ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Юм бүхэнд хэмжээ бий...

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-16

“Юманд хэмжээ бий” гэж Стандарт хэмжилзүйн газраас уриалав. Энэ бол маш зөв зүйтэй уриалга болж нийтэд хүрч байгааг онцлохгүй өнгөрч боломгүй. Монгол Улсаа хөгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн хоттой байхыг хүн бүр мөрөөддөг нь нууц биш.

Тэгвэл дан ганц мөрөөдөөд тийм болж чадахгүй учраас хүн бүр өнөөдрөөс эхлэн хотын стандартыг холбогдох газруудаас нь нэхэж, шахаж шаардах цаг болжээ. Бүх л зүйлд стандарт, хэм хэмжээ хэрэгтэй. Харамсалтай нь бид стандартыг үл тоосон улс болоод зогсохгүй зовлон, бэрхшээлийг нь ч нийтээрээ хүртэж байгааг нуух юун. Стандартыг хариуцах ёстой чиг үүргийн байгууллагуудын дунд асуудлыг буух эзэн, буцах хаяггүй хаясан зовлонгийнхоо үйлийн үрийг өнөөдөр иргэн бүхэн хүртэж байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн газрын чиг үүрэгт тусгасан ч хэн, хэндээ найдаж, дундаа хаясаар, хэн нь стандартаа мөрдүүлж, хэн нь хяналт тавихаа мэдэхгүй явсаар өдийг хүрсэн гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх аа.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаж, Стандарт хэмжил зүйн газрын чиг үүрэг нь саяхнаас тов тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ямар стандарт хэрэгжих ёстой юм, түүнд хэн хяналт тавих ёстой нь тодорхой болсон буюу Стандарт хэмжил зүйн газрынханд энэ ажлыг даатгажээ.

Одооноос стандарттай, хэм хэмжээтэй Монгол Улсыг бий болгохын тулд нийтээрээ, нийгмээрээ хичээе хэмээн тэд ч ажлын чиг үүргийнхээ дагуу уриалга гаргаж, аян эхлүүлж буй нь талархууштай. Шинэ үедээ стандарттай, хөгжингүй гоё хотыг үлдээцгээе хэмээн тэд уриалж байна, иргэн та бид ч хамтдаа дэмжиж, хичээе.

Стандартыг ярихгүйгээр чанар, хөгжил дэвшлийг мөрөөдөөд ч хэрэггүй юм. Тухайлбал, байшин, барилга, зам харгуй, хоол хүнс, хувцас, бичиг цаас, агаар, ус, хөрс гээд  хүний хэрэглэж байгаа бүхий л зүйл стандартай, хэм хэмжээтэй. Нэг үгээр хэлбэл, юм бүхэнд хэмжээ бий. Гэтэл энэ хот стандартыг орхигдуулж, тоохгүй хол хаяж, хэрэггүй мэт дур зоргоороо авирласан 30 гаруй жилийнхээ горыг нийтээрээ хүртэж, зам дээрээ багтахгүй шахам явж, байшин барилга нь авто машины зогсоолгүй, орц, гарцгүй, хаягжилтгүй, гэрэлтүүлэггүй, хүүхэд тоглох талбайгүй, ногоон зүлэггүй, явган хүний гарцгүй, энд тэндгүй хашаа хайсаар хүрээлэгдсэн төөрдөг тойрог дунд амьдарч байна. Товчхондоо эмх замбараагүй өрсөн лего тоглоом шиг хайрцаглагдсан байна.

Энэ бүхэн өнөөдөр иргэдийн бухимдлыг төрүүлж байна шүү дээ. Бидний зовлонгийн шалтгаан зөвхөн стандарт юм байна, монголчууд аа. Тиймээс өнгөрсөн 30 жилийнхээ алдааг засаж, залруулах боломжийг одооноос эхлүүлье. Энэ хэвээр нь хаявал асуудал, бэрхшээл улам лавширч, гүнзгийрэхээс хэтрэхгүй.

Барилга байгууламжаа стандартыг дагуу барьж, зам харгуйгаа эмх цэгцтэй зориулалтын дагуу хийж, цэцэрлэг, сургуулиа стандартад нийцүүлж, дэлхийн жишигт хүргэе. Явган хүний замаар дугуй, мотоцикльтой нэгэн давхидаггүй зориулалт, зориулалтаараа байхыг амьдрахыг шаардацгаая. Хүн бүр сэтгэлтэй, зүтгэлтэй оролцъё, монголчууд аа.

Таны гэр бүл үр хүүхдийг зөвхөн стандарт хамгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд  стандартыг нэгдүгээрт тавьж, иргэдээ эрүүл аюулгүй нийгэмд амьдруулж, сурч, боловсрох эрхийг нь зуун хувь хангаж чадаж байна.

Бидэнд ч боломж бололцоо хангалттай бий. Гагцхүү хүн бүрийн оролцоо, төрийн бодлого, шийдвэр, хууль эрх зүйн орчин, үүрэгт ажлаа чин сэтгэлээсээ хийх байгууллага хэрэгтэй байв. Харин Стандарт хэмжилзүйн газар энэ чиг үүргээ ойлгож, өнөөдрөөс эхлэн  шуурхай ажиллана гэж найдъя. Стандартгүй, танил талаараа шийддэг бүхэн ард хоцорч, эмх замбараагүй төлөвлөлтийг цэгцлэхийн тулд эндээс ч чанга дуугарч, илүү их хичээгээсэй гэж иргэн хүний хувьд хүсэж байна. Стандарттай, аюулгүй хот, улсын төлөө “Юманд хэмжээ бий” гэдгийг чанга дуугаар шаардацгаая.