ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: БНСУ-аас ирсэн иргэд дунд 17 жирэмсэн эмэгтэй бий

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит 11.00 цагийн хурлаа хийж, дэлхий дахинд болон дотооддоо коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Бид өчигдөр та бүхэн мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 207 улсад халдвар бүртгэгдлээ. Малива улсад гэхэд л зэрэг гурван шинэ тохиолдол бүртгэгдлээ. Өвчлөл нэг сая хүнд халдварлах нь ээ гэж хэлж байсан бол өчигдрийн байдлаар 1.015.1 мянган хүнд халдварлаж, 53 мянган хүн энэ өвчнөөр амиа алдлаа.

Өвчлөлийн голомт нь АНУ, Итали, Иран, Франц, Испани зэрэг улсуудад голомтлон тархаж байна. Мөн сүүлийн өдрүүдэд Япон улс ялангуяа Токио хотноо эрчимтэй тархах магадлалтай байна. Манай улсын тухайд covid-19 вирусийн батлагдсан тохиолдол 14 бий. Хоёр тохиолдол нь эдгэж, энгийн сувилалд тусгаарлагдсан. 12 нь ХӨСҮТ-д хэвтэ эмчлүүлж байна. Ажиглалтад 2314 хүн байна. Нэмж шинэ өвчлөл бүртгэгдээгүй” гэлээ.

Эдгээр иргэдийг 324 эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлаж, хянаж, ажиглаж байгаа аж. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн 261 иргэнийг тусгаарлах арга хэмжээг Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Зоонозын үндэсний төвийн албан хаагчидтай хамтран хийж хэрэгжүүлжээ. Үүнээс 31 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, үлдсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэг, Асралт мед, Жаргалант сувилал, Корпорейт, Дрийм, Алпа Тур зочид буудлуудад тус тус байрлуулжээ. Үүнээс 0-2 насны зургаа, 3-18 насны 24 хүүхэд тус тус байгаа бол жирэмсэн эмэгтэй 17 байгаа гэсэн юм. Мөн эмчилгээ үйлчилгээ шаардлагатай 23 иргэн иржээ. Мөн сүүлийн гурав хоногийн дотор халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээгээр угтлаа хэмээв. Тэрбээр, үргэлжлүүлэн "Эрүүл мэндийн яам, Засгийн газар, ДЭМБ болон бусад тусламжийн байгууллагуудтай нэгдэж, коронавирусийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг ижил тэгш хүртээх үүднээс аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргүүлсээр байгаа. ДЭМБ-аас цар тахлын дэгдэлт дөрөв, тавдугаар сард эрчимжих нь гэсэн чиглэл өгсөн. Тиймээс бид эмч нартайгаа цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өгсөөр байна. Өчигдөр гэхэд л 21 аймгийн эмч нартай холбогдож, мэдээлэл өгсөн" хэмээлээ.