ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ вирусийн халдвар хурдацтай тархаж буйг анхааруулжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-24

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар коронавирусийн цар тахлын 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнийг тэмдэглээд, уг халдвар улам хурдацтай тархаж буйг анхааруулжээ.

“COVID-19” халдвар анх дэгдэж эхэлснээс 67 хоногийн дотор 100 мянган хүн халдвар авсан бол үүнээс 11 хоногийн дараа уг тоон үзүүлэлт 200 мянга болсон байна. Харин сүүлд халдвар авсан хүний тоо дөрөвхөн хоногийн дотор 300 мянгад хүрчээ. Гэсэн хэдий ч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “траекторыг өөрчлөх” боломжтой хэвээр байгааг онцолжээ. Тэрбээр шинжилгээг авч, хавьтлыг тогтоох стратегийг сайтар баримтлахыг улс орнуудад уриалсан байна.

Т.Гебрейесус гэртээ байж, зайнаас харилцах арга хэмжээг дагаж мөрдөхийг хүмүүсээс хүсээд, эдгээрийг хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг сааруулахад ихээхэн ач холбогдолтой гэжээ. Гэсэн хэдий ч түүний хэлснээр, эдгээр нь зөвхөн хамгаалах арга хэмжээ тул биднийг ялалтад хүргэхгүй гэсэн байна.

“Ялахын тулд бид вирус рүү эрчимтэй, оновчтой тактикаар довтлох хэрэгтэй. Үүнд сэжигтэй тохиолдол бүрийг шинжлэх, халдвар авсан хүн бүрийг асрах, тэдгээртэй ойр хавьтсан бүх хүнийг тусгаарлах багтана” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн байна.