ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Ногоон" уран бүтээлч

O.Admin
2020-01-16

АНУ-д олон жил амьдарч, тэнд уран бүтээлээ туурвиж буй залуу дуучин К.Номинжин өчигдрийн онцлох хүн байв. Учир нь дуучин бүсгүй цагаан хоолтон бөгөөд Лев Толстойн хэлсэн “Хүн төрөлхтөн амьтдад сайн сайхнаар ханддаг болсон цагт энэ дэлхий амар амгалан болно” гэдэг үгийг амьдралынхаа гол зарчим болгон амьдардаг нэгэн. Тиймдээ ч өчигдөр ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахыг дэлхий нийтэд уриалсан ПЕТА /Амьтанд энэрэнгүй хандахын төлөө хүмүүсийн нийгэмлэг/-гийн бичлэгийг олон нийтэд монгол хэлээр орчуулан түгээсэн юм.

Тус нийгэмлэгийн гэрч, сурвалжлагч нар Монголд явж байх үедээ ямааны ноолуурыг самнахын тулд маш зүй бус хандаж, амьтдыг хайр гамгүй яргалж, хурц иртэй төмрөөр арьсыг нь зулгааж байгааг харсан бөгөөд ноолуурыг нь авсан ямаагаа шууд л хоолойг нь хэрчин муулж байгаа бичлэг хийснийг үзүүлж, худалдан авч буй бараа бүтээгдэхүүний чинь шошго дээр “ноолуур” гэсэн бичиг байвал шууд лангуун дээр орхин гарч байхыг уриалсан юм.

Гэвч дэлхий дахинд зөвхөн ноолууран бүтээгдэхүүнээр танигдсан монголчуудад түүний энэ уриалга огтхон ч таалагдсангүй. Тиймдээ ч эх орноосоо хол хөндий өссөн дуучин бүсгүйг экспортын бүтээгдэхүүний нэр хүндийг унагах, монголчууд тэр чигээрээ тамлагч, яргачин мэтээр ойлгуулах бичлэгийг олон нийтэд түгээлээ хэмээн буруутгах нь тэр. Юм бүхэн хоёр талтай. Тиймдээ ч уран бүтээлч бүсгүйн амьдралын үзэл бодол, философийг буруутгаж болохгүй.

Гэлээ гэхдээ зуны улиралд хонь, ямааг ноос, ноолуураас нь салгахгүй бол хачиг, хувалзанд бариулж, өтөх зэргээр самнуулахаасаа ч илүү зовдог учраас самнах нь харин ч эсрэгээрээ малаа хайрлаж хамгаалсан малчин монголчуудын уламжлалт ажлынх нь нэг юм. Тэгээд ч ямааг шууд хоолойг нь хэрчиж муулдаг монгол хүн байхгүй. Тиймээс дуучин бүсгүй шүүмжлэлийн бай болох нь тэр. Түүнийг хэн гэдгийг, хаана ямар уран бүтээл хийдгийг мэдэхгүй хүн олон байж мэднэ.

К.Номинжин нь 13 настайгаасаа уран бүтээл туурвисан бөгөөд “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг дуулснаар нь олон хүн таньдаг. “Чиний эзгүйд”, “Хайр мэдрүүлсэн харц”, “Хэзээ” зэрэг олон дуугаа 18 нас хүрээгүй байхдаа хийсэн чадварлаг уран бүтээлч. Харин сүүлийн үед АНУ-ын хөгжмийн ертөнцөд танигдахаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд хоёр удаа Грэммийн шагнал хүртсэн хөгжмийн зохиолч Кристофер Тинийн тоглолтод уригдаж, “Карнеги холл”-ын их танхимд дуулж монголчуудынхаа нэрийг дэлхийд гаргаж байлаа.

Мөн арав гаруй жил төгс гэгээрсэн Чин Хай багшид шавь орж, бясалгаж эхэлсэн бөгөөд 17 настайгаасаа хойш Лос Анжелес хотод суурин амьдарч, 15 хотод тоглолтоо хийжээ. Дуучин бүсгүй 15 хэлээр дуулдаг бөгөөд дэлхийн алдартай дуучдын дууг коверлож, борлуулах эрхийг авч чаджээ. Үүнээс гадна АНУ-ын Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын гишүүн бөгөөд Өмнөд Солонгосын Олон нийтийн дипломат найрамдлын элчээр ажиллаж, хэд хэдэн удаа Монголд К-поп оддын тоглолтыг хийж байлаа. Амьдралынхаа туршид философич ээжийгээ дагаж олон орноор явсан тэрбээр 19 настайгаасаа эхлэн зөвхөн ургамлаар хооллож яваа “ногоон” уран бүтээлч юм. Тиймээс амьтанд энэрэнгүй хандахыг уриалсан түүний үйлдлийг буруутгаж болохгүй юм. 

Б.Эрхэс