ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Баяртуул: Майдар хотод аялал жуулчлал, аж үйлдвэрийг сонгодог утгаар нь хөгжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-06

-Хойч үеийнхэнд ахуй нь дутагдчих вий дээ гэх алдааг давтахгүйн тулд төлөвлөлтөө маш сайн  хийсэн-

 

Монголын анхны эко хотыг  барихаар зорин ажиллаж байгаа  “Майдар хот” ХХК-ийн  төслийн удирдагч, ерөнхий менежер Л.Баяртуулыг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-“Майдар” хотын төсөл яригдаад бага хугацаа өнгөрсөн. Төр засгийн шийд­вэр гарч, төсөл гацаа­наас гарлаа. Удахгүй бүтээн байгуулалтын ажил­даа орох уу гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-“Майдар” хотын төслийн хувьд анх 2012 оны дөрөв­дүгээр сард төлөв­лөл­тийн ажлаа эхлүүл­сэн. Германы эко хотын төлөвлөлтөөр мэргэшсэн  архитектурыг Монголд урьж авчирч бай­лаа. Газраа үзүүлээд хот барихад тохиромжтой эсэ­хийг асуусан. Бид хот бай­гуулалтын журмын дагуу нийгэм,  эдийн засаг, байгаль орчны судалгаа гэх мэт бүх зүйлийг нь судалж, эхэлсэн. Судалгаа хийгээд боломжтой гэдэг хариулт авсан юм. Одоогийн байдлаар Монгол Улсад хот барихад байршлын хувьд  давуу талтай Төв аймгийн Сэргэлэн сумыг сонгож, төлөвлөлтийг хийж эхэлсэн. Түүнээс хойш зургаан жил болсон байна. Энэ хугацаанд бид нийт ерөнхий болон инженерийн төлөвлөгөөг хийж дуусгалаа. Ажлын зургаа зураад, бүтээн байгуулалтын ажилдаа ороход бэлэн болчихсон байна. Бүх ТЭЗҮ-ийг нь хийгээд дууссан гэж ойлгож болно.  

-Шинэ хотын гол онцлог нь эко гэдгээр бусдаас ялгаатай. Энэ цаг үед байгаль орчинд ээлтэй, эко байдал агаар ус мэт хэрэгтэй болсон шүү дээ. Үүнийг тооцоолж, дэлхий­тэй зэрэгцэхүйц хэм­жээ­ний төлөвлөлтийг эхлүүлж чадсан нь гайхмаар?

-Орчин цагийн төлөвлөл­тийн дагуу эко хот барья. Байгаль орчинд ээлтэй хот байгуулъя гэж анх  төлөвлөсөн. Байгаль орчинд ээлтэй гэдэг нь орон нутгийн түүхий эдийг ашиглана гэсэн үг. Хол тээвэрлэлт хийхгүй.  Байгаль орчинд ээлтэй гэхээр монголчууд модон байшин, канад хаусаар төсөөлдөг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Канад байшин хэдий эрүүл мэндэд ээлтэй ч тэр холоос Монголд тээвэрлэж ирэх хүртэл байгаль орчинд асар их хор хөнөөл учруулж байдаг. Тиймээс бид орон нутгийн материалыг ашиглаж байгаа юм. Байгаль орчинд ээлтэй гэхээр эрчим хүч болоод усны хэмнэлттэй байж болох уу гэдгийг тусгайлан авч үзсэн. Тухайн хотод оршин сууж буй иргэдэд аль болох эрүүл,  аюулгүй,  тав тухтай орчинг бүрдүүлж байгаагаараа  эко хот онцлогтой. Амьдарч байгаа газар нь тав тухтай байвал тогтвор суурьшилтай байх  нөхцөл бүрдэнэ. Үүнийг л бүрдүүлэхийн тулд өнгө, төрх,  загвар, дизайн, хийц болоод ашиглаж байгаа  материал нь хүртэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой гэж үзсэн. Ингэж байж эко хотын шинж бүрддэг юм.

