ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сагсанбөмбөгийн домог Коби Брайант

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-01-28

Америкийн сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант, охин Жианнагийнхаа хамтаар Америкийн Калифорни мужид орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн орчимд нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдлаа.

41 настай Коби Брайант болон түүний охин 13 настай Жианна нар бусад долоон зорчигчийн хамтаар Калифорни мужийн Оранж каунтигаас Таузэнд Өүкс хотод болох сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор нисч байжээ. Лос Анжелес Каунтигийн цагдаагийн газраас мэдээлсэнээр Калифорни мужийн Калабасас хотод осолдсон нисдэг тэргэнд зорчиж байсан есөн хүн бүгд амь үрэгдсэн байна.

Коби Брайант нь Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга бөгөөд сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх агуу тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Тэрээр, эхнэр дөрвөн охиныхоо хамтаар амьдардаг байсан бөгөөд ослын улмаас нас барсан 13 настай охин Жианна түүний хоёр дахь охин байжээ. Коби Брайант болон түүний охины гэнэтийн үхэлтэй холбоотойгоор урлаг спортын дэлхийн одууд, улстөрчид болон шүтэн бишрэгчид нь нийгмийн сүлжээгээр дамжуулан гүн эмгэнэл илэохийлсээр байна.

Коби Брайант гэж хэн байв

Коби Брайант бол сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг гарцаагүй мөн. Сагсан бөмбөгийн спортын ноён оргил болсон NBA-д таван удаа түрүүлсэн, “Бүх оддын тоглолт”-д 18 удаа оролцож, дөрвөн удаа шилдэг тоглогчоор тодорсон, улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал “MVP”-г нэг удаа гардсан, олимпийн хоёр удаагийн аварга зэрэг бардам амжилт түүнийх. 17-хон настайдаа NBA-гийн хаалгыг тогшиж бус “зад өшиглөн” орж ирээд лигийн “Хамгийн залуудаа” гэсэн тодотголтой бүх л дээд амжилтыг шинэчилсээр урагшилсан тэрээр хэн хүнд олдомгүй ховор хувь заяаны эзэн болж, агуу түүхийг бүтээсэн билээ. Тоглогчдоос асар өндөр ур чадвар шаарддаг NBA-д 20 жил тэссэн тавхан тоглогч бий. Харин Коби нэг л багийн төлөө үнэнчээр зүтгэсэн гэдгээрээ нөгөө дөрвөөсөө онцгойрсон. Хүмүүс тэр бүр үнэнч шударга байж чаддаггүй учраас ийм чанарыг ихэд үнэлдэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл Коби ийм байж чадсан. Бэртэл гэмтэл, хэл ам, шүүх цагдаа гээд хүнд байдалд олонтаа орж байсан ч сагсан бөмбөгтөө, “Лейкерс” багтаа үнэнч үлдэж чадсан билээ. Энэ онцгой зан чанар нь түүний нэр хүндийг сагсан бөмбөгийн ертөнцөөс халиаж,  хөлбөмбөгийн “Милан”- Паоло Мальдини, Франко Барези, хоккейн “Питтсбургийн пингвинүүд”-ийн Марио Лемье, “Детройтын улаан жигүүрүүд”-ийн Стив Айзерман зэрэг домог болсон тамирчидтай эн зэрэгцүүлэн, шүтэн бишрэгчдийнхээ тоог өсгөсөн юм. 

Оногдсон тавилан

“Аливаа зүйлд амны хишиг чухал” гэж нэгэн алдартан хэлсэн гэдэг. Үнэхээр ч Коби Жерри Уэсттэй учраагүй бол, өөрт нь зориулагдсан гэмээр “Лейкерс” багт очоогүй бол, Фил Жексон дасгалжуулаагүй бол өнөөдрийн агуу түүх бий болоо ч үү, үгүй ч үү.
NBA-гийн эмблемд мөнхөрсөн домогт тоглогч Жерри Уэст Кобигийн сагсан бөмбөгийн замналд маш онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Өмнөх улиралд нь плей оффын эхний шатнаас хасагдсан, солилцоо наймаа ид өрнөж байсан 1996 оны тэр өдрүүдийг Ж.Уэст толгойгоо гашилган өнгөрөөжээ. Гэхдээ Кобиг бус, “Орландо”-д тоглоод аварга авахгүй нь гэдгээ ойлгосон Шакил О Нилийг яаж авах вэ л гэж бодож байж. Цалинг нь гаргаж өгөхийн тулд өндөр цалинтай тоглогчдоо эвтэйхнээр явуулах, бүтээгүй тохиолдолд оронд нь хэнийг авах вэ гээд бодох юм их байж. Өмнөх жилд нь плей оффт шалгарсан учраас драфтаас дээгүүр сонголт хийх боломж “Лейкерс”-т үгүй байж. Гэтэл яг энэ үед дунд сургуулийн сагсан бөмбөгийн од, 17-той жаалхүү Коби “Лейкерс”-ийн шалгаруулалтад орж, түүнийг нь Ж.Уэст үзэж таарчээ. Хэдий дунд сургуулийн жаал ч гэсэн Коби аль хэдийнэ “Adidas” фирмтэй гэрээ байгуулж амжсан байсан гэхээр үнэхээр төрмөл авьяастай нэгэн байсан нь илэрхий. Чухамдаа Коби өөрөө ч биш, “Adidas”-ын пи ар менежерүүд л түүнийг сурталчилгааны зураг авалтад оруулахаар Лос Анжелест аваачиж, тэр далимдаа өөрийгөө харуулах боломж олгосон хэрэг. Коби бэлтгэл дээр оюутны сагсан бөмбөгийн лигт хүлээн зөвшөөрөгдсөн Донтей Жонс гэгчийн эсрэг тогложээ. Өрсөлдөгч нь өнгөрсөн улиралд лигтээ шилдэг амжилт үзүүлж, түүнийхээ ачаар зунжингаа Мемфис хотноо Пенни Хардуэйтэй хамт бэлтгэл хийсэн байв. Гэвч өрсөлдөөнд Коби ялсан байна. Донтей биеийн хүчээр илүү ч Коби бусад чадвараараа давж байжээ. Драфтын өдөр болоход “Шарлотт Хорнетс” баг 13 дахь сонголтоор Ловер Мэрионы дунд сургуулийн тоглогч Коби Брайантыг сонгосноор түүх эхэлсэн юм. Ж.Уэст “Шарлотт”-оос драфталсан тоглогчийг нь худалдаж авна гэж тохирсон ч яг хэнийг сонгох ёстойг нэр дуудахаас хэдхэн минутын өмнө л хэлж өгсөн гэдэг билээ.

