ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ё.Баатарбилэг: 40 төрлийн хичээлийг 18 телевизээр заана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-29

Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02 хүртэл хаагаад байгаа билээ. Гэхдээ энэ хугацаанд багш нарыг цалинтай амраана гэдгийг Засгийн газраас шийдвэр гаргасан. Харин сурагчдын хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевиз болон цахим хэлбэрээр заахаар БСШУС-ын яамнаас теле хичээлийн хуваарийг гаргажээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл тодорхой ажил зохион байгуулах төлөвлөгөө гаргасан. Юуны өмнө цэцэрлэг, ЕБС-ын хүүхдүүдийн зуны амралт хугацаандаа дуусгавар болно.  Мөн гуравдугаар улирлын амралт хоёр долоо хоног байсныг нэг долоо хоног болгож, ЕБС-ын гурав, дөрөвдүгээр улирлын зарим өдөр зургаан өдөр хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд таван өдрөөрөө ажиллаад явна. Энэ хугацаанд 18 телевизээр гаргах бөгөөд 1-12-р ангийн хичээлийг 12 өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр цацах бөгөөд бусад телевизүүд  давтан гаргахаар зохицуулсан. Мөн телевизүүдийн хувьд онлайн хичээлүүдийг ухрааж үзэх боломжоор хангаж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудад 20 гаруй хоногийн хоцрогдол үүсэх учраас хорио цуцлагдсанаас хойш буюу гуравдугаар сарын 2-ноос хойш сарын хугацаанд зургаан өдөр хичээллэх, амралтыг нь цуцалж, хичээллэхээр төлөвлөөд байгаа.   Багш нарын хувьд амралт биш хөл хорио тогтоосон учраас байгаа газраасаа суралцагчидтай холбогдож, харилцах боломжтой сувгуудаар  харилцах үүрэг өгч байгаа. Хорио цээрийн хугацаанд  багш нарын цалинг нэмэгдэл урамшуулалтай, бүтнээр олгох бөгөөд харин илүү цагийн мөнгө олгохгүй юм байна.  Хуулиар онцгой нөхцөл үүссэн үед цалинг нь олгох ёстой юм. Мөн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгох юм.

Теле хичээл: Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУС-ын яамны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барина” хэмээн мэдээллээ.

 

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ЗААХ ТЕЛЕВИЗҮҮД

Цэцэрлэг       NTV телевиз

1 дүгээр анги            MN 25-р суваг телевиз

2 дугаар анги           C1 телевиз

3 дугаар анги           Эх орон телевиз

4 дүгээр анги            UBS телевиз

5 дугаар анги           ETV телевиз

6 дугаар анги           TV5 телевиз

7 дугаар анги           Боловсрол телевиз

8 дугаар анги           TV8 телевиз

9 дүгээр анги            TV9 телевиз

10 дугаар анги         SBN телевиз

11 дүгээр анги         Eagle телевиз

12 дугаар анги         Монгол HD телевиз