-Төв аймгийн Сэргэлэн сумыг сонгосон нь ямар нэгэн учир бий юу. Эсвэл судалгаагаар боломжтой гэдэг хариу гарсан учраас сонгож авав уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хамгийн түрүүнд Ерөн­хийлөгч Х.Баттулга  тухайн үед сайд байхдаа Германы инженерүүдийг урьж, авчраач. “Их Майдар” бурхны хөшөөг аялал жуучлалын хот болгохоор төлөвлөж байгаа юм. Үүнийг эко хот болгож болох эсэх судалгааг хийж өгөөч гэсэн хүсэлтээр бид Германаас инженерүүдийг урьж авчирсан. Тухайн үед аль хэзээний  “Их Майдар” бурхны хөшөө баригдаад эхэлсэн байсан. Үүнийг тойруулаад хот барих зорилгоор германчуудыг урьсан юм. Их ажил, бүтээн байгуулалт ингэж эхэлсэн түүхтэй. Бурхнаа түшиглэж, аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна хотыг байгуулахад эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Мөн ард түмэн ажлын байртай болж байж хот барина. Түүнээс оршин суух орон сууцны хороолол хаа сайгүй байна шүү дээ. Аялал жуулчлал болоод  аж үйлдвэрийг сонгодог утгаар нь  хөгжүүлэхийн тулд хотыг анхнаас нь зүй зохистойгоор төлөвлөх ёстой гэж үзсэн. Энэ дагуу ажиллаж ирлээ.  

-Хот төлөвлөлтийг хэч­нээн хүн амьдрахаар хийж байгаа вэ?

-“Их Майдар” төслийг эхлүүлж, яагаад энэ хотыг барих гээд байгаа юм бэ гэхээр аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэндээ биш. Гол нь 2002 оноос эхлээд Монгол Улсад Улаанбаатарын агаарын бохирдлыг байхгүй болгох, төвлөрлийг сааруулах гэх мэт янз янзын хууль тогтоомжууд их гарлаа.  Энэ талаархи үндэсний аюулгүй байдлын зөвлөмж хүртэл гарсныг санаж байна. Өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ  авч байсангүй. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2030 он хүртэл нийт 11 дагуул хоттой болно гэж  заасан. Гэвч эдгээр дагуул хотоос аль нь ч сонгодог утгаараа хэрэгжиж эхлээгүй. Ерөнхийдөө Багануур, Налайх, Зуунмод бол Улаанбаатарыг дэмжих, төвлөрлийг сааруулахад л чиглэж  байна. Түүнээс шинээр хот барья гэж өнөөг хүртэл хэн ч хийж эхлээгүй.

-Шинэ хот гэхээсээ илүү байгаа зүйлээ засч, янзлахад л гол анхаарлаа хандуулсан. Харамсалтай нь үр дүн байсангүй

-Тийм ээ. Хуучин зүйлийг засч, сэлбэх маш хэцүү. Улаанбаатар бол бүх зүйлийн төвлөрөл болчихсон байна. Засаг захиргаа, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлдвэр, үйлчилгээний бүх газар төвлөрсөн шүү дээ. Хүмүүс энэ төвлөрлөөс болоод Улаанбаатарт амьдрах гэж зүтгээд байгаа юм. Үүнийг зөв бодлогоор хотоос гаргахын тулд дагуул хотуудын төлөвлөлтийг уяж өгөх шаардлагатай. Улаанбаатарын ачааллаас жаахан ч атугай хөнгөлье гэсэн үүднээс дагуул анхны хотыг барих болсон юм.

Хуучин хотууд нь ард иргэдэд тав тухтай тааламжтай орчинг бүрдүүлж, хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадахгүй байна. Монголчуудын сэтгэхүй, хэрэглээ хоёр аль хэзээний  XXI зуунд хүрсэн. Харин ахуй нь XVIII зуунаараа байна.  Хэрэглээг зөв зохистой хийхийн тулд шинээр хот барьж, жишиг болгож, яаж хөгжих ёстой вэ гэдэг голдрилыг зааж өгөх болов уу гэж  бодож байгаа. Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй учраас хот байгуулах талаар туршлагатай  биш. Герман улсын  хувьд дэлхийн нэг, хоёрдугаар дайнд хотууд нь балгас болж, бүхнийг шинээр дахин барьсан.  Энэ талаар хамгийн их туршлагатай бөгөөд Хятад болон  Арабын хотуудын олонхийг герман хүмүүс төлөвлөж байна. Тиймээс  хотын төлөвлөлтийг туршлагатай хүмүүсээр хийлгэсэн юм.

-Дэд бүтцийн төлөвлөлтөд Улаанбаатараас багагүй жишээ авсан байх. Өнөөдөр даац нь хэтэрч, ачааллаа даахгүй төвшинд хүрсэн?

