ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шуурхай мэдээ: Олон улсын вагоноор ирсэн гэх 10 иргэнийг тусгаарлан шинжилгээ авч байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-23

БНХАУ-ын Ухань хотноо анх дэгдэж, өдгөө тус улсын хэд хэдэн хот, цаашлаад дэлхийн томоохон улс орнуудад агаар дуслын замаар дэгдээд байгаа коронавирус нь Монгол Улс руу орж ирсэн гэх асуудал өнөөдөр дэгдсэн юм.

Тодруулбал, Замын-Үүд боомтоор орж ирсэн зургаан настай охин, түүний ээж хоёрыг төхөөрөмжөөр шалгахад халуунтай байгаа нь илэрсэн учраас тусгаарлан шинжилгээ хийсэн билээ. Гэвч шалгалтын явцад тус вирусаар өвчлөөгүй гэдэг нь тодорхой байсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр өдөр олон улсын вагонд буюу Бээжин хотоос ОХУ-ын Москва чиглэлд зорчсон олон улсын галт тэргэнд урд хөршийн нэгэн иргэн өндөр халуурчээ. Түүнийг замд нь буулгаж, Эрээн хотноо шинжилгээнд хамруулахад коронавирус байсан нь тодорхой болсон юм.

Тиймээс БНХАУ-ын талаас энэ талаарх мэдээллийг Монголд албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тус вагонд зорчиж, эх орондоо ирсэн гэх манай улсын 10 иргэнийг вокзалаас дөнгөж сая ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч эхэлжээ. Эрээн хотод тус вагоноос буусан гэх найман иргэнээс шинжилгээ авснаас нэг нь уг вирусаар өвчилсөн байсан аж.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны эх сурвалжаас тодруулахад “Мэдээлэл үнэн” гэсэн хариу өглөө. Гэхдээ энэ нь вирус Монголд орж ирсэн гэсэн үг биш бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ авч байгаа асуудал юм байна. Мөн энэхүү вирус нь Дорнод аймагтай хиллэдэг БНХАУ-ын Манжуур хотноо өнөөдөр шинээр бүртгэгдсэн учраас Дорнод аймгийн удирдлагууд тус хот руу зорчихыг хязгаарласан гэсэн шинэ мэдээлэл мөн ирлээ.