ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нээлттэй Говьсүмбэр

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-25

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн харьяа агент­лагуудын нээлттэй хаал­ганы өдөрлөг энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад боллоо.  Харин манай сурвалжлах хэсэг Шивээговь суманд энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг сурвалжилсан юм. Нээлттэй хаалганы өдөрлөгт Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирд­лагын хэлтэс, мэргэжлийн хянал­тын газар, Онцгой байдлын газар оролцсон. Мөн Шивээговь сумын эрүүл мэндийн төв зэрэг байгуул­лагууд оролцож, иргэдэд мэдээлэл өгч, үзлэг хийлээ.  Нээлттэй хаалгын өдөрлөгийг нээж  Говьсүмбэр аймгийн төрийн захиргааны удирдлагын хэлт­сийн дарга М.Анхбаяр   “Өнөөдөр энд хуран цугласан иргэд та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Мөн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож,   төрийн үйлчилгээ үзүүлэхээр ирсэн төрийн албан хаагчид та бүхэндээ талархал илэрхийлье. Засгийн газрын 2001 оны 190-р тогтоолоор жил бүр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион бай­гуулж хэвшсэн. Энэ хүрээнд өнөөдөр нээлт­тэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. 

Аймаг,  сум орон нутаг, агентлагуудын хүрээнд  Засаг даргын тамгын газрын харьяа зур­гаан хэлтэс байгаа. Энэ зургаан хэлтэст харьяалагддаг агентлаг сум­дууд­тай­гаа хамтраад жилд дөрвөн удаа нээлттэй ажиллаж байна.  Энэ удаад Говьсүмбэр  аймгийн Засаг даргын тамгийн газрын төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар төрийн үйлчилгээг нэг дороос хүр­гэ­хээр зорьж, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Түүнээс гадна, Шивээговь сумын Засаг даргын тамгын газар энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. 

Иргэд та бүхэн нээлттэй хаалганыхаа өдөрлөгт идэвхтэй оролцож, өөрс­дийн­хөө хүссэн чиглэлийнхээ үйл­чил­гээг аваарай” хэмээн хэлсэн юм. Түүний дараа Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Амгалантуяа “Онцгой байдлын байгууллага иргэдийнхээ амар амгалан байдлын төлөө жилийн 365 хоног тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс дэлхий нийтийн жишгээр 2004 оноос хойш Онцгой байдлын байгууллагатай болж, 14 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Онцгой байдлын чиглэлийн хууль эрхзүйн орчин хоёр удаа шинэчлэгдсэн. Өнөөдрийн үйл ажиллагаанд  Онцгой байдлын газраас иргэд аж ахуй нэгж байгууллагад галын аюулгүй байдлын дүгнэлт зөвшөөрөл олгох,  сумын гэр хороололд галын аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх үзлэг хийх гэсэн хоёр гол чиглэлийн дагуу оролцож байна.  Тиймээс иргэдийг энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье” хэмээлээ.

Албаны хүмүүс үг хэлж, нээлт хийсний дараа Шивээговь сумын “Шивээн ганхаа” хамтлагийн бүжиг­чин хүүхдүүд нээлттэй хаал­га­ны өдөрлөгт оролцож буй иргэдэд зориулж, урлагийн тог­лолт үзүүлсэн юм. Шивээговь сумын иргэд ч нээлттэй хаалганы өдөр­лөгт оролцож, хэрэгтэй мэдээ­лэл зөвлөмжөө авч, эрүүл мэн­дээ ч үзүүлж байлаа. Мөн тө­рийн байгууллагууд зөвлөгөө, мэдээл­лээ гарын авлага маягаар хэвлэж, иргэдэд өгч байсан нь оновч­той шийдэл байв. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож буй Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс гэхэд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байлаа. Энэ талаар төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр “Засгийн газрын 2001 оны 191-р тогтоолоор иргэдтэй ажиллах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг болсон.

Засгийн газрын тогтоол гарснаас хойш тогтмол хийж хэвшээд байна. Сүүлийн жилүүдэд нээлттэй хаалганы өдөрлөгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч, аймгийн засаг даргын тамгын газрын хэлтэс, харьяа агентлагуудтай хамтран зохион байгуулж байна. Энэ удаад аймгийн Засаг даргын тамгийн газрын Төрийн тусгай удирдлагын хэлтэс түүний харьяа агентлаг болох Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар Сүмбэр, Шивээговь, Баянтээл сумдын Засаг даргын тамгын газар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байгаа юм.  Аймгийн төвд бус сум бүрт хүрч ажиллахыг зорилго болгосон. Бид нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр  төрийн байгууллагууд мэдээ мэдээллээр хангахаас гадна төрийн үйлчилгээний байгууллагуудыг татан оруулж эрүүл мэндийн болон боловсрол, соёлын үйлчилгээг давхар үзүүлж байна.

