ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн аварга гагнуурчинд гурван саяын цалин санал болгожээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-29

БНХАУ-ын Хунан хотод болсон “ARC CUP-2018” олон улсын гагнуурчдын тэмцээнд Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурчин Д.Нямрагчаа амжилттай оролцож, “Хагас автомат гагнуур” төрөлд нэгдүгээр байр, “Цахилгаан нуман гагнуур” төрөлд гуравдугаар байр эзэлсэн гэх мэдээ саяхан цацагдсан. Мэргэжлийн гагнуурчдын олон улсын тэмцээний аварга болж тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тэр хүнийг олж, “Хөлсний амт” буландаа урьж оролцуулах даалгаврыг редакциасаа аваад Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг зорьсон юм. 

Тус сургалтын төвийн хашаанд нь ороход токарын хяхарсан чимээ хангинаж, дааман хаалга нь дэлгээтэй засварын том өрөөнөөс хааяа нэг гагнуурын гялсхийх гэрэл анивчиж байлаа. Сургалтын төвийн төв хаалгаар орж угтагч эмэгтэйд хаанаас яваагаа хэлэхэд “Таныг бид хүлээж байлаа. Захирал маань сониноос сэтгүүлч ирнэ. 

Д.Нямрагчааг багштай нь хамт ойрхон байлгаарай гэсэн” хэмээн инээмсэглэн хэлээд хажуудаа байсан залууд “Алив Г.Ганхуяг багшийг зулзагатай нь хамт дуудаарай. Сэтгүүлч ирчихлээ” гэж хэлэхэд нөгөө залуу яаравчлан гарч одлоо. 

Тун удалгүй Д.Ганхуяг багш “Д.Нямрагчаа маань ойрхон явж байна гэнэ. Удахгүй хүрээд ирнэ” гэж байна гэсээр хүрч ирлээ.  Тэгж хэлснээс хойш таван минутын дараа сургалтын төвийн хашаанд “Оюутолгой” гэсэн логотой саарал өнгийн цамц өмссөн өсвөр насны хүү унадаг дугуйтай хүрч ирсэн нь Гагнуурын дэлхийн аварга Д.Нямрагчаа байж. 25-30 орчим насны залуу ирэх байх хэмээн хүлээж байтал өсвөр насны гэмээр жаахан хүүхэд ирсэнд гайхах бас бахдах сэтгэл төрсөн юм.  

Би сэтгүүлчийн ажил хийсэн дөрвөн жилийн хугацаандаа Д.Нямрагчаа шиг үг дуу цөөтэй хүнтэй огт таарч байгаагүй билээ. Асуулт асуухаар ганцхан үгээр хариулна, эсвэл юу ч хэлэхгүйгээр хүүхдийн гэнэн хонгор инээмсэглэлээр хариу өгдөг энэ хүүгийн амжилт, амьдралын замнал нь олон хүүхдийн мэргэжил сонголтыг өөрчилж, амьдралдаа эрс эргэлт хийх урам өгнө гэдэгт итгэж байна. 

Дэлхийн аварга гагнуурчин Д.Нямрагчаа 2000 онд Архангай аймгийн Хотонт суманд төржээ. Түүний аавыг Д.Давааням, ээжийг нь Ж.Должинсүрэн гэдэг аж. Тэрбээр дээрээ нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй дүүтэй, айлын дундах хүүхэд юм байна. Д.Нямрагчаагийн аав хол, ойрын тээвэрт ЗИЛ-130 автомашинаар тээвэр хийдэг учраас багаасаа аавынхаа машиныг засаж сэлбэх ажилд оролцсоор техникт дур сонирхолтой болжээ. Тэр хамгийн анхны гагнуурыг аавынхаа ЗИЛ-130 автомашины тэвшийг гагнан хийж байжээ. Тэдний гэр бүл Д.Нямрагчааг найман настай байхад буюу 2008 онд Улаанбаатар руу нүүж Нарангийн голд суурьшсан байна. 

Д.Нямрагчаа 2015 онд Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг дүүргээд нагац эгч Должингийнхоо зөвлөсний дагуу Герман Монголын хамтарсан МСҮТ-ийн гагнуурчны ангид элсчээ. Тэр жил гагнуурчны ангид 30 гаруй сурагч элссэн суралцсан боловч Д.Нямрагчаа хичээл зүтгэл, мэрийлт, ур чадвараараа ангийнхныгаа оройлж эхэлсэн гэдгийг Н.Ганхуяг багш онцолсон юм.  