Дээд амжилтын эзэн

1996 онд NBA-гийн драфтын №13-аар сонгогдож, дунд сургуулиас NCAA-г алгасан томчуудын лигт тоглосон анхны тоглогч болон түүхэнд үлдсэн тэрээр зодог тайлахдаа ч олон дээд амжилт тогтоосон. Сүүлчийн тоглолтдоо 60 оноо авч, үдэлтийн тоглолтдоо хамгийн өндөр оноо авсан сагсан бөмбөгч хэмээн лигийн түүхэнд үлдсэн билээ.

Сагсан бөмбөгийн спортын ноён оргил нь нэг тоглолтод 100 оноо түүсэн Уилт Чемберлен, NBA-гийн түүхэнд хамгийн их оноо авсан Карим Абдул Жаббар, эмблемэнд мөнхөрсөн Ж.Уэстийн аль нь ч биш, Майкл Жордан гэдэгтэй спорт сонирхогчдын олонх нь санал нийлдэг. Коби ч М.Жорданыг шүтэж өссөн. Бохь зажилж, цагариг дээрээс довтлохдоо хэлээ гаргадаг зуршлыг нь дуурайдаг байсан гэдэг. 

Хувийн амьдрал 

1999 оны арваннэгдүгээр сард 21 настай Коби Брайнт 17 настай Ванесса Лейнтэй танилцжээ. Тухайн үед Ванесса “The Eastsiders” хамтлагийн “G’d Up” дууны видео клипэнд арын бүжигчнээр ажиллаж байсан бөгөөд харин Коби өөрийнхөө анхны цомгийг гаргахаар ажиллаж байв. Гэхдээ түүний энэ цомог нь хэзээ ч хэвлэгдээгүй юм. Танилцсан цагаасаа эхлэн тэд болзож, ердөө зургаахан сарын дараа буюу 2000 оны тавдугаар сард сүй тавьснаа зарлажээ. Тэр үед Ванесса Калифорни мужийн Маринагийн ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд хэвлэл мэдээллийнхнээс зугтаж, ганцаарчилсан сургалтаар ахлах сургуулиа дүүргэсэн байна. Хосууд 2001 оны дөрөвдүгээр сард Калифорни мужийн Дана Пойнт хотноо гэрлэжээ. Гэвч даруухан болж өнгөрсөн хуримын ёслолд Брайнтын эцэг эх, хоёр эгч нь, тэр ч бүү хэл удаан хугацааны туршид зөвлөгч, төлөөлөгчөөр нь ажилласан Арн Теллем мөн “Лейкерс”-ийн хамтрагчид нь ч оролцоогүй байна. Учир нь Кобигийн эцэг, эх хэд хэдэн шалтгааны улмаас энэ гэрлэлтийг эсэргүүцэж байсан гэдэг. Нэн түрүүнд, хэтэрхий залуудаа гэрлэж байна, дээр нь гэрлэж буй бүсгүй нь афро-америк гаралтай биш байсан учир ихэд дүргүйцэж байжээ. Энэ байдал хоёр жил гаруй хугацаанд буюу Коби, Ванесса нарын анхны охин төрөх хүртэл үргэлжилжээ. Тэдний ууган охин болох Наталия Диаманте Брайнт 2003 оны нэгдүгээр сарын 19-нд хорвоод мэндэлж, улмаар Коби эцэг, эхтэйгээ “эвлэрч”, Жое, Памела нар бяцхан ач охиноо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Ингээд 2006 оны тавдугаар сарын 1-нд хосууд бага охиноо өлгийдөн авч байв.