ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ: "Global Health Emergency" зарлах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-23

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Яаралтай тусламжийн хороо өчигдөр БНХАУ-ын Ухань хотоос дэгдсэн үхлийн аюултай короновирусын асуудлаар яаралтай хуралдсан билээ. Улмаар, өнөөдөр өглөө 05.00 цагийн үед хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж, олон нийтийн эрүүл мэндийн яаралтай байдлыг зарлахад бэлэн болохоос өмнө илүү их мэдээлэл авах шаардлагатай байна гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, “Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдал” зарлах эсэхийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон талаар “Usatoday.com” сайт мэдээллээ.  

Дэлхийн хэмжээнд шинэ вирусын улмаас нас барсан хүний ​​тоо хамгийн багадаа өчигдрийн байдлаар 17-д хүрээд буй.  Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд Женевт хуралдаж, дэгдэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Тёдрос Чебраясус энэ асуудлыг "улам бүр өөрчлөгдөж, нарийн төвөгтэй нөхцөл байдал" гэж нэрлээд "Олон нийтийн анхаарлын төвд байгаа нийгмийн эрүүл мэндийн яаралтай байдлыг зарлах эсэх тухай шийдвэрийг нухацтай авч үзэж байгаа бөгөөд бүх нотлох баримтыг зохих ёсоор авч үзэхэд  бэлэн байна" гэж  хэлжээ. 

Вирус анхлан тархсан Ухань хот өнөөдрөөс эхлэн гадагшаа гарах бүх олон улсын нислэг, автобус, олон улсын суудлын вагоны хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоолоо. Вирус Хятад улсын бусад хэсэгт тархсан бөгөөд ийм тохиолдол АНУ, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Тайваньд ч батлагдсан байна. Харин өнгөрөгч мягмар гарагт АНУ-д анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Тухайн өвчтөн нь 30 настай, Вашингтон мужийн оршин суугч аж. Түүнийг Сиетлийн хойд хэсэгт байрлах Снохомиш Каунти дахь Провиденс мужийн эмнэлгийн төвд эмчилж эхэлжээ. “Бидний нэн тэргүүний зорилт бол олон нийтийн аюулгүй байдал хэвээр байх болно ”гэж Вашингтоны төрийн нарийн бичгийн дарга Жон Висман хэлсэн байна.