Д.Нямрагчаа 2016 онд сургуулийнхаа сурагчдын дунд зохион байгуулсан гагнуурын тэмцээнд түрүүлж, МСҮТ-ийн сурагчдын дунд зохиогддог гагнуурын тэмцээнд сургуулиа төлөөлж оролцох эрхтэй болжээ. Улмаар 2016 оны гагнуурын аварга шалгаруулах тэмцээнд 26 МСҮТ-ийн гагнуурчин хүүхэдтэй өрсөлдөж, шилдэг тавд шалгарчээ. Шилдэг таван гагнуурчны дунд өрнөсөн хоёр дахь шатны шалгаруулалтад амжилттай оролцож шилдэг хоёрт үлдсэн байна. Үлдсэн хоёр гагнуурчны нэг нь 2017 онд Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болох олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох байж. 

Харин шийдвэрлэх тэмцээнд Д.Нямрагчаа Техник технологийн коллежийн оюутан Ж.Жанлав-Ойдовт ялагджээ. Хэдийгээр Абу Даби руу явах эрх авч чадаагүй ч БНХАУ-ын Шанхай хотод хоёр жил тутам нэг удаа зохиогддог Гагнуурчдын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцох эрх өвөртөлсөн байна. Тэрбээр олон улсын чанартай анхны тэмцээндээ маш амжилттай оролцож “Хагас автомат гагнуур” төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Д.Нямрагчаа олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцохын тулд 6000 мянган градус хүртэл халж, нарны гэрэл шиг хурц гэрэл гялбуулсан гагнуурын ажлыг өдөрт найм хүртэл цаг хийж, өдрөөс өдөрт, тэмцээнээс тэмцээнд ур чадвараа сайжруулж байсан байна. Түүнийг амжилтад хүрэхэд өндөр чадвартай багш нар, Монголдоо номер нэг сургалтын суурь бааз, тоног төхөөрөмж бүхий Герман Монголын хамтарсан МСҮТ, удирдлага баг хамт олон нь бодитой нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Гагнуурын аварга шалгаруулах тэмцээний шилдэг бүтээлүүдийг харахад гагнаасны мөр нь оёдлын машины мөр шиг жигдхэн мөртлөө шулуун, төмөр бэлдэцийг нэгэн жигд хайлуулж салахааргүй бат бэх холбосон байж гэмээнэ боломжит дээд оноогоо авдаг аж. Т хэлбэрийн бэлдэцийг хугалахад гагнуурын ором нь хоёр талынхаа төмрийг жигд ухаж, яг голоороо хугарвал дээд оноог авдаг байна.

Гагнуурчдын ур чадварыг дээд зэргээр сорьдог төрөл нь модуль гагнах төрөл байдаг аж. Нэг см-ийн зузаантай 25 жижиг бэлдэц, хоёр хоолойг хооронд нь дөрвөн өөр төрлийн гагнуураар гагнаж жижигхэн зуух шиг хэлбэртэй, хоёр талдаа цорготой модуль болгодог аж. Эвлүүлж гагнасан модуль руу 69 ат.даралтаар ус шахахад ус шүүрэхгүй байвал бүрэн оноогоо авдаг байна. Бидний сайн мэддэг халуун усны шугам л ердөө 16 ат.даралттай байдаг аж. Гагнаж угсарсан модуль руу 69 ат.даралтаар ус шахахад 50х 30 см хэмжээтэй нэг см-ийн зузаантай суурь төмөр нь даралтын улмаас хүнхийж байхад эвлүүлж гагнасан 26 жижигхэн төмөр бэлдэцийн холбоос задрахгүй байна гэж бодохоор өндөр зэрэглэлийн гагнуурчны ур чадвар ойлгогдох биз ээ. 

Ийм өндөр мэргэжлийн зэрэгт хүрсэн гагнуурчдыг уул уурхай хүнд үйлдвэрийн салбарынхан, цахилгаан дулааны станцууд, хүнд механизмын засвар үйлчилгээ зэрэг хүнд үйлдвэрийн салбарынхан авч ажиллуулах сонирхолтой байдаг аж. Олон Улсын гагнуурчдын тэмцээнээс медаль хүртсэн Д.Нямрагчаад Герман улсын магадлан итгэмжлэх байгууллагаас олон улсад хүчин төгөлдөр үйлчлэх мэргэжлийн зэргийн гэрчилгээ олгохоор болсон гэдгээ мэдэгджээ. Уг гэрчилгээтэй хүн АНУ, Европын орнууд, Япон, БНСУ, бүр БНХАУ-д очсон ч нэр хүндтэй үйлдвэрүүд маш өндөр цалинтай ажилд шууд авдаг байна. 

