ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шууд уйл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-01

Гадаад дотоод явж галуу шувууны мах идэж, хүн бүхнээс өөрийгөө дээгүүр хэмээн бодоод эхлэхээр хүнтэй хүн ёсоор харилцах бодол орж ирдэггүй болдог гэдгийг тусгаарлалтад байгаа хүмүүсээс бид харж байна.

Сайн дураар биш гагцхүү цар тахлын үед авсан арга хэмжээ гэдгийг ойлгохгүй цамнаж байгаа хүмүүсийн жишгээс бид ч бас суралцах ёстой юм байна. Тухайлбал, мөөгтэй хоол ид гэж хэн нэгэн, эсвэл гэрийнхэн чинь шахвал шууд уйл. Жирэмсэн бол бүр л сайн биз. “Уучлаарай би жирэмсэн юм аа. Тийм учраас мөөгтэй хоол идэхгүй” гэж хэлэх шаардлагагүй гэсэн үг. Шууд уйлчихвал хүмүүс чамайг өмөөрнө, хамгаална. Жирэмсэн хүнд мөөгтэй хоол өгөх гэж улайрсан нөхөр чинь, эсвэл гэр бүлийн чинь буруу болоод л өнгөрнө гэсэн үг. Тусгаарлалтад байгаа иргэдийн буруу биш эмч нар нь буруутан болоод өнгөрч байна, энэ тохиолдолд.

Мөн ээж чинь өглөө варень түрхсэн талх өгөх гээд байвал шууд нүүр лүү нь шидчих. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг үг танай гэрт үйлчлэхгүй учраас надад үзүүлж буй үйлчилгээгээ сайжруул, би варень идэж чаддаггүй гэх мэтээр хэлэх шаардлагагүй. Шууд нялх багын араншингаа нэвт шувт харуулж нүүр өөд нь тун ч техниктэйгээр шидэхээ мартав аа. Гол нь энэ бүхэн чамайг юм үзэж, нүд тайлсан мэт харагдуулна гэсэн үг.

Мөн нэг гэрт наймуулаа амьдардаг хүмүүс байгаа бол өнөөдрөөс эхлэн тус, тусдаа нойлын өрөө нэх. Дундаа суултуур хэрэглэхгүй хэмээн эсэргүүцэл зарлаж, болохгүй бол зодолдож үзүүлэхэд гэмгүй юм билээ. Бас л та нарын зөв, танай аав, ээжийн буруу болоод өнгөрнө. Хоёр өрөө, эсвэл нэг өрөө байр чинь хэтэрхий давчуу санагдаад байгаа бол хаусанд оруулж өгөөч гэж нэхэх хэрэгтэй. Цаашлаад ор чинь тухгүй бол “Мишээл экспо”-гоос ор нэхэх, хөнжил даавуу чинь тухгүй бол брэндийн зөөлөн даавуу нэхэх нь зүйн хэрэг. Энэ бүхнийг биелүүлж өгөхгүй бол шууд ажлынхаа даргыг аав, ээж рүүгээ утасдуулж дарамтлахаа бас мартав.

Эцсийн эцэст энэ бүх даам гарсан үйлдэл чиний буруу биш корона, эсвэл хөл хорионы буруу болоод л өнгөрнө гэдгийг бид харлаа. Дэлхий нийт хүртэл “орк” зан гаргаж байгаа учраас энэ хэдэн өдөрт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхэд буруутгах хүн гарахгүй гэдгийг тусгаарлалтад байгаа “орк”-уудыг өмөөрч буй нийгмийн хандлага харуулчихлаа шүү дээ. Тиймээс өнөөдрөөс эхлээд зөвхөн шууд уйл гэдэг дүрмийг мөрдөж эхэлнэ ээ. Цар тахал биш сайхан хөл хорио нэрээр амрах гэж байхад тус тусад нь нойлтой, тансаг зэрэглэлийн амралтад өдөр бүхэн тактуритан, шарсан галуу өгөхгүй байгаа муу сайн аав, ээж нарыг яг л Халдвартын эмч нар шиг ад үзэж, нүүр өөд нь талхаа шидэцгээ.

Б.Тогтох