ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-18

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан 2020 оны сонгуульд нэр дэвшинэ гэх үнэн,  худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд олон нийт дургүйцэл илэрхийлж, элдэв шүүмжлэл үсчүүлсэн байхыг хараад өмөөрөх сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Яагаад Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, сонгуульд нэрээ дэвшүүлж болохгүй гэж. Үүнийг эсэргүүцэх ямар шалтгаан байна вэ, монголчууд аа. Гоё дуулдаг болохоор нь уу эсвэл баян хүний эхнэр гэдгээр нь үү.

Аль  эсвэл хувьдаа сургуультай, эмнэлэгтэй болохоор нь уу. Хатуу бизнесийн салбарт амжилттай яваад нь атаархаад уу. Ер нь ямар шалтгааны улмаас эсэргүүцэж, элдвийн үг чулуудна вэ. Та бүхэн түүнээс ч долоон дор хүнийг сонгодог шүү дээ. Түүнийхээ горыг одоо ч эдэлсээр яваагаа мэддэг үү. Хэний ч танихгүй намын идэвхтэн залууд итгэл өвөрлүүлчихээд өнөөдөр нутаг усаараа доромжлуулж яваагаа мартсан уу.

Бөхийн дэвжээнд тоотойхон мэхнээс өөрөөр хэтрэхгүй хүнийг УИХ-ын гишүүн сонгосноо анзаардаг уу эрхэм сонгогч нар аа. Яагаад Монголын төрд эмэгтэй хүн тэр дундаа бизнесийн салбарт өөрийн орон зайг бий болгосон олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн орж болдоггүй юм бэ.

Үүнд уур ундуйцал болж, бусдын нэр хүндийг гутаан, доромжлох ямар ч шалтгаан байхгүй болов уу. Харин ч нэр хүндээ алдсан, авлигад идэгдсэн улс төрд өөрийн хүчээр хөдөлмөрлөж, бүтээж яваа хүмүүс орох ёстой юм. Т.Баясгалангийн хувьд хүч үзсэн салбартаа багагүй амжилтыг гаргадаг нэгэн. Тэрбээр урлагаас түр хөндийрсөн бөгөөд бизнесийн салбарт чамлахааргүй амжилттай яваа эмэгтэй. Тэрбээр эрүүл мэнд, боловсрол, барилгын салбарт өөрийн гэсэн жимийг гаргаж, улс орондоо хувь нэмрээ оруулж явна. Тиймээс сонгуульд нэрээ дэвшүүлбэл сонгогдох магадлалтайгаас гадна хүчтэй өрсөлдөгч гэдгийг онцолмоор байна.