ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Золбирч явлаа" гэж зовлон дээр зовлон бүү нэмээрэй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-02

Хоногт мянга мянган хүнийг авч одож буй цар тахалтай дэлхий нийтээр тэмцэлдсэн бүүдгэр өдрүүд үргэлжилсээр. Тахлын голомт болох БНХАУ тогтоон барьж ард нь гарч чадсан ч эдүгээ Европт хоногт мянга мянган хүнийг “залгиж” байгаа гунигт мэдээ тасрахгүй байна. Хилийн чанадаас ирж буй иргэдийг эс тооцвол Эрүүл мэндийн яам, эмч мэргэжилтнүүд, Онцгой байдал, хил гаалийнхны ачаар эх орондоо байгаа нэг ч монгол хүн вирусийн халдвар авалгүй өнөөдрийг хүрсэнд хэн хүнгүй баярлаж байгаа. Гэвч та бидний эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлж, тусгаарлалтад орсон, эсвэл халдвар авсан нэгнийгээ элдвээр буруушааж, харааж зүхэх хандлага байсаар эрүүл монгол хүн биднээс гарч буй нь харамсмаар. Өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг болохоор магадгүй өнөөдөр өвдсөн нэгнийг буруутгаж суугаа та маргааш тэрхүү буруугүй буруутны эгнээд элсэхгүй гэх баталгаагүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс одоогийн байдлаар 14 тохиолдол илрээд буй.

Илэрсэн тухай мэдээлэл гарахтай зэрэгцэн “тэнэж яваад эх орондоо өвчин авчирлаа”, “золбирч яваад зовлон авчирлаа”, “гадаадад байгаа хүмүүсийг авч ирж, сайн дураар өвчин тээрлэж ирлээ” зэрэг сэтгэгдлүүд хөвөрнө. Эрсдэлтэй юу гэвэл эрсдэлтэй. Гэхдээ хилийн чанадад дээшээ тэнгэр, доошоо газар хол эмнэлгийн тусламж авах ч аз эзийн асуудал болж эх орон руугаа бүлтийтэл харж суугаа тэдний буруу гэхэд хэцүү. Магадгүй нутагтаа ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн байсан бол тэд эх орон, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ орхиод харийн орныг зорих байсан ч юмуу үгүй ч үү. Магадгүй тэдний дотор ууж идэхээ голж шилсэн дарга, “даргын эхнэр” байж ч болно. Гэхдээ ихэнх нь амьдрахын эрхэнд харийн орныг зорьж, эх орноо тэмцэж ирсэн жирийн л эгэл ард гэдгийг бид мартах учиргүй. Төрийн түшээ байлаа гээд өвдөж болохгүй гэсэн үг биш.

Магадгүй тусгаарлалтад орсон сургаар жийрхэх, халдвар авсан гээд чоно үзсэн хонь шиг хандах нь вирусийн шинж тэмдгийг нуун дарагдуулж, улмаар улс даяар тархах аюулыг авчирч ч болох. Магадгүй олны хандлагаас болж шинж тэмдгээ нууж, эмнэлэгт хандахаас санаа зовж явсаар халдвар тараавал ам уралдан гадуурхаж суусан та биш, гэртээ харих завгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ачилчид л ачааны хүндийг үүрнэ. Covid-19 гэх энэ тахал бүхий л замаар халдварладаг гэдгийг хангалттай ярьж, сэрэмжлүүлж байгаа. Амьсгалсныхаа төлөө л халдвар авч, өнөөх “буруутнууд”-ын эгнээнд шилжих боломжтой болохоор шинж тэмдэг илэрсэн болон халдвар аваад тусгаарлалтад буй бусдыгаа ад үзэж, зовлон дээр зовлон нэмэхгүй байх ухаан бидэнд байх ёстой юм. Энэ өвчин ДОХ, тэмбүү гэх мэт таниас 100 хувь шалтгаалах өвчин байсан бол магадгүй өвчтөн буруутан байж болох. Харин covid-19 гэх энэ аймшигт тахал амьсгалсныхаа төлөө л өвчлөх боломжтой цар тахал. Олны танил хүн тусгаарлагдах нь эвэртэй туулай үзсэн мэт хов болгож цуурах шалтгаан биш. Төрийн түшээ өвдөх нь ард түмний өмнө буруутан шиг харагдах шалтгаан бүр ч биш. Өвчин зэрэг зиндаа, албан тушаал, хөрөнгө мөнгө, бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас үл шалтгаалах зүйл. Ялангуяа цар тахал бол хэнийг  үл ялгаварлана. Тиймээс золбирч яваад өвчин авчирлаа гэж зовлон дээр зовлон бүү нэмээрэй.