ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Мөнхийн хөршдөө туслах" хандивын аяныг эхлүүллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-19

Монгол Улсын Засгийн газ­рын ээлжит хурал­даа­наар БНХАУ-д туслах аяныг са­наач­лах шийдвэр гаргаж, ажлын хэс­гийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэн­батыг томилсон билээ. Энэ хү­рээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хан­дивын данс нээлгэж, БНХАУ-д тус­лах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмж­лэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлжээ.

Энэ талаар өчигдөр  Гадаад харилцааны яаманд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын албан тушаалт­нууд хамтран мэдээлэл хийлээ.

БОАЯЖ-ын сайд Н.Цэрэнбат: Энэ оны нэг­дүгээр сарын 7-ноос хойш манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар тархаад байгаа. Тиймээс “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг эхлүүлж байгааг албан ёсоор зарлаж байна. Манай улсын төрийн болон төрийн бус байгууллагуудаас БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандив дэмжлэг өгч байгаа боловч цаашид улам илүү хүнийг хамруулан хандив цуглуулах шаардлагатай байгаа учраас нэгдсэн хандивын данс нээсэн. 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: Сүүлийн үед коронавирусийн тархалттай холбоотойгоор Монголын олон иргэн сэтгэлийн тус дэм, хандив өгье гэдэг санаачилга гаргаж байгаа. Зохион байгуулалтгүй олон сувгаар явж байгаа учраас илүү үр ашигтай болгох үүднээс нэгдсэн нэг хандивын данс нээсэн.   Манай улсын хувьд Засгийн газраас хятад улсад тусламж өгсөн. НЗДТГ, МҮХАҮТ, Хятадад төгсөгчдийн холбоо, Ардчилсан Нам зэрэг байгууллагууд хандив өгсөн. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: БНХАУ бол манай хамгийн том худалдааны түнш. 2010 оноос тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна. Тиймээс бидний зүгээс ард иргэд, ААН-үүдийг хүнд цаг үед хамтран ажиллаж, тус улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. 

...Одоогоор манай улсын 336 иргэн хятадад байгаа талаар Д.Цогтбаатар сайд энэ үеэр мэдээллээ. Тэдгээр иргэдийг буцаан авчирах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд  өмнө нь хилээр нэвтрэх журамд зохицуулалт хийж ажиллахдаа хугацаа өгч, иргэдээ татаж авсан. Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлэхдээ, “Бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засаг амаргүй байх төлөв байдалтай байна. Манай улсын хувьд өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад төсвийн орлого хамаагүй багассан тоон үзүүлэлттэй байна. Төсвийн гүйцэтгэлийг нэгтгэж гараагүй байгаа учраас төсвийн тодотгол хийнэ гэж хэлэх боломжгүй юм” гэлээ.