Амьдралын босгыг дөнгөж алхаад гагнуурын дэлхийн аварга болсон Д.Нямрагчаад Монгол Улсад нэр хүндтэй гурван компаниас ажлын санал ирүүлсэн байна. Тэдгээр компаниуд ажлын таван өдөрт, найман цагаар ажиллуулна. Сарын 3,000,000 төгрөгийн цалин өгнө гэдгээ хэлжээ. Д.Нямрагчаа одоогоор аль нэг байгууллагад зөвшөөрсөн хариу өгөөгүй байгаа бөгөөд цаашдаа “Хасу Мегаватт” корпорацийн төв үйлдвэр рүү томилогдон ажиллах байх гэсэн юм. 

Олон улсын чанартай тэмцээнээс медаль хүртээд мэргэжлийн өндөр зэрэгтэй болсны дараа аав, ээж чинь юу гэж захисан бэ хэмээн асуухад “Миний хүү биеэ тоож болохгүй шүү. Хүний итгэл сэтгэлийг дааж ажиллаарай” хэмээн захисан гэв. Харин тэрбээр аав ээжийнхээ захиасыг хэзээ ч алдахгүй гэдэг нь биеэ авч яваа байдал, хандлага, бусадтай харьцаж буй төлөв даруухан төрхөөс нь харагдаж байлаа. 

МСҮТ-ийг сонгоод арван жилийн анги хамт олноосоо салаад явах хэцүү байсан уу хэмээн асуухад “Найзууд маань МУИС, ШУТИС-т орно инженер, эдийн засагч болно гэж байхад би гагнуурчин болох замыг сонгоод явах эхэндээ эвгүй байсан. Харин энэ мэргэжлээ эзэмшээд бага зэрэг амжилт гаргаад эхэлсэн чинь зарим найзууд маань би чамтай хамт гагнуурчин болох минь яав даа гэж хэлэх болсон. Хүн өөрийнхөө сонгосон мэргэжилдээ эзэн болоод түүндээ үнэнч, чин сэтгэлээсээ хандаж чадвал болох юм шиг байна” хэмээн хариулсан юм. 

Д.Нямрагчаа эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажилд ормогцоо аав ээждээ юун түрүүнд орон сууц авч өгөх хүсэлтэй гэдгээ хэлсэн. Өөрийнхөө сонгосон мэргэжилдээ эзэн болж, мэргэжлийн хамгийн дээд зэрэгт ердөө 18-хан насандаа хүрч чадсан тэрбээр тун удахгүй энэ хүслээ биелүүлэх биз ээ. 
Монгол Улсын хэмжээнд байгаа 160 гаруй их дээд сургуулийг жилд 40 мянга гаруй оюутан залуус төгсдөг боловч тэдний 10 орчим хувь нь л үндсэн мэргэжлийнхээ дагуу ажилд ордог гэх судалгаа байдаг. Харин ажлын байранд дөнгөж гарсан хүүхдүүдийн гар дээрээ авч буй дундаж цалин 400-600 мянгын хооронд хэлбэлздэг байна. 

Харин тэгэхэд Д.Нямрагчаа маань Герман Монголын хамтарсан МСҮТ-ийг 18 насандаа дүүргэхдээ мэргэжлийн хамгийн өндөр зэрэгтэй гагнуурчин болоод зогсохгүй Монгол томоохон гурван компаниас 3,000,000 төгрөгийн цалинтай ажлын санал авсан байгаа нь бахадмаар амжилт мөн юм. Гагнуурын ажил нь эрэгтэйчүүдийн сонгодог мэргэжил биш гэнэ. Атомын цахилгаан станцад ажиллаж буй дэлхийн шилдэг гагнуурчид эмэгтэйчүүд байдаг аж. Үүний нэгэн жишээ 18 настай Э.Уужимсэтгэлт гэх охин олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргасан бөгөөд “Оюутолгой” ХХК асар өндөр цалинтайгаар уригдан энэ жил ажилд орсон байна.