ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Ганбат: Царай таних технологийг шалгалтын төвүүдэд туршина

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-12

ЭЕШ-ын бүртгэл өнгөрөгч даваа гарагаас эхлэн орон даяар  эхэллээ. Бүх шалгуулагчид хаанаас ч,  хэзээ ч хамаагүй онлайнаар бүртгүүлэх аж. Энэ талаар БҮТ-ийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа. 

-ЭЕШ болон Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хэдний өдөр хүртэл үргэлжлэх вэ? 
-ЭЕШ болон Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл өчигдрөөс буюу хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагаас албан  ёсоор бүртгэж эхэллээ.  Харин босго оноо тогтоох Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэлийг  гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжиллэх бол  ЭЕШ-ын  бүртгэл  дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл  орон даяар  нэгэн зэрэг онлайнаар  явуулна. Энэ хоёр шалгалт өөр  өөр гэдгийг онцгой анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл Монгол хэлбичгийн шалгалтын 400 оноог авбал ЭЕШ-д орж их дээд сургуульд  элсэх боломжтой гэсэн үг.   Монгол хэлбичгийн шалгалт өнгөрсөн жилээс эхлэн босго оноотой болсон бөгөөд  урьдчилж зохион байгуулдаг юм. 

-Дээрх шалгалтуудын тов гарсан уу. Хэчнээн шалгуулагч ЭЕШ өгөх бол? 
-ЭЕШ-ыг  зургадугаар сарын 12-15-ны хооронд, Монгол хэлбичгийн шалгалт гуравдугаар сарын 28-ны өдөр  зохион байгуулах юм. Харин зургадугаар сарын 19-нөөс батламж хуудсыг 2-3 хоногт багтаан тарааж дуусах ажлыг зохион байгуулна. Өмнөх оны төгсөгчид зургадугаар сарын  ЭЕШ-тай хамт Монгол хэлбичгийн шалтгалт болно гэж ойлгоод  ирсэн тохиолдол өнгөрсөн жил гарсан учраас анхааруулах нь зүйтэй байх.  Хэрвээ Монгол хэлбичгийн шалгалтаа давж чадаагүй бол их дээд сургуульд элсэх боломжгүй. Энэ жил  өнгөрсөн  жилийнхтэй адил шалгуулагчид шалгалтаа өгсөн даруйд нь дүнг мэдээлэхээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 32 мянга орчим шалгуулагч шалгалтад  орно гэсэн тооцоо гаргасан. Улсын  хэмжээнд 50 шалгалтын төвийг  ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Бүртгэл 100 хувь онлайн учраас мэдээллээ бүрэн, гүйцэд оруулах нь чухал. Мөн  энэ жил  царай таних технологийг хэд хэдэн шалгатын төвд  туршиж үзэхээр  болсон. Учир нь, жилийн жилд сурагчид өөрийнхөө бичиг баримт, материалыг  мартаж шалгалтандаа ирдэг. Улмаар  тухайн  материалыг  нь шалгаж байж оруулахгүй бол өөрийнхөө өмнөөс хүүхэд оруулах тохиолдол өмнөх жилүүдэд цөөнгүй гарсан. Тиймээс тухайн шалгуулагч бүртгүүлэхдээ  өөрийнхөө тод  зургийг оруулах шаардлага тавьж байгаа юм. 

-Монгол хэлбичгийн шал­гал­тад ЭЕШ өгөх шал­гуулагч бүр бүртгүүлэх үү?
-Монгол хэлбичгийн шал­гал­тын бүртгэлийн хувьд энэ жил 12 дугаар ангид сурч төгсөх шалгуулагчдын  бүрт­гэлийн мэдээллийг Боловс­ролын үнэлгээний төвөөс БСШУС-ын  яамны мэдээллийн нэгдсэн системээс автоматаар татаж, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр  Монгол хэлбичгийн шалгалт өгөх эрх нь үүснэ. Түүнээс 12 дугаар ангид сурч буй хүүхэд Монгол хэлбичгийн шалгалтад  тусгайлан бүртгүү­лэх шаардлагагүй гэж үзэж болно. Харин өмнөх онд төгс­сөн шалгуулагчдын хувьд заасан хугацаанд Монгол хэлбичгийн шалгалтад заавал  бүртгүүлж байж баталгаажна.  Бүртгэлийн  хугацааг сунгахгүй учир  заасан  хугацаанд амжиж бүртгүүлэх хэрэгтэй. 

-Шалгуулагчид  юуг анхаа­рах шаардлагатай вэ? 
-Ямар мэргэжлээр аль сур­гуульд  суралцах  вэ гэдгээ эцэг, эхтэйгээ зөвлөх хэрэгтэй. Мөн тухайн мэргэж­лээр суралцахын тулд ямар хичээ­лээр шалгалт өгөх вэ гэдгээ тодорхойлсон байх шаардлагатай. ЭЕШ-аа 10 хичээлээр сонгож өгдөг нь энэ жил  ч  хэвээрээ. Өнгөрсөн жил оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орсон нь, тухайн шалгуулагч  их  дээд сургуульд  элсэхийн тулд хоёроос доошгүй хичээл сонгож өгөх тухай тусгасныг  анхаарах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуульд суралцаж буй сурагчид онлайнаар бүрт­гүүлэхээс гадна эрүүл мэндийн шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхдийн бэрхшээлд тохируулсан сургалтын орчин тоног төхөөрөмжийг тусгайлан бэлдсэн анги танхимд шалгалт өгөх боломжоо бүрдүүлнэ

-Онлайн бүртгэлд ямар бичиг баримт шаардлагатай вэ? 
-Иргэний цахим үнэмлэх дээрх албан ёсны нэр, 3х4  хэмжээтэй цээж зураг,  и-мэйл хаяг,  төлбөр хийх карт байх ёстой. Энэ жил картын системд  бага зэрэг өөрчлөлт оруулсан. Өмнө нь  арилжааны банкуудын  өөрсдийн  төлбөрийн системээр дамжиж хийдэг байсан бол энэ жил Монголбанкны төлбөрийн системээр дамжиж хийдэг болсон. Гэхдээ энэ нь  бүртгүүлэгчдийн  алхмын хувьд  ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Бүртгэлтэй холбоотой асуудлыг  багш нар онлайнаар хүргэх хэрэгтэй байна. Мөн бүх мэдээлэл БҮТ-ийн цахим хуудсанд  байгаа. 

-Өнгөрсөн жилийн бат­ламж хуудас энэ жил хүчин­тэй хэвээрэй юу? 
-Батламж хуудас 2.5  жилийн хугацаанд хүчинтэй хэвээ­рэй. Өнгөрсөн жил Монгол хэл­бич­гийн шалгалт өгч, босго оноогоо давсан хүүхдүүд энэ жил ЭЕШ-ынхаа дүн оноог ахиулах хүсэлтээр дахин орж болно. Ингэхдээ Монгол хэлбичгийн шал­гал­тыг өгөхгүйгээр зөвхөн ЭЕШ-аа өгөх эрх нь нээлт­тэй. Хэрвээ өнгөрсөн жил босго оноогоо даваагүй бол заа­вал  дахиж Монгол хэл бич­гийн шалгалтдаа хамрагдах  шаард­лагатай гэдгийг анхаараарай.