ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буцах замгүй генсек

А.ОДСҮРЭН
2020-01-13

МАН-ын дарга У.Хүрэлсүх, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хоёрын хоршил яг өнөөдрийнхөөрөө явбал хол явна аа.  Намын дарга, генсек хоёр ингэж л дөрөө харшуулах ёстой. МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө авахгүй. Өмнө нь улс төрийн намууд тодорхой хэмжээнд мөнгөний босго тавьж, түүнийг нь хандивласан хүн нэр дэвших эрхээ олж авдаг байсан.

Харин МАН энэ удаа тийм байдлаар ажиллахгүй. Сонгуулийн тойрогт нэр дэвшихийг хүссэн хүмүүс МАН-аас явуулах зохион байгуулалтын буюу суурь судалгааны ажлыг дэмжиж, өөрт оногдох зардлыг л гаргаж оролцоно. Ингэснээр улстөрийн намын санхүүжилт илүү ил тод байх бөгөөд нэр дэвшихийг хүсэгчид хууль зөрчсөн хандив дэмжлэгийг хэн нэгнээс авч болохгүй, авбал нэрийг нь дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдэв.

Энэ мэдээж МАН-ын бүлгийн шийдвэр.  Намын генсекийн хувьд иргэдийн дэмжиж байгаа хэнийг ч болов нэр дэвшүүлэхэд бэлэн гэсэн нь сонгогчдод нэлээд таалагдаж байх шиг.  Сонгуулийн гол өрсөлдөөн Ардын нам, Ардчилсан намын хооронд өрнөдөг. Бие даагчид болон жижиг намууд бол “чепуха”. Намын дотоод асуудал, сахилга дэг журам намын генсекээс ихээхэн шалтгаалдаг. Ингэж бодвол Д.Амарбаясгалан Д.Туваанаас хол илүү улстөрч юм.

Хамгийн залуу хурлын төлөөлөгч, хамгийн залуу хэлтсийн дарга, сонгуульд нэрээ дэвшүүлдэггүй, сайдын суудалд ч зүтгэдэггүй нэг тийм сондгой нөхөр  МАН-д байдаг нь тэр.  Яг яах гээд, ямар юмаа хийгээд, хаагуур, юу хийгээд яваад байдаг юм бол гэж гайхмаар. Захиалгатай, захиалгагүйгээр хэвлэлийнхэн гөвж л харагддаг.  Эрх баригч намын генсек байна гэдэг төрийн бодлогыг зангидна гэсэн үг гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.  

Тиймдээ ч МАН-ыг шинэчлэх ажил түүний нуруун дээр байна. Ардын нам МАНАН бүлэглэл, 60 тэрбумын схемчид, авилгачид, хээл хахуульчдаасаа салах цаг болсон гэдгийг үүрэг гүйцэтгэгч байхаасаа л тэр ярьсан. Сонгууль дөхсөн энэ үед харин тэр жинхэнээсээ нам доторхи дайснуудтайгаа эвлэрэхгүй гэдгээ хэллээ. 2004 оноос хойш УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудад ямар нэгэн байдлаар ажиллаж байсан, энэ намын ялалт ялагдал бүрт хамт байсан Д.Амарбаясгалан генсект одоо буцах зам байхгүй. Ээжээрээ хөтлүүлж очоод энэ намын гишүүн болсноос хойш хоёр ч аравныг үзчихсэн улстөрчийн карьер дуусах болоогүй. Ирэх сонгуулиар дулдуйдан өнөөдрийн гаргасан шийдвэр, хийсэн мэдэгдэлдээ бат зогсч, намаа цэвэрлэх их аянаа тууштай үргэлжлүүлж чадвал түүний гавьяа энэ намын түүхийг шал өөр хөг аяар эгшиглүүлэх биз ээ.