ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зартай Элчин

А.ОДСҮРЭН
2020-01-15

Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулсны хүчинд баривчлан хорилоо. Ээлжит “спорт загасчлал” нь биш гэж найдъя. Гэгээрлийн сайд, Батлан хамгаалах, Гадаад хэргийн дэд сайд асан, Францад соёлын атташе, ЮНЕСКО-д байнгын дипломат ажилтан зэрэг ажлуудыг хашиж байжээ, тэр. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсыг харь улсад төлөөлөн чамгүй олон жил суусан. Франц улсад элчин суухаасаа өмнө Бельги улсад ч Элчингээр ажиллаж байсан. Ардчилсан холбоонд харьяалагдаж муугүй албуудыг хашиж явсан ч эцсийн бүлэгт хувийн ашиг сонирхол, эрх ашгийнхаа төлөө л Монголын нэрийг барж, зарж идэж байж. Францад Элчин сайдаар ажиллаж байхдаа визийн хураамжийн төлбөрийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж, усан үзмийн талбай бүхий тансаг харш худалдаж авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн жил орчим түүнийг шалгажээ.

Шалгалтын явцад мөн л оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг нь мөрдөн шалгах явцад илрүүлсэн бололтой. Түүгээр ч барахгүй мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулахыг оролдсон учраас түүнийг баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлж байх юм. Энэ удаа А.Баттөр эхнэрээ, зөвлөхөө ч чирч магадгүй байна. Польш улсын хуулийн байгууллага Монголын 69 иргэнийг эрэн сурвалжилж байхдаа дээрх хүмүүсийн “но”-г илчилчихэж. Хууль бус хар тамхины наймаанаас гадна, Францад хулгай хийдэг залуустай хамтарч хулгайн барааг нь борлуулахад тусалдаг, хариуд нь шан харамж авдаг, ЭСЯ-ны хуурамч тодорхойлолт гаргаж өндөр үнээр зардаг гэхчлэн мэдээллүүд хөвөрсөөр. Франц улсад Монголыг төлөөлж байгаа Элчин сайд нь, ЭСЯ нь тэр чигээрээ хууль бус наймаа, мөнгө угаалтын “уурхай” болчихож л дээ. Олон хавар нэгэндээ гэж энэ.

Францад амьдардаг монголчуудын нэгдсэн соошл сүлжээнд Элчин сайд, ЭСЯ-ны талаар гомдол шүүмжлэл гарвал тухайн иргэдийг дарамталдаг талаар ч сонсогддог.  А.Баттөрийг хүнд суртал гаргадгаараа зартай гэдгийг Францад суугаа монголчууд ярьдаг ажээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гэдэг цол хэргэмийг Монголын төр зүгээр ч нэг олгодоггүй байх. Монгол Улсын нэр хүндийг шавар шавхайтай хутга гэж томилдоггүй байх. Францад Элчин сайдаар очоод гурван жил ч болоогүй энэ богинохон хугацаанд маш их зүйл “амжуулсан” гээд бодохоор төдий олон жил Монголыг төлөөлж гадаад улсад суухдаа юу эсийг хийсэн ч юм билээ. Ховд нутгаас төрсөн ардчилагчдын нэг А.Баттөр дипломат албанд 20-иод жил ажиллаж байгаа нэгэн. Монголын дипломатчид болон ЭСЯ-дын нэр хүндийг унагасан түүн шиг элчингүүд олон биш байгаасай. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ удаа баривчиллаа. Шүүх, прокурорын төвшинд нэг сар “суулгаад” суллаад, батлан даалтаар өгөөд явуулчихгүй л бол өчиг мэдүүлгийг нь олон нийт сонсчихмоор л байгаа юм даа.