ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Консул асан Д.Мөнх-Эрдэний хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-20

Дөнгөж өчигдөрхөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын зөвлөхөөр томилогдсон Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал АТГ-аас гарчээ. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор БНХАУ-ын ӨМӨЗО-нд суух Ерөнхий консулын албанд томилогдсон ч албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан учраас түүнийг 2019 онд хугацаанаас нь өмнө эгүүлэн татсан юм. Өөрөөр хэлбэл, дипломат албаны нэр хүндээ ашиглан Монгол Улсаас удаа дараа тансаг зэрэглэлийн автомашиныг татваргүйгээр хил дамнуулан гаргаж, Хятад иргэдэд хямд үнээр зарж байсан гэх хэрэгт холбоотой хэмээн эгүүлэн татаж байлаа. Д.Мөнх-Эрдэнээс “Mersedes Benz Maybach” автомашин худалдан авсан хэргээр хоригдож буй Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргасан бөгөөд өргөдөлдөө Ерөнхий консулын хууль бус наймааны золиосонд нөхрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлснээр энэ хэрэг ил болсон билээ. 

Харин Д.Мөнх-Эрдэнэ Консулаас хөөгдөж ирсэнийхээ дараа “Энэ ажлыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан зохион байгуулсан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар үндэслэлгүй баримтаар намайг хууль зөрчиж эгүүлэн татсан” хэмээн шүүхэд хандсан ч гурван шатны шүүхээс түүний гомдлыг үндэслэлгүй хэмээн буцаасан билээ. Тэгвэл энэ хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шүүгээндээ хадгалж байсан АТГ-ынхан Д.Мөнх-Эрдэнэ төр засгийн эсрэг дуугарч, шүүмжлэл өрнүүлж эхэлсэн цаг үетэй давхцан УЕП-ын газарт шилжүүлж, яллагдагчаар татахаар хүргүүлэв.

Д.Мөнх-Эрдэнэ нь Консулаар явахаасаа өмнө Жийп машины түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компанийг удирдаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай тун ойрхон байсан гэдэг. Мөн түүний дэмжлэгээр ч Консулын албан тушаалд очсон гэлцдэг. Гэвч эгүүлэн татагдах үед нь хамгаалаагүй учраас нутгийн ахынхаа эсрэг бүтэн жил гаруй тэмцэж, Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүйн төлөө С.Эрдэнэтэй хүртэл нэгдэж явсан билээ.