ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бөхийн өргөө “халдлага”-д өртлөө

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-25

МҮБХ-ноос хамгаалалтын алба хөлслөн Бөхийн өргөөг мэдэлдээ авна хэмээн өнгө­рөгч баасан гарагт Ерөн­хий­лөгчид мэдэгдэл хүргүүлсэн. Тэр дагуу мөн өдрийн 13:30 цагт Бөхийн өргөөнд очиход цементэн шатны дээр хэсэг хүмүүс эгнэн сууцгааж байв. Тэд тус өргөөний ажилчид аж. Өөрийгөө Бөхийн өргөөний техникч гэж танилцуулсан 50 эргэм насны эрэгтэй үүсээд буй нөхцөл байдлын талаар “Бөхийн холбооны тэргүүний асуудлаас болоод хоёр сар гаруй хугацаанд ажлаа хийж чадсангүй. 

Өөр ажил  хийж ч болдоггүй. Эндээ ч ажиллаж чадахгүй л байна. Цалингаа авч чадахгүй,  амьдрал үнэхээр хүндэрч байгаа. Бөхийн өргөөнд 30 гаруй хүн ажилладаг, 10 гаруй түрээслэгч бий.  Хэсэг хүмүүсийн үл ойлголцлоос болж, Бөхийн өргөөг яагаад битүүмжилснийг ойлгохгүй байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат 14:00 цагийн үед хамгаалагчийн хамтаар ирэв. Тэрбээр “Монгол бөхийн өргөөг бөхийн холбооны өмч гэдгийг тогтоосон байгаа. Гэтэл хувийн юм шиг ашиглах юм. Энэ чинь Монголын төр, Монголын ард түмний хөрөнгөөр боссон өргөө. Үүний цаана олон нуух юм байгаа болоод үхэн хатан зүтгэж байна. Үүнийг нээлттэй болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэд хууль үйлчлэхээ больсон юм байна. 16 жил шүүх хуулийн байгууллагаар явж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар албадаж Цэцдийн зөвлөлийг хуралдуулсан.  Цэцдийн зөвлөлөөс “Их эе”ээ хуралдуулах товыг зарлаад  түүгээрээ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбат мөн гэдгийг тогтоосон. Бид үйл ажиллагаагаа явуулахаар ОӨУБГ-аас гэрчилгээ тамга тэмдгээ авсан. Гэтэл хууль ёсны эрх бүхий хүмүүст энэ албыг өгөхгүй. Цагдаа шүүх нь нэг талдаа үйлчлээд ийм байдал үүсгээд байна” гэлээ.  Дархан аварга А.Сүхбатыг яриа өгч байх зуурт бөхийн өргөөний баруун, зүүн жигүүрт 40 орчим залуу бөхчүүд цуглаж  өргөөний баруун урд талын хаалганы орчимд  зогсоцгоов. 

Бөхийн өргөөний хаалгыг 5-6 удаа өшиглөж эвдэв

Дархан аварга А.Сүхбатаас  цуглаж байгаа залуус хаана харьяалагддаг, тэднийг таних уу гэж асуухад “Залуучуудыг танихгүй ээ. Бөхийн холбооныхоо эрх ашгийг хамгаалахаар ирсэн залуучууд байх” хэмээн хариулсан юм. Энэ үеэр шилэн цонх хагарах чимээ гарсан бөгөөд цугласан хүмүүс  чимээ гарсан хаалга руу гүйлдэж очсон юм. Атгасан гараас арай том чулуу атгасан цагаан цамц, брюкэн өмдтэй жижиг биетэй  залуу хаалганы баруун захын жижиг дөрвөлжин цонхыг хагалаад гар нь исгэгдэж цус нь урсаж харагдав. Түүнийг хэн ч болиулах арга хэмжээ аваагүй бөгөөд жижиг нүхээр дотогш нэвтэрч хаалгыг дотроос нь 5-6 удаа өшиглөн түгжээг эвдэлж онгойлгосон юм. Тэрбээр гаднах хаалгыг онгойлгосны дараа дотор хаалганы цонхыг хагалан гаднаас нь өшиглөж эхлэв. Тухайн үед бөхийн өргөөн дотор хамгаалалтын ажилтан байсан бөгөөд дотогш нэвтэрч чадаагүй залуу гадагш гарч эргэн тойрноос чулуу хайж байгаад гэнэт цугласан олны дундуур сүлжин  зугтаав.  Түүнийг зугтсаны дараа хамгаалагчаас өргөөний дотор өөрөөс нь өөр хүн байгаа эсэхийг  тодруулахад “Сантехникийн ажилчин бид хоёроос өөр хүн байхгүй. Энэ чинь битүүмжлэгдсэн газар шүү дээ”  гэсэн юм. 

Хэрэгтнийг барих нь цаг хугацааны асуудал

Удалгүй Бөхийн өргөөний хамгаалалтын албаны дарга ирлээ. Түүнээс нөхцөл байдлыг тодруулахад “Дархан аварга, УИХ-ын гишүүн хүн ингэж болмооргүй санагдаж байна. Бөхийн өргөөнд хурал энэ тэр болсон зүйл байхгүй” гэв. Хэргийн газар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид ирж Бөхийн өргөөний хаалгыг битүүмжлэн хамгаалалтад авлаа. 40Х30см хэмжээтэй савхин цүнх мөрөвчилсөн шинжээч эмэгтэй хэргийн газарт үзлэг хийж газарт дуссан цуснаас дээж авах, хагарсан цонх, эвдэрсэн цоожны зургийг дарах гэх мэтээр нотлох баримт цуглуулж байсан юм. Бид цагдаагийн дэд хурандаа цолтой албан хаагчаас хэрэгтнийг барих боломжтой эсэхийг тодруулахад “Үлдээсэн цусны дуслаас дээж авсан. Ойр хавийн камерын бичлэг шүүх, бичлэг хийсэн хүмүүсийн зураг бичлэгээс хаана амьдардаг хэн болохыг төвөггүй мэдэж болно. Хэрэгтнийг Эрүүгийн хуульд заасны дагуу бусдын эд хөрөнгөд  ноцтой хохирол учруулсан зүйл ангиар хэрэг үүсгэнэ” хэмээлээ. Энэ үеэр Монгол бөхийн холбооны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд “Цагдаа хүчний байгууллага хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн дарга н.Дамбийнямыг цагдаагийн дотоод хяналт ёс зүйн хороонд зөрчил гаргасаных нь төлөө өргөдөл өгч шалгуулна” гэдгээ хэлсэн юм.