-Бид дэд бүтцийн хувьд Улаанбаатарыг дэмжих гэж төлөвлөж байгаа. Учир нь Улаанбаатар анх 500 мянган хүн оршин суухаар төлөвлөгдсөн. Хамгийн анхны төлөвлөлтийг ОХУ-тай нийлж хийсэн байдаг. Тухайн цаг үед интернет сүлжээ, ухаалаг утас байсангүй. Сэргээгдэх эрчим хүч, ухаалаг машин байсангүй. Тиймээс тухайн үедээ зориулж, таарсан төлөвлөлтийг хийсэн. Өнөөдөр 500 мянган хүн амьдрах хотод албан бус тоогоор 1.5 сая хүн амьдарч байна. Бараг хоёр дахин их хүн амьдарч байна гэсэн үг. Улаанбаатар хот ус болоод байгаль экологийн хувьд ч даац нь хэтэрсэн. Яах вэ барилгыг бариад байж болно. Гэвч экологи  нь ачааллаа дийлэхгүй. Одоо энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой.

Тодорхой хэсгийг нь Улаанбаатараас гаргаж байж сул орон зайд нь дахин төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Шигчихсэн байгаа зүйлд дахин төлөвлөлт хийх бололцоо муу. Аль болох хүмүүсийг хотоос гаргах ёстой бид. Улаанбаатарын алдаанаас асар их суралцаж, судалсан. Улаанбаатарт ямар алдаа байсан гэхээр энэ бүс нутгийн тодорхой хэсэг цөөн хүн амд зориулж төлөвлөсөн. Энэ хотын гэнэтийн их төвлөрлийг тухайн үед тооцоолох боломжгүй байсан байх. Социализмын нийгэм байсан учир хүн бүр амьдрах газраа сонгох боломжгүй. Энэ хотыг яаж хөгжүүлэх вэ гэдэг бүрэн гүйцэд төлөвлөгөө хийлгүйгээр газар олголт. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтэц, барилга байгууламжийг бариагүйгээс замбараагүй болчихсон. Майдарт магадгүй 100 жилийн дараа 30 сая хүн амьдарвал Улаанбаатар шиг асуудал үүсэх вий дээ. Энэ үед бидний ирээдүй  яаж амьдрах ёстой юм бэ. Газар нутагт хэр их барилга барих вэ,  экологийн даац  ямар байх бол гээд бүгдийг  тооцоолсон.

-Суурин байгаа хүмүүсийг шууд гаргачих боломж бололцоо бас муу байна. Албадан гаргаж болохгүй шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Суурьш­чихсан хүмүүсийг хаа бай­сан Хархоринд аваа­чих боломжгүй. Их, дээд сургуулийг нүүлгэх ёс­той гэнэ. Ганц бие хүнд асуудалгүй. Гэвч гэр бүлтэй хүмүүст илүү хүндээр тусна. Удахгүй Улаанбаатарт ойрхон 50 км зайтай шинээр хот бий болно. “Их Майдарт” очоод ажиллачихаад Улаанбаатарт ирдэг биш, суурьших нөхцлийг бүрдүүлнэ. Тэгж байж Улаанбаатарын ачаалал буурна. Хөшгийн хөндий, Зуунмод, Майдар хотыг хооронд нь хөнгөн галт  тэргээр холбох  гэх мэт дараа дараагийн алхмуудыг шат дараатай хийнэ.

-Эхний ээлжинд Майдарт хэчнээн хүн амьдрахаар төлөвлөсөн бэ?

-300-400 мянган хүн суурьших боломжтой. Энэ хүмүүс нэг өдөр очоод суурьшихгүй. Бид хотыг дөрвөн үе шаттай барина. Тэгэхээр эхний ээлжид 80-100 мянган оршин суугчтай байна. Үүнийг 2020-2030 он хүртэл барихаар төлөвлөж байгаа юм. Хүн ам Майдар хот руу тэмүүлээд, суурьших юм бол бэлэн төлөвлөгөөндөө түшиглэж, дэд бүтцээ өргөтгөөд дараагийнхаа үе шатыг барина. Хэрвээ хүмүүст тухгүй байна гэвэл 80-100  мянган оршин суугчтай байхаар тооцож болно. Бид ирээдүйн үр хүүхдэдээ зориулж энэ хотыг төлөвлөсөн гэдгийг ойлгох нь чухал.  

-Аливаа төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтгүйгээр явахгүй. Хөрөнгө оруу­лалтаа хэрхэн шийдэж байгаа вэ. Бүхэл бүтэн хот босгож байгаа юм чинь хөрөнгө санхүү нэлээд шаардлагатай. Улс орны эдийн засаг ийм байгаа үед дотоодоосоо шийдэх боломжгүй шүү дээ?

