувь хүнийхээ үүднээс харахад орлогыг халамжийн байдлаар хэт их зарцуулах нь буруу. Уул уурхайгаас орж ирсэн орлогыг халамжийн байдлаар тараагаад дуусчихдаг нь л бидний гол алдаа гэж хардаг. Түүний оронд газар тариалан, хөдөө аж ахуй, ай ти зэрэг салбарууддаа чиглүүлэх хэрэгтэй. Ирээдүйд уул уурхайгаас орж ирж байгаа орлогын хэмжээнд улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг байх салбар, үйлдвэрлэлд баялгийн орлогыг чиглүүлэх ёстой болов уу. 

-Та сая хайгуулыг нэмэгдүүлэх нь зөв гэж ярилаа. Гэтэл ард түмэн ч, Засгийн газар ч хайгуулын лиценз олгохыг таашаахгүй байгаа шүү дээ. Яагаад хайгуулыг нэмэх ёстой гэж?

-Хайгуулын тусгай зөшөөрөл гэдэг тухайн бүс нутагт эрдэс баялгийн нөөц ямар байна гэдгийг хэмжиж, тогтоох маш том эрсдэл. Загасанд явж байгаа хүн загас барих уу, үгүй юу гэдгээ мэдэхгүй шүү дээ. Түүнтэй адилхан ордын төрх байдал, шинж, байгалийн тогтцыг харж байгаад энд ийм төрлийн ашигт малтмал байж магадгүй гэдэг геологийн шинжлэх ухаан явж байдаг. Хайгуул гэдэг бол уул уурхайн шинжлэх ухаан. Энэ дотор мэргэжлийн болоод мэргэжлийн бус уул уурхайн салбарын нэр хүндийг унагаж байгаа асуудлыг үгүйсгэх аргагүй. Тиймээс олон талаас нь харах ёстой. Хамгийн том ажлын байрыг хаана бий болгож байна, уул уурхайн салбар л бий болгож байна шүү дээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.15 хувь нь уул уурхайн эдэлбэр байна гэсэн судалгааг гаргасан. Цаана нь 99.85 хувьд нь ямар нэг байдлаар уул уурхайн үйл ажиллагаа яваагүй гэсэн үг. Хайгуулын зөвшөөрөлтэй талбай гэдэг бол өөр зүйл. Энэ талбайд эрэл хайгуул хийх эрхийг чинь өгье, юм олвол нөөцөд бүртгүүл, олохгүй бол эрсдлээ өөрөө үүр гэсэн асуудал юм. Бэлчээрийн эргэлтээс гарсан талбайн судалгаанаас харахад уул уурхайн үйл ажиллагаа 0.07 хувьд л нөлөөлсөн гэсэн тоо байдаг. Тэгэхээр үүнийг зөв, буруу гэж талцуулаад байх биш яаж уялдуулах вэ гэдгээ л бодох ёстой. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг дараагийн төсвийн хөрөнгийг бүрдүүлэх салбар руу хөрөнгө оруулалт болгож ашиглах ёстой. 

-Амжилттай хөгжсөн улс орнуудын дийлэнх нь экспортын бодлогод суурилсан гэдэг. Уул уурхайн бүтээгдэхүүн бол манай улсын эксортын гол бүтээгдэхүүн шүү дээ. Экспортод хэрхэн анхаарах ёстой юм бол?

-Бид юу үйлдвэрлэж хааш нь, хэнд зарах вэ гэдгээ эхлээд тооцоолж байж, үйлдвэрлэгч болох ёстой. Байгалийн баялгаас гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд бидэнд юу хэрэгтэй вэ. Зах зээлийн савалгаанд бид тогтвортой байхын тулд яах ёстой вэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Юу ч хамаагүй үйлдвэрлэж болохгүй. Зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд судлах ёстой. Хэрэглэгч нь хэн бэ, юуг хүсэж байна вэ. Тэр зах зээлийг бид яаж эзлэх вэ гэдэг л хамгийн чухал. Түүнээс биш Австрали ноосоороо танигдсан байлаа гэхэд бид тэдэнтэй өрсөлдөхийн тулд монгол ноосны давуу талыг хэрэглэгч рүү хэрхэн чиглүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. 

-Хөгжлийн бодлогын залгамж халаа гэдэг зүйл байхгүй боллоо гэж их шүүмжилдэг. Залгамжтай байхын тулд яах ёстой вэ?

-Хөгжлийн бодлогод залгамж гэдэг зүйл туйлын чухал. Тогтвортой хөгж­лийн нэг зарчим нь хөгжлийн залгамжлагдах зарчим байдаг. Хөгжлийн залгамжлаг­дах зарчим гэдэг өнөөдрийг хүртэл хөг­жиж ирсэн, цаашдаа ч ямар нэг байд­лаар үнэ цэнээ алдаагүй бодлогуудыг үргэлжлүүлэх ёстой. Нэгнийхээ хийж байсан ажлыг дараагийн хүн үгүйсгэж бодлого тодорхойлно гэдэг утгагүй асуудал. Шинэчлэл гэдэг орвонгоор нь өөрчил гэсэн үг биш шүү дээ. Болж байгааг нь уламжлуулах, болохгүй байгааг нь шинэчилж өөрчлөхийг л хэлж байгаа. Инноваци ч мөн адил ийм. Тэгэхээр авах гээхийн ухаанаар л хандах ёстой. Залгамж халаатай байхын тулд ямар ч байгууллага өөрийн бодлогын зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх арга зүйгээ тодорхойлчихсон байх юм бол үүндээ чиглэсэн бодлогоор хүний нөөцөө бэлдээд явах нь хамгийн чухал. Мөн чадалтай эрдэмтэн мэргэд, удирдлагууд өөрийн халаагаа цаг тухайд нь бэлтгэж, уламжлуулж явах хэрэгтэй. Ер нь тогтвортой байх нь олон зүйлээр тодорхойлогддог. Ямар системийг тогтвортой гэдэг вэ гэхээр, гадаад орчны хувьсал өөрчлөлтөд дасан зохицож, өөрийнхөө дотоод орчны хэв шинжийг өөрчлөх чадвартай системийг тогтвортой гэж үзнэ гэсэн тодорхойлолт байна. Тэгэхээр гадаад орчинд бүрэн уусна гэсэн үг биш. Гадаад орчны өөрчлөлтөд нийцүүлэн үндсэн хэв шинжээ хадгалаад явна л гэсэн үг. Тогтвортой, хурдацтай хөгжихийг л хэлж байгаа юм.