Манай төрийн захиргаа удирдлагын хэлтэс иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Амаар, бичгээр,  цахимаар авах боломжтой байдаг. Энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр  цаасан хэлбэрээр санал асуулга авсан.  92  өрхөөр орж,  төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар санал асуулга авсан. Иргэдээс  10 гаруй төрлийн санал ирүүлсэн байна. Иргэдээс ирсэн саналын дийлэнх нь дэд бүтэц, тохижилттой холбоотой байсан. Түүнээс гадна, орчны бохирдлыг бууруулах, төрийн болон, боловсролын  байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах санал байна. Саналын дагуу  холбогдох агентлагуудад үүрэг чиглэл болгон хэрэгжилтийг нь хангуулж иргэдэд хариуг нь хүргүүлдэг.Бас нэг чухал асуудал нь Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Харьяа газрын хэлтэс, агентлагууд сумдын мэдээллийг энэ долоо хоногтоо аймаг орон нутгийн телевизүүдээр нэвтрүүлж эхэлсэн” хэмээн ярьсан юм.  Харин мэргэжлийн хяналтын хэлтэс иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргүүлж ажиллаж байлаа.

Тэр дундаа хоол хүнстэй холбоотой зөвлөмж хүргүүлж, шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийж үйлчилж байсан юм.  Говьсүмбэр аймгийн   Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр энэ үеэр “Мэргэжлийн хяналтын байгуул­лага 2012 оноос хойш эрсдэлд суурил­сан хяналт, шалгалт хийж эхэлсэн. Ялангуяа хүнсний аюул­гүй байдалд анхаарах ёстой гэдэг утгаараа бид голчилж лабо­ра­торийн шинжилгээтэй шалгалт хийж бай­гаа. Тиймдээ ч бид нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр  аж ахуй нэгжийн хүсэлтээр  үнэ төлбөргүй шинжилгээ хийх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Иргэдэд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, аюулгүй хүнс худалдаж авах талаар зөвлөмж өгч ажиллаж байгаа.  Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хоолны хордлого  улсын хэмжээнд цөөнгүй гарлаа. Сүүлийн долоо хоногийн дотор л гэхэд гурван газар хүмүүс хоолны хордлогод орсон талаар мэдээлэл гарсан. Хэдийгээр хүнсний бүтээг­дэхүүнийг үйлдвэрүүд стандартын дагуу үйлдвэрлэж байгаа ч хадгалалт,  тээвэрлэлт, борлуулалтын явцад  горим зөрчигдсөнөөс болж иргэдэд аюултай болох магадлалтай. Энэ бүхнээс сэрэмжлүүлж, иргэддээ мэдээлэл өгч байна” хэмээн ярьсан юм.

Харин Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас зарим техник, багаж хэрэгсэл, хувцсаа иргэдэд танилцуулж, тодорхой зөвлөмжүүдийг өгч байлаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт ямар байдлаар оролцож байгаа талаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Амгалантуяа “Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн тусгай удирдлагын хэлтэст манай аймгийн гурван сумын тамгын газар,  аймгийн  ОБГ, Мэргэжлийн хяналтын газар харьяалагдаж,  ажлаа дүгнүүлдэг.  Тиймээс өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгийг бид хамтарч   Шивээговь суманд  зургадугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдөр­лө­гийн хүрээнд Онцгой байдлын газраас нэгдүгээрт,  байгууллагаа сурталчилсан мэдээллийг иргэдэд өгч байгаа. 

Түүнээс гадна,  хүсэлт гаргасан аж ахуй нэгж иргэдэд одоо галын аюулгүй байдал болон ажлын байрны дүгнэлтийг газар дээр нь чирэгдэлгүй олгож байна. Манай байгууллага жилд 2-3 удаа галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Хавар, намрын үед удирдамж гаргадаг. Энэ хүрээнд Шивээговь сумын гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг манай  бүрэлдэхүүн  явуулж байна. Гэх мэт үйлчилгээнүүдийг энэ өдөрлөгийн хүрээнд зохион байгуулж байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.  Дашрамд дурьдахад, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд шинэ барилгатай болсон аж. Тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар автомашины паркийг бүрэн шинэчилсэн юм байна.  Боловсон хүчний хувьд  100-ны  80 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд ажээ.