-Манайх Монголын таван мега төслийн нэг нь. Хот бүрэн хэмжээгээрээ баригдтал нэлээд их хөрөнгө шаардлагатай. Монгол Улсын нөөц бололцоо энэ их хөрөнгө мөнгийг гаргах боломжгүй байна. Бид хотоо шат дараалалтай барина. Гадны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татна. Манай төслийг гадны хөрөнгө оруулагчид маш их сонирхож байгаа. Учир нь эко хотын төлөвлөлт нь  хөрөнгө оруулагч нарт баталгаа болж өгдөг. Манайх Германы барилгажилтын тогтвортой хөгжлийн нийгэмлэгээс дэлхийд төлөвлөлтөөрөө жинхэнэ эко хот гэдэг хамгийн дээд шагналыг нь авсан. Үүнээс илүү баталгаа гэж байхгүй. Баруун болон Араб, Азийн орнуудын хөрөнгө оруулагч нар асар их сонирхож байна. Өмнө нь дотоодын хөрөнгө оруулагч нар хот төлөвлөлтийн ажлыг санхүүжүүлж ирсэн. Төр засаг оролцоод, гадны хөрөнгө оруулагч нар орж ирээд,  хэрэгжүүлээд явах байх гэж бодож байна. Эхний ээлжинд хамгийн их хөрөнгө оруулалт хийх санаачилгыг Швейцарь, Испани, Германы хөрөнгө оруулагч нар санал тавьж байгаа.

-Хөрөнгө оруулалтыг татах гол зүйл бол хот төлөвлөлт?

-Бид зургаан жилийн хугацаанд хотыг бүрэн утгаар нь төлөвлөсөн. Хот үргэлж ирээдүйг харсан төлөвлөлттэй байх ёстой. Тухайлбал, 30,40, 50 жилийн дараа бидний амьдрал ямар байх вэ гэдэг төсөөллийг аж үйлдвэрийн технологи үйлдвэрлэгч нараас мэдээлэл авсан. Хотын төлөвлөлт 2012 онд эхэлчихсэн ч  ухаалаг, жолоочгүй автомашинд зориулаад авто зам,  сэргээгдэх эрчим хүч, ухаалаг сүлжээнд зориулаад хот төлөвлөсөн байх жишээтэй. Хойч үеийнхэнд ахуй нь дутагдчих вий дээ гэх алдааг давтахгүйн тулд төлөвлөлтөө маш сайн  хийсэн.

-Бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх вэ?

-Ирэх жилээс эхэлнэ. Төр засгийн шийдвэрт хүлээлт  үүссэн учир хөрөнгө оруулагч нартай уулзаж,  ажлаа эхлүүлж чадахгүй байсан. Одоо бол Засгийн газар дэмжээд эхлэлийг нь тавиад өгчихсөн. Тиймээс хөрөнгө оруулалт эрчимтэй орж ирээд, бүтээн байгуулалтын ажил хурдтай явах байх.

-Эхний ээлжийн хөрөнгө оруулалтад хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Ойрын таван жилд ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын бүтээн байгуу­лалт хийнэ гэсэн төлөвлөгөө бий. Үүнийг ирэх таван жилдээ хувааж хийнэ.

-Бүтээн байгуулалтын ажлаа авто зам, цахилгаан станц, цэвэрлэх байгууламжаас эхлэх үү. Улаанбаатарт хамгийн их тулгамддаг асуудал болохоор ингэж асуумаар санагдлаа?

-Манайх хосолсон бүтээн байгуулалттай байна. Барилга байгууламжаа, дэд бүтэцтэйгээ зэрэгцүүлж барина. Хүмүүс ойлгохдоо урд хөршийн хот барилтын жишгээр ойлгоод байдаг. Хятадууд хөрөнгө мөнгөтэй болохоор түрүүлээд дэд бүтцээ тавьдаг. Дараа нь байшин, барилгаа барьдаг. Харин манайд ийм боломж бололцоо нь алга. Цэвэрлэх байгууламжийн хувьд найдвартай, тэвчээртэй бактерийг тээдэг ОХУ-ын технологийн шийдэл зөв байна. Гэхдээ найдвартай, ажилладаг байх ёстой.

-Их бүтээн байгуулалтын ажил өрнөх нь тодорхой. Хэчнээн хүнд ажлын байр гарах вэ?

