ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг минутын турш дуут дохиогоо дуугаргаж эсэргүүцэл илэрхийлэхийг уриалав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-06

Өнөөдөр зам тээврийн салбарын мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн Зам тээврийн зөвлөл мэдээлэл хийж шатахууны үнийг бууруулахыг шаардлаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шатахууны үнийн савлагаа, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд нийгмийг бухимдуулсан, ард олныг ядууруулсан олон ч удаагийн сөрөг үзэгдлүүд гарч байлаа. Хамгийн сүүлийнхээс нь санахад 2012 оны нэгдүгээр сард буюу Сү.Батболдын Засгийн газрын үед ганцхан шөнийн дотор Улаанбаатар хотын бүх шатахуун түгээгүүрт AИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр, дизель түлшний үнэ 240 төгрөгөөр нэмэгдэж байв. Тухайн үед хотын бүх шатахуун түгээх станцууд бүхэлдээ машины очерт дарагдаж, станцын танк дахь багахан нөөц автомашины банканд шилжиж, сүүлдээ “шатахуун дууссан” гэснээр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, улс орныг хамарсан дуулиан болж байсан юм.

Зөвлөлийн гишүүд хэлэхдээ “2013-2016 онд шатахууны үнэ нэг ч төгрөгөөр өссөнгүй. Иргэд, бизнес эрхлэгчдэд ийм тогтвортой үнийн орчин үнэхээр таатай байсан юм. Шатахууны үнэ ингэж тогтворжсон нь иргэдийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт 14 хувиас нэг хувь болж буурахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Сэтгүүлчид шатахуун түгээгүүрт очиж “Үнэ өссөн байна, бензин огт зарахгүй байна” хэмээн сурвалжлага хийдэг үе бүтэн дөрвөн жил мартагдсан юм. Яагаад вэ?

Яагаад гэвэл эдийн засгийн хүндрэлийн үед дотоодын шатахууны үнийн өсөлтийг зах зээлийн зарчмаар зохицуулж иргэдийн амьжиргааг муутгахгүй байхад чиглэсэн төрийн бодлого хэрэгжиж байсан юм. Тэр бодлого нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” гэх “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн нэг хэсгээр дамжин хэрэгжиж байлаа. Энэ хөтөлбөр хэрэгжиж байх үед үнэндээ шатахууны үнэ нэг ч төгрөгөөр өсөөгүй нь бодитой үнэн” хэмээлээ. Өөрөөр хэлбэл, Монгол банк, Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах” гурван жилийн хугацаатай хөтөлбөрийг 2013 оноос хийхдээ шатахууны үнийн бүтцийг задалж, асуудлын үр дагавартай нь биш, учир шалтгаантай нь тэмцэж эмчилж байсны үрээр 2013-2016 онд шатахууны үнэ тогтвортой байжээ.

Гэтэл огцорсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед шатахууны үнэ 700 төгрөгөөр нэмэгдчихээд байгаа юм. А95 шатахууны үнэ литр нь 2050 болжээ. Дахиад нэмэгдэхээр байгаа аж. Тиймээс төр зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг НИТХ-ын тэргүүлэгч Ж.Энхбат тэргүүтэй зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Шатахууны үнийн огцом нэмэгдэлтэд дараах хүчин зүйлс нөлөөлж байгаа аж. Тодруулбал,

  1. Дэлхийн зах зээлд нэг баррель нь 30 доллар байсан нефтийн үнэ 70 доллар болж өссөн. Цаашид ч өсөлт хадгалагдана.
  2. Оросуудын Монголд зардаг шатахууны хилийн үнэ ганцхан жилийн дотор 15 хувиар өсчихсөн.
  3. АН-ын үед валютын ханш 2000 төгрөг дээр ирээд тогтворжсон бол МАН-ын үед 2500 болж огцом суларсан. Ханшийн эрсдэлийг бууруулж өгдөг арга хэрэгслийг нь МАН улс төржөөд байхгүй болгочихсон.
  4. Шатахууны компаниудын нөөц АН-ын үед 80-90 хоногийн хэрэгцээг хангах түвшинд байсан бол одоо  МАН-ын үед 30 хоног хүрэхтэй үгүйтэй болжээ. Шатахууны агуулахын нөөц ингэж буурахад шатахууны компаниуд эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон нь шууд нөлөөлсөн. 
  5. Дэлхийн зах зээлд үнэ буурч байх үед шатахууны онцгой албан татварыг нэмж хуримтлал үүсгэдэг, харин дэлхийн зах зээлд үнэ өсөх үед татвараа бууруулж, өмнө үүсгэсэн хуримтлалаар үнийн өсөлтийг зохицуулдаг дэлхий нийтийн жишгийг МАН эвдээд, 100 хувь эсрэгээр нь үйлдчихсэн. Тэд дэлхийн зах зээлд үнэ өсч байхад шатахууны онцгой татварыг нэмэгдүүлж дотоодод үнийн огцом өсөлт бий болох эрсдэлийг өөрсдөө бий болгожээ.

Эрх баригчид ингэж учраа мэдэхгүй “эргүүтэх”-ийн оронд бензиний үнийг тогтворжуулж бууруулах ёстой гэж Ардчилсан намын Зам тээврийн бодлогын зөвлөл Монгол Улсын Засгийн газар болон эрх баригч МАН-д дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Тухайлбал, 

  1. 21 аймаг 9 дүүрэгт байрлах шатахуун түгээх станцуудаар түгээгдэж буй бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг хямдруулахыг шаардаж байна.
  2. Эрх баригч намын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно...” гэсэн амлалтаа биелүүлэхийг шаардаж байна.

Тус зөвлөл ирэх даваа гарагт 12.30 цаг болон 18:30 цагуудад нэг минутын турш өөрсдийн машины дуут дохиог төв зам дээр дуугаргаж, шатахууны нэмэгдэлд тодорхой арга хэмжээ авахын төлөө нэгдэхийг иргэдэд уриаллаа.