ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Күүл” шийдвэр

А.ОДСҮРЭН
2020-01-10

У.Хүрэлсүхийн шийдвэр “күүл” байлаа. Энүүхэндээ Ардчилсан намын 100 сая шаг мад. УИХ-ын 2020 оны сонгуульд Ардын намаас нэр дэвшигчдээс хандивын мөнгө авахгүй, нэр цэвэр, ёс суртахуунтай нэгнийг нэр дэвшүүлнэ гэсэн нь эрүүл сонсогдож байна. Намын дарга хэлсэндээ хүрч чадвал Ардын намын  ЖДҮ-чид, концессчид, зодоончид, 60 тэрбумынхан гээд саар бүхэнд нэр хавчуулагдсан бүхэнд дахин парламентад хөл тавих эрх олдохгүй нь бололтой.

Б.Батзориг, Б.Ундармаа нарын хэд хэдэн гишүүдэд дахин боломж олгохгүй гэдэг нь үнэн болж таарлаа. Ганц болж. Н.Амарзаяа гишүүн нутгаасаа дахин нэрээ дэвшүүлнэ гэж адарсныг эс тооцвол өнөөдөртөө ёсзүйгүй асуудалд орооцолдсон хэдэн нөхдийн зүрхэнд шар ус хурж байгаа биз. Ардчилсан намынхан сонгогчдын эрхийг 100 саяар худалдан авч байгаагийн дэргэд У.Хүрэлсүхийн энэ шийдвэр жинхэнэ “бээст” мэдэгдэл боллоо. Харин түүний энэ мэдэгдлийн дор Ардчилсан намын залуус санаашрангуйгаар “лайк” дарах нь инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг. С.Эрдэнэ дарга үүнийг анзаарсан гэж найдъя. 

У.Хүрэлсүхийн мэдэгдлийн цаадах учир их энгийн. УИХ дахь бүдүүн бүлэг 65-уулаа нэгэн парламентын түүхийг гол төлөв хараар бичиж дуусгах нь. Энэ парламентаас юу эс яригдаж, ямар хэрэг эс гарав. Сонгогчид тэдний хэн нь хэн бэ гэдгийг хангалттай харсан, таньсан. Олон нийтэд сөргөөр танигдсан хэнд ч нэр дэвших эрх байхгүй гэж намын дарга хэллээ. Ардын намынхны авууштай чанар нь дарга юу гэнэ, цэргүүд дагахаас өөр сонголтгүй.

Хэрэв өнөөдөр Ардчилсан намын дарга ийм мэдэгдэл хийсэн бол өнөөдөржин нам дотор нь ил далд хэрүүл, “зодоон” өрнөх байсан биз. Ардын намынхан даргынхаа мэдэгдлийн эсрэг хэн нь ч юу ч гэж эсэргүүцсэнгүй. У.Хүрэлсүх энэ мэдэгдэл шийдвэртээ баттай зогсч чадаж гэмээнэ маргааш парламентын танхимд намынх нь ирээдүйн лидер залуус эгнээд сууж байхыг байг гэх газаргүй.  Юутай ч тэр энэ намын түүхэнд байгаагүй реформыг эхлүүлж магадгүй болчихлоо. Парламентын гишүүний ёс зүй гэж ямар байх, ёс зүйтэй байна гэж ямар байхыг хэлэх вэ.

Эрх ямба, албан тушаал, ажил үүргээ өөрт болон өөрийн ойр дотныхондоо ашигтай байдлаар ашиглахгүй байхад л ёс зүйтэй байна гэсэн үг. Яг одоогийн 65-ын бүлгийн дийлэнх олонхийн гаргасан үйлдлүүд тийм байж чадаагүй. Чадах ч үгүй юм байна гэдгийг өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд хангалттай танилаа. У.Хүрэлсүхийн дээрх шийдвэр сонгуулийн нэр дэвшигчдийг тодруулах тэр цаг үед л жинхэнэ “күүл” байсан, түүхэн байсан эсэх нь шийдэгдэх биз ээ. Хэлсэн ярьсандаа л байгаарай, Ардын намын дарга аа.