-Зөвхөн барилгын салбарт 15 мянган хүний ажлын байр гарна. Шууд бусаар олон мянган хүний ажлын байр гарах юм. Хотод дан ганц орон сууцны хороолол баригдахгүй. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, эмнэлэг, аж үйлдвэрүүд баригдана.

-Эко хотын эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах вэ. Салхи болон  нарны цахилгаан станцаар шийдэх үү?

-Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон техник технологи, барилгын түүхий эд материалыг сонгоно. Үүндээ зохицсон шийдлийг хот төлөвлөлтдөө тусгаж өгнө. Аль болох эрчим хүчний хэмнэлттэй амьдарна. Эрчим хүч болоод дулааны хэрэглээ Улаанбаатартай харьцуулбал  80 хувиар бага байна. Үлдсэн 20 хувийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр нөхнө.

-Төр захиргааны байгуул­лагыг нүүлгэн шилжүүлэх үү?

-Үйл ажиллагаа болон газар ашиглалтын хуваарийн дагуу хэд хэдэн хувилбар бэлдсэн. Тухайлбал, зарим төр захиргааны байгууллага, нэгж болон дипломат төлөөлөгчийн газрыг суурьшуулж болно. Мөн Элчин сайдуудын газар болоод яамдыг нүүлгэх хувилбар  байгаа. Хэрвээ тэд очихгүй гэвэл санхүүгийн төв болгож болно.

-Төв аймаг Улаанбаатар­тай ойрхон хэрнээ бусдыг бодвол хөгжлөөрөө доо­гуурт ордог. Аймгийн хөгжлийг илтгэх дагуул хоттой болох нь?

-Бүтээн  байгуулалтаас хамгийн их хожих хүмүүс бол Төв аймгийн иргэд. Дэлхийн стандартад нийцсэн ойрхон хот бий боллоо. Төлөвлөлтийг дагаад дэлхийн стандартын сургууль, эмнэлэг ирж суурьших хүсэлтээ илэрхийлж байгаа. Дэд бүтэц болоод  ажлын байр гаргахад хамгийн түрүүнд Төв аймгийн иргэдэд давуу тал бий болно.

-Бид энэ цаг үед амьдарч байгаа азтай хүмүүс юм. Ямар өдөр бүр хот баригдаад байх биш?

-Тийм шүү. Шинэ зүйлийг анхнаас нь хийж, бүтээлцэж, гар бие оролцож байгаараа бид азтай. Хэдийгээр бид хотыг хөрсөн дээр барьж эхлээгүй ч  Майдар аль хэзээний дэлхий нийтэд танигдсан. Тэр дундаа Европт болж байгаа барилга, бүтээн байгуулалттай холбоотой хурал, чуулганд Майдар хотын  төлөвлөлтийг жишээ болгож ярьдаг. Нүүдэлчин соёл иргэншлээсээ авч үлдэх боломжтой бүх давуу зүйлээ, орчин цагийн технологитой уялдуулж, хот төлөвлөлтийг барина. Үүгээр бид дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Нүүдэлчин ахуйгаа үр хүүхэддээ яаж өвлүүлэх вэ гэдгээ ч тусгаж өгсөн. Хотынхоо эргэн тойронд хөдөө аж ахуйн бүсийг төлөвлөж өгсөн. Морин тойруулга, газар тариалангийн бүсийг бий болгосон.

-Усан хангамжийн асууд­лыг хэрхэн шийдэж бай­на вэ. Гүний усыг гамгүй хэрэглэснээр усны хомсдолд орж болзошгүй аюул бидний өмнө байгаа?

-Хот барих газрын сонголтод манайхан их өрөөсгөл ойлголттой. Ус ихтэй, хөрс сайтай газар хотыг барьдаг гэж бодоод байна. Бусад орнууд шим тэжээлтэй хөрсөө хөдөө аж ахуй болон газар тариаландаа авч үлддэг. Хот барихаар тодорхой хэмжээнд байгаль орчинг хөнддөг. Үр шимтэй сайхан газар нутгаа сонгож авах шаардлагагүй.  Бид гүний усаараа бүх хэрэглээгээ хангаад байна. Гүний ус ямар их үнэ цэнтэйг хараахан үнэлж сураагүй байна. Гүний усаа нойлдоо хэрэглээд байх нь зохисгүй. Энэ бол хязгаарлагдмал баялгийн нэг. Бид аль болох гүний усанд бага халдаж, хур тунадасны усыг хуримтлуулж аваад,  дахин ашиглана. Саарал усыг түлхүү ашиглах юм.