ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Алтангийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-23

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү болон таван хүнтэй холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхээс  Ш.Батхүүг гэм буруутайд тооцож найман жилийн хорих ял эдлүүлэх, бусдад учруулсан 137.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ түүний өмч хөрөнгөөр нөхөн  барагдуулах аж. 

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдсан байдаг.

Тэгвэл шүүх хуралдааны явцад Ш.Батхүү гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, олон тооны гэрээ болон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ бүрэн хүлээжээ. Тухайлбал, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан гэх баталгааны хэрэгт Ш.Батхүү нь ТӨХ-ний дарга Д.Сугар болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болох Ч.Ганзориг, Фоменко, Б.Мөнхжаргал, Н.Галбаатар нарын таван хүний гарын үсгийг 170 гаруй удаа дуурайлган зурсан, хуурамч тамга тэмдэг ашигласан, 14 гэрээ болон 88 албан бичгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон байна. Ш.Батхүү нь шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “Тамга тэмдгийг ОХУ-д захиалан хийлгэсэн, Эрдэнэт үйлдвэрийн бланкийг дуурайлган хийлгэсэн” хэмээн буруугаа хүлээжээ. 

Мөн Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйварт  тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй нь энэ юм. Улмаар шүүх хуралдаанаар Ш.Батхүүгийн гэм буруутай үйлдэлүүд нь шүүх хуралдааны явцад мөн нотлох баримтаар нотлогдсон бөгөөд Эрдэнэтийн баталгааны гэх энэ хэрэгт холбогдоод байсан Ч.Ганзориг, Мөнхжаргал, Амарбат нарыг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Г.Алтан, Эдвард Сүрэн нарт холбогдох залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.