ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн хоёр дахь давалгаа Азид зонхилж болзошгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-26

Дэлхийн 196 улсад коронавирусийн халдварын 375.498 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16.362 хүн өвчний улмаас нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Итали, АНУ, Испани, Герман, Франц, Иран зэрэг орнуудад өдөрт 1.000-10.000 шинэ тохиолдол нэмэгдэж, тархалт  хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд Итали улсад нас баралт 10.3 хувьтай байгаа аж. Эрдэмтдийн хэлж буйгаар коронавирусийн шинж тэмдэг, ойлголт  өдрөөс өдөрт өөрчлөгдөж, Азид 65-аас дээш насныхан халдварлаж байсан бол Европ тивд залуужиж 18-45 насны хүмүүст зонхилон халдварлаж байна. Тиймээс улс орнууд авч буй арга хэмжээ, хөл хориогоо чангаруулж эхэлжээ.  ДЭМБ болон зарим судлаачдын үзэж буйгаар  коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхааруулжээ. Манай улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Харин урд хөршид  тусгаарлах байрны тоогоо нэмэх талаар бэлтгэлээ базааж байгаа ажээ. ЭМЯ-аас манай иргэд хяналтаа бага зэрэг сулруулж байгааг онцлоод бага насны хүүхдийг гадуур олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг анхааруулсан юм. Хүүхэд уг халдвараар өвчлөх нь бага хэдий ч  18-аас доош насны гурван хүүхэд нас бараад байгаа гэв. 

Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадлалтай

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Манай улс нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэн тусгаарлан ажиглалтад авсаад  байна.  Үүнээс өнөөдрийн байдлаар  2083 иргэн тусгаарлах байранд бий. Харин Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарсан бол  Баян-Өлгий аймагт дөрвөн иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байранд орсон иргэдийн хөдөлгөөнтэй хамт  300 эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдсан.  Бид иргэдтэйгээ хамт коронавирусийн эхний давалгааг амжилттай давлаа. Хоёр дахь давалгааг эрсдэл багатай өнгөрүүлэх судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд эмнэлгийн орны тоог хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд  5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцсон. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч, цагдаа, тагнуул болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадлалтай.

Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн цуцална

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Өнөөдрөөс БНХАУ-ын Хубэй муж хөл хориогоо цуцалж эхэлж байгаа бол  Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн цуцална. БНХАУ-д өдөрт 20 мянга орчим зорчигч олон улсын нислэгээр очиж, хилээр нэвтэрч байгаа нь халдвар импортлогдон орох эрсдэл бий болж байгаа учраас тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. 

“Амны хаалт зарна” гэсэн зарын дагуу хандаж 117 сая төгрөгөө залилуулжээ

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар: Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан залилангийн төрлийн хэргүүд их гарч байна. Манай улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр, Азидаа нэгт ордог орон гэдгийг та бүхэн мэднэ. Цагдаагийн байгууллагаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой бусдад залилуулсан хуурамч мэдээ тараасан 25 мэдээллийг шалгаж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг иргэн Д нь амны хаалт зарна гэж иргэн Б-гээс 8.4 сая төгрөг залилсан тохиолдол гарсан. “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Герман улсын "Estaparma sitcalius" компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан. Энэ мэтчилэн хуурамч цахим хаяг, интернет худалдаа ашиглан амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэгсэл худалдаалдаг компаниудын нэр ашиглаж бусдыг залилах тохиолдол их байна. Ялангуяа амны хаалт зарах, төрийн байгууллагуудын алба хаагчдад туслах аян өрнүүлнэ гэж иргэдийг залилж байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд бүү сандар, бүү хуурт, бүү итгэ гэж уриалъя. Бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж бусдад залилуулж байгааг анхаараарай.

Уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүст  тандалт хийж байна 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Бид уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүс коронавирусийн халдвараар өвчилсөн эсэхийг тандан хянаж байна. Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт эмчлүүлсэн, томуугаар өвчилсөн гэх 28 хүнээс түүврийн аргаар шинжилгээ авахад  сөрөг буюу коронавирус илрээгүй Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн хяналтад байна. Истанбул-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд өдөр бүр лабораторийн шинжилгээг авч халдвар тээгчдэд эмчилгээ зохиж байна уу, үр дүнтэй юу гэдгийг хянаж байгаа. Лабораторийн шинжилгээгээр таван сорьцоор шинжилгээ хийдэг бөгөөд нус, цэр, цус, баас, шээснээс шинжилгээ хийдэг юм. Шинжилгээний хариугаар онош батлагдсаны дараа л эмнэлгээс гаргаж байгаа гэдгийг хэлмээр байна.